УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд товлогдоод буй. Сонгуульд өрсөлдөх хүсэлтэй намууд хуульд заасан хугацаандаа сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлээд байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрийг эцэслэн хянаж, намуудад мэдэгдэх хугацаа нь дөрөвдүгээр сарын 26 юм.

Үндэсний Аудитын газарт улс төрийн 27 нам, 2 эвсэл, нийт 29 субъект мөрийн хөтөлбөрөө хянуулж байна.

Харин өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нд сонгогчийн нэрсийн жагсаалтыг УБЕГ цахим хуудсандаа байршууллаа. Иргэд өөрсдийн нэрийг жагсаалтад буй эсэхээ цахимаар орж шалгаж болох юм. Үндэсний Статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад сонгуулийн насны 2,230,101 иргэн байна.

Энэ удаагийн сонгууль бол УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль юм. Өмнөх сонгуулиудын ирцийн мэдээллийг харвал,

1992 оны сонгуулийн ирц 95.6%

1996 оны сонгуулийн ирц 92.1%

2000 оны сонгуулийн ирц 82.4%

2004 оны сонгуулийн ирц 82.2%

2008 оны сонгуулийн ирц 76.46%

2012 оны сонгуулийн ирц 67.28%

2016 оны сонгуулийн ирц 72.1%

2020 оны сонгуулийн ирц 73.65%

Өмнөх сонгуулиудын ирцийн дунджаас баримжаалж үзвэл ирэх зургадугаар сарын 28-нд сонгогчдын 70 орчим хувь санал өгөхөөр байна.

Эну удаагийн сонгууль томсгосон тойрогт, холимог системээр, нийт 126 мандаттайгаар явагдах онцлогтой байгаа. Сонгогчийн санал өгөх хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэгт намуудын нэр дэвшигчдийн нэрс, хоёр дахь хэсэгт сонгуульд оролцож буй нам, эвслийн нэрс байх юм.

Эхний хэсгээс сонгогч өөрийн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигчийг дугуйлах бол, хоёр дахь хэсгээр сонгогч өөрийн дэмжиж буй улс төрийн нам, хүчний 1 нэрийг дугуйлах ёстой.

Үндсэн хуулийн сүүлийн өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.3.2-т “УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. “Хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) арга” гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно” гэж заасан нь саналын хуудсын хоёр дахь хэсэгт тусгагдсан гэсэн үг.

Тойргийн мандатын тоо хүн амын тооноос хамаар харилцан адилгүй, хамгийн багадаа 2, дээд талдаа 10 мандаттай байх юм. Үүнд,

1-р тойрог: Архангай, Баянхонгор, Өвөрхангай-  9 мандат

2-р тойрог: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд- 10 мандат

3-р тойрог: Баян-Өлгий- 3 мандат

4-р тойрог: Булган, Орхон, Хөвсгөл- 8 мандат

5-р тойрог: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв- 10 мандат

6-р тойрог: Дорнод, Сүхбаатар, Хэнтий- 7 мандат

7-р тойрог: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь- 7 мандат

8-р тойрог: Баянзүрх дүүрэг- 5 мандат

9-р тойрог: Баянгол дүүрэг- 3 мандат

10-р тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг- 6 мандат

11-р тойрог: Сонгинохайрхан дүүрэг- 5 мандат

12-р тойрог: Хан-Уул дүүрэг- 3 мандат

13-р тойрог: Багануур, Багахангай, Налайх дүүрэг- 2 мандат.

Ийнхүү тойргоос буюу мажоритараар 78 гишүүнийг сонгож, үлдсэн 48 мандатыг нам, хүчнүүдийн авсан саналын тоо, хувьд харгалзан суудал хуваарилна. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан эсэхийг үндэслэнэ. Үүнд,

-Тухайн нам, эвсэл тойргийн нийт 78 мандатын 50 буюу түүнээс дээш хувь буюу 39-өөс доошгүй нэр дэвшигчийг нэр заан Сонгуулийн мандаттай тойрогт дэвшүүлсэн байвал,

-Тухайн нам дангаараа сонгуульд оролцсон бол сонгогчийн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал /энэ удаагийн сонгуульд 27 нам тус бүр ойролцоогоор 64 мянгаас олон санал/ авсан байвал,

-Тухайн хоёр нам бүхий Эвсэл сонгогчийн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал /энэ удаагийн сонгуульд 2 эвсэл тус бүр ойролцоогоор 80 мянгаас олон санал/ авсан байвал УИХ-ын 48 гишүүний жагсаалтын суудлаас тодорхой тоогоор хуваарилагдах эрх нээгдэнэ.

Сонгуулийн ерөнхий хороо юуны түрүүнд санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана. Дараа нь дээр дурдсан 74.2-т заасан шаардлага хангасан жагсаалт дахь нам, эвслүүдэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.3.2, мөн 74.3.3, мөн 74.3.4, мөн 74.3.5-д заасан аргачлалаар 48 суудлыг бүгдийг хуваарилна.

Сонгуулийн ирцийн хувиас хамааран нам, эвслийн босгод хамаарах сонгогчийн хувь хэлбэлзэнэ. Тухайлбал, ирц 60% болоход нам, эвслийн нийт сонгогчоос авах 4 хувь, 5 хувийн босго 48 мянга, 60 мянга болон буурч хэлбэлзэнэ. Сонгуулийн ирц 90 хувь хүрвэл эсрэгээрээ эдгээр тоо өсч болно.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд Саналын хуудаст улс төрийн нам, эвслийн нэрийн дарааллыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлахаар заасан байдаг. Тухайлбал, 60.1.1-д намын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, 60.1.2-т эвслийн нэрийг тухайн эвсэлд нэгдсэн орсон намуудаас хамгийн түрүүнд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар, 60.1.3-т нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийг тухайн нам, эвслээс тойрогт ирүүлсэн дарааллаар бичнэ гэж заасан.

Хуулийн эдгээр заалтын дагуу энэ удаагийн сонгуулийн саналын хуудсанд нам, эвслүүд дараах байдлаар эрэмбэлэгдэхээр байна. Үүнд,  

1. Монгол Ардын нам, дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /1921.3.1-нд байгуулсан/

2. Ардчилсан нам, дарга УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр /1990.5-р сард байгуулсан/

3. “Үндэсний эвсэл” эвсэл, тэргүүн Н.Номтойбаяр. О.Бум-Ялагч даргатай Монголын Ногоон Нам (МНН, 1990.5.13-нд байгуулсан), Б.Цогтгэрэл даргатай Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН, 2006.5.19-нд байгуулсан), хоёр намын хамтран байгуулсан эвсэл.

4. Иргэний Зориг- Ногоон нам, дарга УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар /2002 онд БНН-тай нэгдэж Иргэний зориг-Бүгд найрамдах нам болсон ч 2006 онд буцаад ИЗН болсон. 2012 онд Монголын ногоон намын нэг хэсэгтэй нэгдэж ИЗНН болсон/

5. “Шинэ нэгдсэн эвсэл” эвсэл, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам (МУНН, 1993.12.5-нд байгуулсан), Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам (ШИНЭН, 2019.6.6-нд байгуулсан), хоёр намын хамтран байгуулсан эвсэл.

6. Монголын Либерал Ардчилсан нам, дарга Д.Пүрэвдаваа /1998.3.5-нд байгуулсан/

7. Эх орон нам, дарга УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат /1998.12.16-нд байгуулсан/

8. Монголын Либерал нам, дарга Э.Оргил /1999.12.17-нд байгуулсан/

9. Бүгд найрамдах нам, дарга УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан /1992.4.7-нд анх байгуулсан. 2002 онд ИЗНН-тай нэгдэж, дараа нь 2004 онд өрх тусгаарлаж 2006 онд УДШ-д шинээр бүртгүүлсэн/

10. Монголын Социал Демократ нам, дарга УИХ-ын гишүүн асан А.Ганбаатар /2004.12.19-нд байгуулсан/

11. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, дарга Ш.Төмөрсүх /2006.10.9-нд байгуулсан/

12. Иргэний хөдөлгөөний нам, дарга Ө.Баяраа /2007.8.17-нд байгуулсан/

13. Хөгжлийн хөтөлбөрийн нам, дарга О.Заяа /2007.10.28-нд байгуулсан/

14. ХҮН нам, дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд /2011.12.5-нд байгуулсан/

15. Эх орончдын нэгдсэн нам, дарга Г.Ганбат /2012.3.12-нд байгуулсан/

16. Монгол Консерватив нам, дарга Н.Дашдаваа /2012.6.20-нд байгуулсан/

17. Ард түмний хүч нам, дарга УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай /2015.4.20-нд байгуулсан/

18. Монголын хүний төлөө нам, дарга Х.Бат-Ялалт /2017.2.17-нд байгуулсан/

19. Үнэн ба зөв нам, дарга А.Отгонбаатар /2017.3.10-нд байгуулсан/

20. Эрх чөлөөний эвсэл нам/Зон олны нам/, дарга Б.Цацрал /2017.6.12-нд байгуулсан/

21. Дэлхийн монголчууд нам, дарга Г.Тэмүүжин /2018.3.5-нд байгуулсан/

22. Ард түмний Олонхийн засаглал  нам, дарга А.Батдорж /2018.8.26-нд байгуулсан/

23. Их эв нам, дарга З.Бат-Отгон /2018.9.29-нд байгуулсан/

24. Монгол шинэчлэлт нам, дарга Н.Жамсран /2018.10.19-нд байгуулсан/

25. Гэр хороолол хөгжлийн нам, дарга Б.Батсүх /2018.11.28-нд байгуулсан/

26. Зүй Ёс нам, дарга Б.Насанбилэг /2019.6.8-нд байгуулсан/

27. Ардчилал шинэчлэлийн нам, дарга Э.Бямбацэрэн /2019.12.18-нд байгуулсан/

28. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам, дарга УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл /2022.06.10-нд байгуулсан/

29. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, дарга Б.Жагар /2023.2.18-нд байгуулсан/

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending