Аугаа их эх орны дайны ялалтын 79 жилийн ойг өнөөдөр (2024.05.09) тэмдэглэж байна. Ялалтын баярыг тохиолдуулан Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө болон ЗХУ-ын гарамгай жанжин, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болов. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын БХЯ-ны төлөөлөл болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков оролцлоо. Ёслолын ажиллагааг цэргийн үлээвэр найрал хөгжим, Монгол Улсын Зэвсэгт хүчний хүндэт харуул дагалдлаа.

Мөн нийслэл Улаанбаатар хотын Офицеруудын ордноос ЗХУ-ын жанжин, маршал Г.К.Жуковын талбай хүртэл ахмад дайчдын “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал болон “Үхэшгүй мөнхийн хороо” буюу “Бессмертный полк” жагсаал боллоо.

“Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчин, бусад төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан бэлтгэл офицерууд, цэрэгт алба хаасан дайчид, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн тулгаралт байлдаанд оролцсон эцэг, өвгөдийнхөө зургийг барьсан залуус, Монгол Улсад аж төрөн суудаг орос иргэд, Эх орны дайны ялалтыг хамтын баяр гэж үздэг янз бүрийн насны хүмүүс нэгдсэн байна.

Беларусын Гомель хотод төрсөн өдгөө 76 нас сүүдэр тохиож буй Пабел Николаевич Торско гэхэд “Миний бага нас дайны ул мөр, ахмад үеийн дурсамж дунд өнгөрсөн. Зовлон үзсэн ард түмэн хүнлэг энэрэнгүй байдаг” гэсэн сэтгэгдлээ хуваалцав.

Армийн ахмад холбоочдын нийгэмлэгийн тэргүүн, бэлтгэл хурандаа Ч.Энхтөр “Орос ах нар фашизмыг ичээнд устгаагүй бол Монгол Улсын маань ирээдүй бүрхэг байх байлаа. Манай улсын ард иргэд фронтын ар талд хүмүүс хэрхэн ажиллаж, амьдарч байсан тэр жишгээр ялалтад бүхнийг зориулж байсан” гэж ярилаа.

Улаан-Үд хотоос Монгол Улсын нийслэлд Ялалтын баярт оролцохоор зорьж ирсэн хурандаа Ерилов Виктор Валерьевич “Улаанбаатарын гудамжинд хүмүүс Монгол, Оросын далбаа барьж “ДеньПобеды” дууг хоолой нийлүүлэн дуулж буйг хараад анд нөхдөөрөө бахархах сэтгэл төрж байлаа” гэсэн юм. 

Энэ жил хэдийгээр хур бороотой байсан ч “Үхэшгүй мөнхийн хороо” явган жагсаалд 500 орчим хүн оролцож Маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирж Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуун дор ЗХУ-ын 4 удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр энэхүү уламжлалт арга хэмжээ өндөрлөв.

Дэлхийн улс түмнийг фашизмын боолчлолоос аврах ариун дайнд амиа өргөсөн, түүнд оролцож явсан ахмад дайчдынхаа гавьяаг мөнхжүүлэх зорилгоор ОХУ-д анх зохион байгуулсан “Үхэшгүй мөнхийн хороо” эх оронч хөдөлгөөн хүрээгээ тэлж дэлхийн олон оронд жил бүрийн тавдугаар сарын 9-ны Ялалтын баярын өдөр зохиогдож байна.

Жагсаалд Монгол Улсад аж төрдөг орос иргэд, Эх орны болон Халхын голын мөн Чөлөөлөх дайнд оролцсон Монголын ахмад дайчдын үр сад өвгөдийнхөө гэрэл зургийг барьж нэгдлээ.

Жагсаалыг зохион байгуулагч “Новороссия-Андууд” ТББ-ын тэргүүн Б.Батболд хэлэхдээ “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаас өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Их ялалтыг авчрахад монголчуудын оруулсан хувь нэмэр их. Тэр гавьяаг бид байнга дурсч, хүндэтгэж байх үүрэгтэй хүмүүс” хэмээн онцоллоо.

“Бид дайны цагт ч, энх цагт ч Оросын ард түмэнтэй 70 жил тосоо гартал тэврэлдэж явсан түүхтэй. Он жил, цаг хугацаа өнгөрсөн ч нэг л зангаараа байх сайхан” хэмээн хурандаа Г.Нямдорж хэлэв.

Өнөөдөр уламжлал ёсоор ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад болсон. Ялалтын парадыг өргөн нэвтрүүлгийн “ТВ8” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан үзүүллээ.

“Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” хэмээн Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд сийлсэн байдаг.

Цэргийн сэтгүүлч, бэлтгэл хурандаа Г.НЯМДОРЖ

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending