Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнгөрсөн Баасан гаригт (2024.05.03) “Эх дэлхийн төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой тэмцэхэд сэтгүүл үүрэг, сорилт” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг бөгөөд уг индекс тухайн улсын хэвлэл мэдээлэл хэр чөлөөтэй вэ, иргэд нь үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадаж байгаа эсэх, сэтгүүлчид мэргэжлийн ажлаа хийхэд таатай орчин байгаа эсэхийг илэрхийлдэг. Өнгөрсөн Баасан гаригт Монголын сэтгүүлчид Сүхбаатарын талбайд акц хийж, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан, сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа хийх боломж боомилогдож байгаагаа гартаа гав зүүн илэрхийлсэн.

Харамсалтай нь Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 2015 оноос хойш тасралтгүй ухарсаар энэ онд 180 орноос 109-т эрэмбэлэгдлээ. 2015 онд Монголын индекс хамгийн сайн байж 54-т эрэмбэлэгдэж байсан юм. Энэ оны индексийг өмнөх 2023 онтой харьцуулахад шууд 21 байраар ухарсан нь онцгой анхаарал татаж байна. Монголын урдхан Африкийн Бурунди, харин ард Латин Америкийн Эквадор жагсчээ.

21 байраар ухарч хагас эрх чөлөөт ангилалд орох болсон шалтгаан юу вэ? Энэ асуултын хариуг “Глоб Интернэшл төв”-өөс 5-р сарын 3-ны өдөр олон нийтэд ил болгосон “Хэвлэлийн эрх чөлөөний тайлан 2022-2023” өгч байна. Сэтгүүлчдийн гартаа гав зүүн илэрхийлсэн эсэргүүцлийн учир шалтгаан энэ тайланд буй. Хагас эрх чөлөөтэй болоход хүргэсэн үндэслэлүүдийг дор дурдав.

Сэтгүүлчдэд ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэхэд хойрго хандаж байна

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /2023–2030 он/-ийн 3 дахь зорилгод “Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлнэ” гэж заасан бөгөөд үүн дотроо нарийвчлан “Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлнэ”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгоно”, “Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг аливаа дарамт, шахалт, сүрдүүлгээс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно”, “Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй байгуулсан гэрээ, төлсөн төлбөрийг тусгайлан мэдээлэх журам, стандартыг баталж, мөрдүүлнэ”, “Сэтгүүлчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлж, хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлнэ”, “Хэвлэл мэдээллийн байгууллагын эцсийн өмчлөгч болон санхүү, орлогын эх үүсвэрийн талаарх мэдээллийг ил тод болгох зохицуулалтыг сайжруулна” зэрэг дэвшилтэт заалтууд туссан. Гэсэн ч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг УИХ тогтоолоор батлах ёстой бөгөөд тогтоолын төслийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн 4-р сарын 10-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ төлөвлөгөөний төсөлд 2027 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах, 2026 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг аливаа дарамт, шахалт, сүрдүүлгээс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, 2025 онд төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй байгуулсан гэрээ, төлсөн төлбөрийг тусгайлан мэдээлэх журам, стандартыг батлахаар тусгажээ. Энэ нь Засгийн газрын хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхөд алгуур хандаж байгааг харуулж байна. Одоогоор тус төлөвлөгөө батлагдаагүй байна.

Эрх зүйн орчныг дордуулсан заалт

Засгийн газраас 2023 оны 10-р сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы 2023 оны 12-р сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйл /Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах/-ийн 1 дэх хэсгийг “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан. Хуулийн төслийг хэлэлцэх явцад энэхүү өөрчлөлтийг хэвлэл мэдээллийн салбарынхан болон иргэний нийгмийн төлөөлөгчид хүчтэй эсэргүүцсэн.

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан энэхүү өөрчлөлтөөр “прокурорын зөвшөөрлөөр” гэх үгийг хасч, зөвхөн албан ёсоор эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан этгээдэд хамаарах зохицуулалтыг хэт өргөжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримтыг хавтаст хэргээс бус өөр эх үүсвэрээс олж мэдсэн хүнд нэгэн адил хамааруулсан нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна. Учир нь, уг зохицуулалт мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн дээр болон шүгэл үлээгчээр дамжуулж буюу мэдээллийн нууц эх сурвалжийн дагуу олж мэдсэн аливаа этгээд, тэр дундаа сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үр дагаврыг нээж байна. Иргэдийн мэдээлэлтэй байх эрх, сэтгүүл зүйн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр, хэтрүүлэн хязгаарлах, цензур тогтоох үр дагавартай тул бүрэн эрхийн хүрээнд хориг тавихыг хүсч Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх Хуульчдын сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй байна.

Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрх хангагдаагүй

Сэтгүүлч мэдээллийн эх сурвалжлаа нууцлах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бүрэлдэхүүн болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Европын хүний эрхийн шүүхийн жишиг шийдвэрүүдэд “сэтгүүл зүйн эх сурвалжийг хамгаалах нь хэвлэлийн эрх чөлөөний нэг гол нөхцөл юм. Ийм хамгаалалтгүйгээр эх сурвалжийн хувьд олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар олон нийтэд мэдээлэл хүргэхэд хэвлэлд туслахаас татгалзах болно. Үүний үр дүнд хэвлэл мэдээллийн хоточ нохойн амин чухал үүрэг алдагдаж, хэвлэлийн үнэн зөв, найдвартай мэдээлэл өгөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Олон нийтийн ашиг сонирхлын үүднээс нэн тэргүүний шаардлагаар зөвтгөгдөөгүй л бол эх сурвалжийг илчлэх үүрэг хүлээлгэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэр дундаа мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийн зохицуулалтад нийцэхгүй” гэж онцолсон байдаг.

Монголын сэтгүүлчдийн хувьд эх сурвалжаа эх зөвхөн МҮОНРТВ-ийн сэтгүүлчдэд бий. 2005 онд баталсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 34.2-т “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүх үзэж ил болгосноос бусад тохиолдолд олон нийтийн радио, телевизийн ажилтан мэдээллийн эрх сурвалжийг нууцлах эрхтэй” гэж заасан.

Эх сурвалжаа хэлэхийг сэтгүүлчээс шаардах, сэтгүүлчийн эх сурвалжийг дуудах, байцаах явдал түгээмэл байгааг тайланд дурдсан байна. Жишээ нь, “Өнөөдөр” сонины unuudur.mn вэб сайтын сэтгүүлч хүний амины ноцтой хэрэг, хар тамхины талаар бодит мэдээлэл бэлтгэсний төлөө мөрдөн байцаах байгууллагын албан тушаалтан утсаар нийтлэлээ устгахыг шаардаж дарамтлах, эх сурвалжаа хэлэх, мэдүүлэг өгөхийг шаардах, улмаар эх сурвалжийг нь хайж олсны дараа эх сурвалжийг таниулахаар дуудах зэргээр ажиллаж байгаа явдал гарчээ.

Глоб интернэшнл төвөөс 2023 онд нийт 284 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг оролцуулсан сэтгүүлчийн аюулгүй байдлын судалгаанд эх сурвалжийн аюулгүй байдлын талаар санаа зовниж нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, 64% нь эх сурвалжийн аюулгүй байдлыг хангах чухал байгааг онцолжээ. Мөн 20% нь эх сурвалжаа нууцлах эрх зөрчигдсөн гэж хариулжээ.

Зүсээ хувиргасан “гүтгэх” заалт

Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай болохыг хүний эрхийн олон улсын байгууллагууд буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний байгууллагуудын зүгээс онцгойлон анхааруулсан байдаг. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний II илтгэлийг хэлэлцэж өгсөн 150 зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо болих асуудлыг судалж шийдвэрлэхээр заасан. Улмаар УИХ-аас 2015 онд баталсан, 2017 оноос үйлчилсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад доромжлох, гүтгэх үйлдлийг хасаж хуульчилсан.

Гэвч “жижиг гэмт хэргийн хууль” гэгддэг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Гүтгэх” зөрчлийг хуульчилсан байснаас 2020 оны 1-р сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас “Гүтгэх” зөрчлийг хасч, Эрүүгийн хуульд “13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах” гэж нэрлэн нэмсэн.

Үүнээс гадна Засгийн газраас 2022 оны 5-р сарын 4-ний УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Доромжлох” гэмт хэргийг нэмэхээр тусгасан.

“Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулсан, доромжлох үйлдлийг дахин гэмт хэрэгт тооцож зүйлчлэхээр хэлэлцэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх явдлыг зориуд хясан боогдуулах санаа, зорилготой гэж үзэхэд хүргэж байгааг тайланд онцолжээ.

