Монгол Улс энэ ондоо багтан Евразийн Эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) Чөлөөт худалдааны түр хугацааны угтвар гэрээ байгуулах боломжтой хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн 2023 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 25 дугаар хуралдаанаар Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны бүс байгуулах талаарх түр хугацааны угтвар гэрээг боловсруулах ажлыг идэвхжүүлэхээр тохиролцсон тухай уг хуралдааныг Оросын талаас даргалсан Шадар сайд хатагтай Виктория Абрамченко сэтгүүлчдэд мэдээлж байсан.

Элчин сайд А.Евсиковын хэлснээр өнгөрсөн хугацаанд хоёр тал энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд “энэ хурдаараа явбал ирэх тавдугаар сард болох ЕАЭЗХ-ны гишүүдийн ээлжит хурлаар төслийн баримт бичгийг дэмжээд, арванхоёрдугаар сард болох Дээд зөвлөлийн хурлаар гарын үсэг зурах боломжтой” гэжээ.

Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-д айлчилж, хэд хэдэн албан уулзалт хийсний нэг нь ЕАЭЗХ-ны зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзсан. Тэрбээр энэ оны 2-р сарын 1-нээс зөвлөлийг тэргүүлж байгаа юм. Уулзалтын үеэр түр хугацааны угтвар гэрээний талаар санал солилцсон байна.

ОХУ, Казахстан, Кыргызстан, Беларус, Армян улсыг нэгтгэсэн ЕАЭЗХ-той Монгол Улс 2015 онд Хамтын ажиллагааны санамж бичиг зурсан ч өнөөг хүртэл бодит хамтын ажиллагаа багатай явж ирсэн. ЕАЭЗХ-ны гишүүн улсууд хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр үйлчилж, гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэгждэг.

Монголын бараа, бүтээгдэхүүнд ОХУ-ын зүгээс ногдуулж буй гаалийн тарифын өндөр хэмжээг бууруулах хүсэлтийг өнгөрсөн он жилүүдэд тавьж ирсэн ч үүний хариуд Монгол Улсыг энэхүү холбоонд элсэх хариу тайлбарыг оросууд сөргүүлэн тавьсаар ирсэн.

Энэ талаар Элчин сайд А.Евсиков дараах тайлбарыг ярилцлагадаа хэлсэн байна. Тухайлбал, “Монгол Улс ЕАЭЗХ-г сонирхож байгаагаа аль 2015 онд илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар болон ЕАЭЗХ-ны хооронд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар яригдаж ирсэн. Гишүүн орнуудын нэгдсэн нэг гаалийн орон зай бол ЕАЭЗХ-ны үндсэн суурь зарчмын нэг юм. Гэтэл монгол түнш маань гэнэт зөвхөн ОХУ-тай импортын татвар болон гаалийн тарифыг тэглэх талаар шаардаж эхэлсэн. Гэтэл манай улсын гадаад худалдааны гаалийн дэглэм нь ЕАЭЗХ-ны гишүүн 5 орны нэгдмэл бодлогоор зохицуулагдаж байгаа. Эцэст нь бидний тайлбарыг монголчууд сонсч улмаар өнгөрсөн онд түр хугацааны угтвар гэрээ байгуулах харилцан ойлголцолд хүрсэн. Гэрээг 3 жилийн хугацаатай байгуулахаар яригдаж байна. Хэлэлцээрийн хүрээнд 100 гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, заримыг тэглэх талаар яригдаж байгаагийн дотор Монголын экспортын уламжлалт бараа, бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноосон болон ноолууран эдлэл, арьсан бүтээгдэхүүн багтаж байна. Хэлэлцээрийн явц одоогийн хурдаараа явбал ЕАЭЗХ-ны шинжээчдийн үзэж байгаагаар ирэх 5-р сард болох ЕАЭЗХ-ны гишүүдийн ээлжит хурлаар гэрээний төслийн баримт бичгийг сайшаан дэмжээд, 12-р сард болох Дээд зөвлөлийн хурлаар гарын үсэг зурах боломжтой. Ингэснээр 2025 он гэхэд Монгол Улс хэлэлцээрт заагдсан бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-ыг оролцуулаад ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээл рүү хөнгөлттөй нөхцөлөөр нийлүүлэх боломжтой болно” хэмээн ярьжээ.

Гэхдээ мах болон махан бүтээгдэхүүний экспорт хийхийн тулд Монголын тал багагүй хичээл зүтгэл гаргах шаардлагатай гэдгийг Элчин сайд онцолжээ. “Монголын мах болон махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаж байгаа эсэх тал дээр Монголын тал баталгаа одоогоор өгч чадахгүй байгаа. Монголын холбогдох байгууллага идэвхтэй ажиллан, малын гоц халдварт өвчний хяналт шалгалт, вакцинжуулалтын талаарх мэдээллээ өгвөл Оросын тал хамтран ажиллахад бэлэн байна. ОХУ-ын зүгээс энэ жил арилжааны шугамаар 10 сая тун вакцин нийлүүлэх гэж байна” хэмээн хэлжээ.

А.ҮЛЭМЖ

One response to “ОХУ РУУ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭКСПОРТ ХИЙХ БОЛОМЖ ОЙРТОЖ БАЙНА”

  1. […] сард ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа гэрээг 2024 ондоо […]

    Like

Leave a comment

Trending