ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ “ОХУ-д Монгол Улсыг сурталчлах 7 хоногийн аян”-ыг 2024 оны дөрөвдүгээр сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулж, олон талын арга хэмжээг зохион байгуулжээ.

2024 оны 4-р сарын 24-ны өдөр Монгол Улсын ЭСЯ-ны Номын сангийн дэргэдэх Оюутны хөгжлийн төвд “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний орон зай: Төв Еврази дахь Орос, Монгол” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг ОХУ-ын ШУА-ийн Холбооны шинжлэх ухааны судалгааны төвийн Социологийн хүрээлэнгийн Улс төр судлал, улс төрийн социологийн төвтэй хамтран зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт, ОХУ-ын улс төрийн шинжлэх ухааны доктор, монгол судлаач А.С.Железняков нар нээлээ.

Монгол судлаач А.С.Железняков нээлтийн үгэндээ “2024 он бол Монгол-Оросын харилцааны хөгжлийн түүхэнд мартагдашгүй он цаг, тэмдэглэлт ойгоор дүүрэн жил байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд улс төрийн болон соёл иргэншлийн ландшафтад нөлөөлж буй томоохон өөрчлөлтүүд өрнөж байна. Тийм ч учраас Монгол, Орос хоёр орны соёл иргэншлийн болон улс төрийн хөгжил, тэдгээрийн Төв Евразийн бүс дэх харилцан үйлчлэл, хамтын ажиллагаа гэх мэт сэдвүүдийг цаашдаа улам өргөн хүрээнд дэлгэрүүлэн судлах нь чухал“ хэмээн тэмдэглэсэн байна.

Дугуй ширээний ярилцлагын хүрээнд “Оросын хил дамнасан хөгжлийн нийгмийн асуудал. Буриад, Тувагийн бүгд найрамдах улсын жишээн дээр”,  “Монгол соёл иргэншил түүх ба орчин үе атласын онолын үндэслэл” номын танилцуулга, “Азийн лугшилттай Ром: Хоосон байдлын үнэ цэнэ ба эмзэг байдлын тухай”, “Гурвалжин Орос-Монгол-Хятад: Соёл иргэншил, геополитикийн хэмжигдэхүүн”, “Орос соёл иргэншил өнөө үеийн сорилтуудын өмнө”, “Орос, Монгол, Хятадын соёл иргэншлийн харилцан үйлчлэл дэх буддизм” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавигдаж, арга хэмжээнд оролцогчид энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 2024 оны 4-р сарын 23-ны өдөр ЭСЯ-ны Номын сангийн дэргэдэх Оюутны хөгжлийн төвд монгол судлалаар суралцаж буй орос оюутнууд болон судлаачдын дунд зарласан “Богино өгүүллэг болон яруу найргийн орчуулга, эссе бичлэгийн уралдаан”-ы эцсийн шалгаруулалтыг явуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Шагнал гардуулах арга хэмжээнд Москва хотын Баруун хойд тойргийн Соёлын төвүүдийн нэгдлийн ерөнхий захирал С.Г.Конахевич, тус тойргийн Нэгдүгээр номын сангийн орлогч захирал Е.В.Смирнова, 242 дугаар салбар номын сангийн эрхлэгч Т.Ю.Елисеева нар хүрэлцэн ирж оролцон ЭСЯ-ны номын санд Оросын болон гадаадын хүүхдийн уран зохиол, танин мэдэхүйн сэдэвтэй 230 ном хандивлаж, Элчин сайд Ө.Энхтүвшинд номын дээжийг өргөн барив.

“Богино өгүүллэг болон яруу найргийн орчуулга, эссе бичлэгийн уралдаан”-ыг Монгол Улсын ГХЯ, Москва дахь Монгол Улсын ЭСЯ болон ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд Москва, Санкт-Петербург, Улаан-Үд зэрэг хотын их, дээд сургуулийн багш, оюутнууд идэвхтэй оролцлоо.

Богино өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс өгүүллэгийн сонголт, агуулга, үгийн сонголт, найруулга зүй зэрэг 4 шалгуур үзүүлэлтээр дүнг гаргахад тэргүүн байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Э.А.Эрдниева Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджавын “Тамга” өгүүллэгийн орчуулгаар, дэд байранд мөн тус сургуулийн 4-р курсийн оюутан Г.Кулиева зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номонд багтсан “Үлдэнэ” эссегийн орчуулгаар, гутгаар байранд Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн 4-р курсийн оюутан А.О.Климова зохиолч Э.Ганболдын “Алгын чинээхэн газар” өгүүллэгийн орчуулгаар тус тус шалгарав.

Тусгай байранд ОХУ-ын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн Утга зохиол, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор С.В.Шойбонова МЗЭ-ийн шагналт зохиолч С.Баттулгын “Тэнгэр үр” өгүүллэгийн орчуулгаар, Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн 4-р курсийн оюутан У.К.Махно Ардын уран зохиолч, төрийн соёрхолт С.Эрдэнийн “Намуун яриа” өгүүллэгийн орчуулгаар, Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн 4-р курсийн оюутан А.А.Клементьева Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Ц.Дамдинсүрэнгийн “Чөтгөр” өгүүллэгийн орчуулгаар тус тус шалгарлаа.

“Яруу найргийн орчуулга, эссе бичлэгийн уралдаан”-д Санкт-Петербургийн Их сургуулийн Дорно дахины факультетын 4 курсийн оюутан Е.Шахова Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г. Мэнд-Ооёогийн  “Цонхны наана, цаана” эссе, түүнчлэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Сумъяагийн “Нүүдэл” шүлгийн орчуулгаар Тэргүүн байр, Москвагийн Улсын их сургуулийн Ази Африкийн орнуудын дээд сургуулийн магистрант А.А.Анисимов “Монгол бичгүүдийн түүх” (монгол, орос хэл дээр) эссегээр Дэд байр, Москвагийн Улсын хэл шинжлэлийн улсын их сургуулийн 4 курсийн оюутан Э.А.Эрдниева “Ардын аман урлагийн өөрчлөлт: олон зууны туршид Халимаг соёлыг хадгалж, дасан зохицох нь” эссегээр Гутгаар байранд тус тус шалгарав.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending