Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин таатай, айдасгүй, итгэлтэй байх улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал нөлөөтэй. Тиймээс хөрөнгө оруулалтын болоод бизнесийн орчныг сайжруулах, тогтвортой байлгах амлалтыг үе үеийн УИХ, Засгийн газар өгсөөр ирсэн. Гэвч энэ амлалт тэр болгон биелж байгаагүй. Үүнийг нотлох хамгийн тод жишээ нь, 2012 оны хавар буюу тавдугаар сарын 17-нд УИХ-аас баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсан. Энэ хууль батлагдсанаас хойш Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт шууд татарч, орж ирсэн байсан хөрөнгө богино хугацаанд гадагшилж байсныг санаж байгаа байх. 2012 оны 4.2 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 онд хоёр дахин буурч 2 тэрбум, 2013 онд 200 сая ам.доллар болж байсан. Улмаар энэхүү хуулийг 2013 оны 10-р сард УИХ хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилсэн боловч хөрөнгө оруулалтын орчин хууль батлагдахаас өмнөх үе шиг түвшинд дахиж хүрээгүй юм. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос сар гаруйхны өмнө батлагдаж байсан.
Тэгвэл 2012 оныхтой төстэй нөхцөл байдал дахин бий болоод байна. УИХ өнгөрсөн 4-р сарын 19-ний өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нэг гол сэдэв болж байгаа энэхүү хууль батлагдсантай холбоотойгоор дагалдах хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулалтын орчныг муутгаж болзошгүй гэсэн зовинолыг хэв хэдэн эх сурвалж илэрхийлээд байна. Хууль батлагдсан даруйд эдгээр эх сурвалж байр сууриа илэрхийлсээр байсан ч 5-р сарын 1-ний өдөр хууль “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдсэнээр хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсад гадаад орны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг илэрхийлдэг танхимууд, тухайлбал, АНУ-ын Худалдааны танхимын Монгол дахь салбар болох Амчам, Европ-Монгол хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австралийн Худалдааны танхимын Монгол дахь төлөөлөгч зэрэг эх сурвалж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдан Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын орчныг муутгах эрсдэл байгааг хэлж байна.
Хуульд ямар өөрчлөлт орсон бэ?
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсэг:
“5.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.
5.8.Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хувьцаа, Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд энэ хуулийн 5.7 дахь хэсэг хамаарахгүй.”
2/9 дүгээр зүйлийн 9.1.16, 9.1.17 дахь заалт:
“9.1.16.энэ хуулийн 5.7-д заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийг удирдах, хуулийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхт төлөөлөгчийг томилох;
9.1.17.энэ хуулийн 9.1.16-д заасан бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн батлах.”
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг:
“5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.”
2/8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт:
“8.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох болон ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлыг шийдвэрлэх.”
3/9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалт:
“9.1.5.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;”
3 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/21 дүгээр зүйлийн 21.1.16 дахь заалт:
“21.1.16.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.5-д заасан орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлого.”
2/30 дугаар зүйлийн 30.14 дэх хэсэг:
“30.14.Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 4.1.5-д заасан орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд энэ зүйлд заасны дагуу албан татвар ногдуулахгүй.”
2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.10 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“30.10.Энэ хуулийн 30.4-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогод дараах хувь хэмжээгээр албан татвар ногдуулна:
30.10.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30 хувиар;
30.10.2.энэ хуулийн 30.10.1-д зааснаас бусад тохиолдолд 10 хувиар.”
3 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтын “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д” гэснийг “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т” гэж, 21.1.3 дахь заалтын “Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн” гэснийг “Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд улсын төсвөөс хуваарилсан орлого,” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтийг хөрөнгө оруулагчид хэд хэдэн үндэслэлээр шүүмжлэлтэй хандаж байна. Юун түрүүн, эдгээр өөрчлөлтийг оролцогч талуудтай санал солилцож, зөвшилцөөгүй, хоёрт, Хууль тогтоомжийн хуулийг зөрчиж, сонгуулийн өмнө яаралтай горимоор баталсан хэмээн буруутгаж байгаа юм.
Монголд хөрөнгө оруулагчийн дийлэнх нь буюу 70 гаруй хувь уул уурхайн салбарт байгаа бөгөөд энэхүү хуулийн өөрчлөлт нь юун түрүүн уул уурхайн салбарт нөлөөлөх нь ойлгомжтой болоод байна. Олон улсын аудитын байгууллагатай тохирчихсон байсан хөрөнгө оруулагчид гэрээ хэлцлээсээ буцсан, цуцалсан мэдээллүүд байгаа ажээ.
Ялангуяа 34 хувьтай холбоотой хуулийн заалтыг биелүүлээгүй тохиолдолд Засгийн газраас Бүрэн эрхэт төлөөлөгч томилохоор заасан нь илүүтэй болгоомжлол төрүүлж байгааг Амчам-ын Бодлогын зөвлөлийн захирал Г.Жавхлантөгс хэллээ.
“Стратегийн ордын 34 хувийг нэг хувьцаа эзэмшигч эзэмшиж болохгүй гэх заалт нь цаашид гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалгыг хааж байна. 34 хувиар хязгаарлачихаар хөрөнгө оруулагчид төслөө цаашид яаж авч явах тал дээр асуудалтай тулгарна. Мэдээж жижиг хөрөнгө оруулагчид орж ирж болох ч зөвшилцөл, удирдлагын тал дээр ойлгомжгүй зүйлс их гарна” хэмээн Г.Жавхлантөгс хэллээ.
Австралийн Худалдааны танхимын Монгол дахь төлөөлөгч Брэд Кларке “Хөрөнгө оруулалтын өрсөлдөөн ширүүн байгаа энэ үед бодлогын залгамж байдал чухал. Хөрөнгө оруулалт бол аль таатай байгаа газар руу урсдаг зүйл. Хөрөнгө оруулагчид түгшүүртэй байна” гэсэн бол Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Зандан “Үндэсний баялгийн сангийн хуулийг дэмжиж байгаа боловч баталсан хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд засаглалын асуудал чухал байдаг, Монгол улсын хувьд энэ нь хангалтгүй байгаа, хуулийн сүүлийн төслийг хэн ч харж амжаагүй баталлаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлэх алхам хийж байгаа нь төр бодлогоосоо ухарсан алхам болж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газрын болон удахгүй Улаанбаатар хотын гаргах бондуудыг үнэгүйдүүлэх бодит эрсдэлтэй юм.
Д.НАРАНТУЯА





Leave a comment