Ардчиллын суурь зарчмуудын нэг болсон чөлөөт хэвлэл МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглал дор, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаглал дор эргэн социализмын үеийн үзэл суртлын хэвлэл мэдээлэл болон хувирч байна.
Ковидын хөл хорионы үед “Мэдээллийн урсгал” нэртэй мэдээллийн хөтөлбөрийг нэгэн зэрэг 8-9 телевизээр нэвтрүүлж, Засгийн газрын үйл ажиллагааг магтсан, нэг талын эх сурвалж, байр суурьтай нэвтрүүлгийг гэртээ хоригдсон хүмүүст хүчээр үзүүлж байсан. МАН-ын хэвлэл мэдээллийг үзэл сурталд ашиглах байдал сонгууль дөхсөн энэ үед улам гаарч байна.
Хориодхон хоногийн өмнө “Улаанбаатараас ярьж байна” нэртэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн пиарын нэвтрүүлэг телевизийн 16 сувгаар Бямба, Ням гаригт цацагдсан. Уг нэвтрүүлгээр Монголын Ардчилсан холбооны анхны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг “улс төрийн аллага” гэж дүгнээд, аллагын учир шалтгаан Ардчилсан намынханд байгаа гэсэн мессежийг олон нийтэд өгсөн.
Тэгвэл энэ нэвтрүүлгийн цуврал гэж хэлж болох С.Зориг агсны эхнэр Б.Булганы ярилцлагыг дөрөвдүгээр сарын 20-21-ний амралтын өдрүүдээр мөн адил телевизийн 15-16 сувгаар цацлаа. Дөрөвдүгээр сарын 20 бол С.Зориг агсны төрсөн өдөр бөгөөд бусдын гарт цаг бусаар, хэрцгийгээр алагдсан 1998 оноос хойш ар гэр, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь Төв шуудангийн өмнөх талбайд байдаг С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дурсан санадаг. Ийм өдрийг тааруулан Б.Булганы ярилцлагыг цацахаар тооцоолсон нь хар пиарын хүнлэг бус технологи. Б.Булганы 26 жилийн эцэст анх удаа ил тодоор олон нийтийн өмнө ам нээсэн нь энэ бөгөөд С.Зориг агсныг бүрэлгэсэн хэрэгт буруутай этгээдүүд намын нөхөд нь хэмээн Л.Оюун-Эрдэнийн мессежийг бататган лавшрууллаа. Энэ сценариар цуврал явах бол алуурчныг илрүүлсэн нэвтрүүлэг сонгуулийн өмнө цацагдах нь.
Монголын хэвлэл мэдээлэл МА(Х)Н-ын үзэл суртлын зэвсэг байж, намын цензураар хянагдан зөвшөөрөгдсөн үг, үсэг, өгүүлбэрийг нийтэлдэг байсан чөдөртэй үеэсээ салаад өнгөрсөн 30 жилд алдаа, оноотой явсаар өнөөг хүрсэн. Өнгөрсөн жилүүд хэдий алдаа, оноотой байсан ч ямар ч гэсэн хөгжлийн зүг зугуухан явж, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхээ эдэлж ирсэн.
УИХ-аас 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар төрөөс хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд аливаа цензур тогтоох болон санхүүжүүлэхийг хориглосон. Энэхүү хуулийг дагалдан гарсан УИХ-ын тогтоолоор тухайн үед төрийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувьчлах, олон нийтийн болгох тухай заасан байдаг. Тухайлбал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг хувьчлах, Монгол Телевиз, Монголын радио, МОНЦАМЭ агентлагийг олон нийтийн болгохыг уг тогтоолд дурдсан байдаг. Энэ дагуу “Ардын эрх” болон “Засгийн газрын мэдээ” сонинууд хувьлагдаж, Монгол Телевиз, Монголын Радио нь эдүгээ олон нийтийн статустай болсон. Харин МОНЦАМЭ агентлаг өнөөг хүртэл хууль зөрчин төрөөс санхүүжсэн хэвээр байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар Монголд мэдээллийн үйл ажиллагаа явуулж байгаа хэрэгслүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшилд хамаарч байна. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2023 оны судалгаагаар Монголд 451 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаагаас 115 телевиз, 43 сэтгүүл, 59 сонин, 46 радио, 118 онлайн мэдээллийн хэрэгсэл байгаа бөгөөд эзэмшлийн хувьд сонины 63 хувь, сэтгүүл 50 хувь, радио 72 хувь, телевиз 90 хувь, мэдээллийн сайтын 86 хувь нь хувийн хэвшилд харъяалагдаж байна.
Эзэмшлийн хувь хэмжээг харахад төрийн дуу хоолой болоод байхааргүй, чөлөөтэй, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломж бүрэн бүрдсэн мэт харагдаж байгаа ч 450 гаруй эдгээр мэдээллийн хэрэгсэл бүгд санхүүгийн хувьд биеэ даасан гэж хэлэхээргүй байгаа юм. Тооны хувьд аваад үзсэн ч 3.5 сая хүн амд ахадмаар олон мэдээллийн редакц ажиллаж байна. Эдгээр мэдээллийн хэрэгслүүд хэрхэн санхүүжиж, бизнесийн хувьд бэхжих боломж байгаа эсэх талаар хийгдсэн тоймтой дүн шинжилгээ, судалгаа байхгүй. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд мэдээлэл авдаг болсноос хойш хэвлэлийн салбарын зар сурталчилгаа олон нийтийн сүлжээ рүү шилжсэн. Ийм нөхцөлд хэвлэлийн редакцууд санхүүгийн хүнд байдалд орсон нь нууц биш бөгөөд чухамхүү дутагдаж байгаа санхүүгээр дэмжих замаар хэвлэлийн амыг барих, хүссэнээ нийтлэх, нэвтрүүлэх аргад шилжээд байгаа нь эхэнд өгүүлсэн нэвтрүүлгүүд юм. Ийнхүү социализмын үеийн цензур мөнгөөр дамжин Монголын хэвлэл мэдээллийн салбарт эргэн ирж, үзэл суртлын зэвсэг болгож эхлээд байна.
Ходоодоороо санал өгдөг сонгогчид хэмээн бичдэг сэтгүүлчид ийнхүү өөрсдөө ходоодоороо салбараа худалддаг боллоо. Энэ байдал зөвхөн хэвлэл мэдээллийн салбар биш Монголын ардчилалд нэн муу үр дагавартай.
Д.НАРАНТУЯА





Leave a comment