Мэдээлэл болон ардчиллын форум (Forum on Information and Democracy -аас хиймэл оюун ухааныг нийгмийн ардчиллын тусын тулд хэрхэн, зөв зохистой ашиглах талаар цогц бодлогын баримт бичгийг гаргажээ. Бодлогын баримт бичгийг 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд танилцуулсан байна.
Хиймэл оюун ухааны системийг хараа хяналтгүйгээр ашгийн талбар болгож, түүний нийгэм, ардчиллын нийтлэг үнэт зүйлст үзүүлэх нөлөөг доройтуулж буйн эсрэг ардчиллын хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй байгааг юун түрүүнд анхааруулжээ.
Хэрэглээнд улам бүр нэвтэрч байгаа хиймэл оюун ухааныг хэрхэн зөв зохистой, нийгэмд аюулгүй байдлаар хэрэглэх тухай зөвлөмж, сануулгыг дэлхийн улс орнуудын Засгийн газар, бүс нутгийн байгууллагууд гаргасаар байна. Тухайлбал, Европын Холбооноос гаргасан Хиймэл оюун ухааны тухай хууль, АНУ-ын Цагаан ордноос гаргасан Хиймэл оюун ухааны талаарх захирамж зэрэг бодлогын баримт бичгүүдээр дамжуулан хиймэл оюун ухааныг хөгжүүлж, ардчилалд үр өгөөжтэй байхуйцаар удирдан чиглүүлэхийг эрмэлзэж байна.
Хиймэл оюун ухаан нь улс төрийн үйл явцад хор хөнөөл учруулах үр дагавартай байж болохыг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байгааг Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага анхааруулж байна.
“Улстөрчдийг ашиглан хуурамч бичлэг, эвлүүлэг хийх нь сонгогчдын саналд нөлөөлж, хиймэл оюун ухаанаар зөрчилдөөн, хямралыг дэвэргэхүйц контент бүтээн, түгээх эрсдэл тулгарч байна. Сонгуулийн талаар буруу ташаа мэдээллийг чатботуудын тусламжтайгаар хэдийнэ түгээсэн. Хиймэл оюун ухаан нь нийгэмд оршин буй тэгш бус байдал, соёлын ноёрхлыг сэргээж, ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл хандлагыг бий болгодог. Үүнээс гадна, мэдээ бүтээх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглагдаагүй боломжуудыг бүрдүүлдэг. Хиймэл оюун ухааныг ардчиллын зарчмаар удирдан чиглүүлсэн нөхцөлд л нийтийн эрх ашигт нийцэж чадна” хэмээн Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагын мэдээнд дурджээ.
Мэдээлэл болон ардчиллын форумын Гүйцэтгэх захирал Майкл Бонк “Технологийн компаниудын энэ чиглэлийн хөгжлийн бодлогыг атгах, хэлэлцэх асуудлыг тогтоох явдлыг ардчилсан улс орнуудын зүгээс таслан зогсоох нь зүйтэй. Зөвхөн хэрэглэгчид төдийгүй дэлхийн бүх хүн ардад үнэ цэнийг бий болгох, ардчилалд ээлтэй мэдээлэл, дэлхий нийтийн харилцааны орон зайг бүрдүүлэх шийдлүүд бий. Өнөөдөр бидний танилцуулж буй эдгээр шийдлээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэн, нэвтрүүлж буй компаниудыг ардчилсан зарчмыг хэрэгжүүлэхийг урамшуулан дэмжих, хиймэл оюун ухааныг ёс зүйтэйгээр хөгжүүлэх, ашиглахад түлхэц үзүүлэх арга хэмжээг санал болгох, мөн эгэх хариуцлага, засаглал, хяналтын цар хүрээг тогтоох цогц тогтолцоо бүрдүүлэхийг уриалж байна. Үүнийг шударга худалдааны хиймэл оюун ухаан гэнэ” хэмээн мэдэгдлээ.
Төрөл бүрийн салбар, бүс нутгийг төлөөлсөн 14 гишүүний бүрэлдэхүүнтэй баг хамтын оролцоонд тулгуурлан, зөвлөлдөх аргаар боловсруулсан энэхүү бодлогын баримт бичиг нь хиймэл оюун ухаанаар мэдээллийн халдашгүй, бүрэн бүтэн байдал болоод найдвартай мэдээлэл авах эрхийг дэмжих шинэлэг шийдлүүдийг санал болгож байна.
“Мэдээлэлтэй байх эрх, тайлбар авах эрх, сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангасан эрхэд суурилсан хандлагыг бий болгохын зэрэгцээ хиймэл оюун ухааны хэлхээ холбоо, амьдралын мөчлөгийн турш зохих хариуцлага, эгэх хариуцлагын тогтолцоо бүрдүүлэхийг бид уриалж байна” гэж багийн ахлагч, Бразилийн Хөгжил, боловсрол, судалгааны хүрээлэнгийн хуулийн профессор Лаура Шертел Мендес хэлэв.
“Уг технологи нь байнга хөгжин дэвшиж байгаа хэдий ч хиймэл оюун ухааныг залилан мэхлэх зорилгоор ашиглахад төвөгтэй болгох, туйлшрал, өрөөсгөл мэдээлэл зэрэг үр дагавраас хамгаалах арга техник байдаг билээ. Бидний өмнө хиймэл оюун ухаан хөгжүүлэгч, хэрэгжүүлэгчдийн шилдэг туршлагыг, тэр дундаа системийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Мөн тэдгээр системийг судлах, тохирлыг нь шалган баталгаажуулах, компаниудыг хариуцлагажуулахын тулд хөндлөнгийн судлаачид, зохицуулах байгууллагуудад нэвтрэх эрх олгох нь зүйтэй” гэж багийн хамтран ахлагч, Беркли дахь Калифорнийн Их сургуулийн судалгааны төвийн ахлах эрдэмтэн Жонатан Стрей хэлэв.
Бодлогын зөвлөмжид контентын жинхэнэ байдал, гарал үүслийн хэмжүүрийг тогтоох, хиймэл оюун ухаан бүхий “шударга худалдаа”-ны системийг ялган тэмдэглэх, хиймэл оюун ухааны систем, түүний ашиглалтын ил тод байдлыг хангах зэргээр мэдээллийн орон зайд итгэх итгэлийг бэхжүүлэх арга хэмжээг тусгасан. Түүнчлэн, хиймэл оюун ухааны системийг бүтээн, турших талаарх дүрэм журам, шалгуур үзүүлэлт, чиглүүлэн удирдах дүрэм журмыг шийдвэрлэхдээ хамтын оролцоонд тулгуурласан зөвлөлдөх үйл явцыг хэрэгжүүлэхийг уриалсан. Оршин буй тэгш бус байдлыг гагцхүү иргэний нийгэм, сэтгүүлчид, судлаачид болон дийлэнх олонхийн оролцоотойгоор эсэргүүцэн сөрж, хиймэл оюун ухааны систем нь дэлхий нийтийн мэдээлэл, харилцаа холбооны ардчилсан орон зайг дэмжиж, бүх нийтэд үйлчлэх явдлыг хангах боломж бүрдэнэ хэмээн Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагын мэдээнд онцолжээ.
А.ҮЛЭМЖ





Leave a comment