Цензур тогтоох хүсэл

Өнгөрсөн 2023 оны 1-р сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай” албан бичгээр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэлгүйгээр УИХ-д өргөн мэдүүлж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын тов, дараалал харгалзалгүйгээр УИХ-ын 2 өдрийн дотор хэлэлцэж, 1-р сарын 20-ны өдөр баталсан. Хууль баталсанаас 7 хоногийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд бүхэлд нь хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хориг тавьж буй үндэслэлийг тайлбарлахдаа “Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг аваагүй” гэсэн. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, 3-р сарын 30-ны өдөр хуулийг хүчингүй болгосон ч Ерөнхийлөгчийн хориг болон УИХ-ын шийдвэрт дээрх хуулийн зохицуулалт буруу байсан эсэх талаар байр суурь илэрхийлээгүй юм.

Дашрамд сануулахад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-т үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцэхээр заасан байдаг.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мөрдөн шалгах ажиллагаа

Мэдээллийн zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааны талаар тайланд дэлгэрэнгүй тусгажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд нийцэхгүй зүйлүүд байгааг дурдсан байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Энэ зүйлд заасан зохицуулалт нь шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх гомдолтой хамааралгүй бөгөөд зөвхөн хувь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахтай холбоотой зохицуулалт болохыг тайланд онцлон тэмдэглэжээ. Эрүүгийн хуулийн “21.6 дугаар зүйл. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх”, Зөрчлийн тухай хуулийн “15.4 дүгээр зүйл. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох” гэсэн заалт үүнд хамаарч болох байтал “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт хамаатуулан шалгасан гэжээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, 2023.11.29-ний өдрөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12-р сарын 1-ний өдөр “…мэргэжлийн үйл ажиллагаагаа ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх, тодорхой үйлдэлд уриалах, жагсаал цуглаан зохион байгуулах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах, доромжлох зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахуйц үйлдлийг хийх нь яллагдагчид хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй” гэсэн нь түүнийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор цагдан хорих эрсдэлтэй гэдгийг анхааруулсан, ХХЗХ-ноос сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрхлэн гаргадаг zarig.mn сайтыг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулж, 3 хоногийн турш Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-ийн 1.4 дэх хэсэгт заасан “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол цагдан хорино” гэдэг үндэслэлээр 68 хоног хорьсон зэрэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй төдийгүй сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоож байгаа практикийг халах шаардлагатай байгааг тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын тухай бичээд шүүхээс ял авчээ

Тайлангийн хугацаанд буюу 2022 оны 5-р сарын 1-ний өдрөөс 2024 оны 5-р сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 45 шийдвэр байна. Үүнээс улстөрч, төрийн өндөр албан тушаалтны эсрэг шүүмжлэлт дуу хоолойг хязгаарлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол гарчээ.

– Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023.05.22-ны өдрийн шийтгэх тогтоолоор иргэн Б-гийн 2023.04.23-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэрэл зургуудыг ашиглан Төрийн ордны хашааны завсраар харж байгаа болон буутай зургийг эвлүүлэн бэлтгэж, түүнийгээ фэйсбүүкт байршуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Энэ нь уран сайхны аргаар төрийн ордны хашааг ногооноор будсан ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүх галт зэвсэгтэй харьцаж буй үйлдлийг шүүмжилсэн илэрхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

– Сонгинохайхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023.10.13-ны өдрийн шийтгэх тогтоолоор иргэний 2019.05.16, 2022.09.09, 2023.04.16-ны өдрүүдэд тухайн үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн гэрэл зургийг байршуулан “Хамгийн худалч, Хамгийн популист, Хамгийн чалчаа, Хамгийн шударга ёс царайлагч, Хамгийн боловсрол муутай, Хамгийн биеэ гайхуулагч, Хамгийн Путинг дуурайгч, Хамгийн хамгийн хамгийн Ерөнхий сайд мину зээ”, “6 жил 205 км дарханы замыг тавьж чадаагүй хүн, 2,5 жилийн дотор 240 км Төмөр зам тавьчихлаа гэнээ”, “Хайр хүндлэл үгүй Ерөнхийлөгч байх үед… Аваргын цом гардуулахаар ордонд орж ирэв. Хөгжөөн дэмжигчид ҮҮҮҮҮҮҮ гэж угтав” гэсэн утгатай бичвэрийг фейсбүүк, твиттерт нийтэлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг шүүмжилсэн илэрхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдал болохыг тайланд дурджээ.

А.ҮЛЭМЖ


Leave a comment

Trending