76 гишүүнтэй парламентын сүүлчийн чуулган өнөөдөр /2024.03.15/ нээгдлээ. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын эрх барих дээд байгууллага болох УИХ 76 мандаттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин өнгөрсөн 2023 онд МАН-ын үнэмлэхүй олонхи бүхий УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж мандатын тоог 126 болгож нэмэгдүүлсэн. Энэ дагуу 126 мандаттай УИХ-ыг Монголын сонгогчид ирэх зургадугаар сарын 28-нд сонгоно.

УИХ-ын гишүүдийн тоо ийнхүү нэмэгдэж байгаатай холбоотойгоор УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох нэгдсэн чуулганы хуралдаан явагддаг “Их хуралдай” танхимыг шинэчлэн засварлаж байгаа учраас 76-гийн отгон чуулган “Их эзэн Чингис хаан” танхимд чихцэлдэнхэн эхэллээ. Нийслэл Улаанбаатар хотын зарим дүүргийн сургуулиудын анги дүүргэлтийн тоо 50-60-д хүрч нэг ширээнд 3-4 хүүхэд чихцэлдэн суудаг зовлонг сүүлчийн 76 ийнхүү бие дээрээ мэдрэх бололтой.

Сонгуулийн нэг циклийн УИХ-ын сүүлийн чуулганыг нээж хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын үгийг өнгөрсөн 4 жилийн ажлын тайлан гэж ойлгож болно. “Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна. Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч тогтолцоо, засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засаж залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн спикер дүгнэжээ.

Томсгосон парламентын анхны сонгуулийн сурталчилгааны нэг индэр нь энэхүү отгон чуулган байх болно. 202О онд УИХ-д сонгогдсон 76-гийн олонх нь ирэх зургадугаар сарын сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа нь нууц биш. Мандатын тоог нэмснээс гадна тойргийг томсгосон нь 126 мандаттай парламентад өрсөлдөх хүмүүс сонгуулийн сурталчилгаагаа илүү том орон зайд хийх шаардлагыг тулгаад буй. Өмнөх тогтолцоогоор нэг аймаг нэг тойрог байсан бол одоо газар зүйн байрлалаар 2-3 аймаг, нийслэлийн дүүргийг нийлүүлэн нэг тойрог болгож байгаа юм. Ийм нөхцөлд одоогийн 76-гийн хувьд УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь сонгуулийн сурталчилгааг хямд төсөр хийх давуу боломжийг олгож байгаа. УИХ-ын даргын нээлтийн үгээс ч түүний сонгуулийн сурталчилгааг харж болно. Г.Занданшатар дарга сүүлийн саруудад “цэгцрэх хөдөлгөөн” гэсэн үгийг сонгуулийн сурталчилгааныхаа танигдах үг болгон хэрэглэж, толгой үсгээр ялган бичиж, үүнийгээ тайлбарласан контентуудыг бэлтгэн түгээж байгаа. Хаврын чуулганы нээлтийн үгэнд ч спикер “цэгцрэх хөдөлгөөн”-өө харамгүй сурталчлаад амжлаа.  “Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр НЭГ МОНГОЛ болж нэгдэх, НЭГ ЗҮГ-т хамтдаа харах, ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН-ийг дэмжин түрж, ШИНЭ СЭРГЭЛТ-ийг хамтдаа бүтээхийг Улсын Их Хурлын Эрхэм гишүүд, нийт ард түмэндээ уриалъя” гэсэн өгүүлбэрээр нээлтийн үгээ өндөрлөсөн.  

Хаврын чуулганы энэ хэсэгхэн хугацаанд 3-4 нээлттэй сонсгол хийхээр төлөвлөсөн ч гэсэн гишүүдийн сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг юм. Энэ удаагийн чуулганы хугацаанд Эмийн чанарын асуудлаар, Газар олголтын асуудлаар, Ногоон автобусны асуудлаар, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар нээлттэй сонсгол хийх гэж байна.

Эдгээр нээлттэй сонсголыг хийхийн зэрэгцээ хаврын чуулганаар 40 гаруй асуудал хэлэлцэх товтой.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending