Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөс хойш 8 хоногийн дараа анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж байна. Путины онгоц Москвагийн цагаар 5-р сарын 15-ны шөнө Бээжинд (Бээжингийн цагаар 16-ны өдрийн өглөө эрт) газарджээ.

Монголын хөрш хоёр орны тэргүүн нарын харилцан айлчлал тун ойр давтамжтай байна. Путин өнгөрсөн 2023 оны 10-р сард Бээжинд айлчилсан бол Ши Жиньпин дарга өнгөрсөн оны 3-р сард Москвад айлчилсан. Ши даргын 3-р сарын айлчлал нь бүрэн эрхийнхээ хугацааг сунгаснаас хойших анхны гадаад айлчлал байсан бол Путины хувьд энэ айлчлал нь мөн ижил Ерөнхийлөгчийн албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэний дараах анхны гадаад айлчлал болж байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Путин, Ши хоёр янз бүрийн түвшинд 40 гаруй удаа уулзаж байна.

Долоон сарын өмнө Бээжинд айлчлахдаа хоёр орны хамтарсан төслүүд, тэр дундаа дэд бүтцийн томоохон төслүүдээ эхлүүлэх хүсэлтэй очсон ч гар хоосон буцсан билээ. Барууны хориг арга хэмжээ улам өргөжиж, хамрах хүрээ нь тэлсээр байгаа энэ үед Хятадын зах зээл Орост амин чухал болсон. Путины хүсч байгаа төслүүдийн нэг нь Монголын нутгийг дайран өнгөрөх хий дамжуулах хоолойн “Сила Сибири-2” төсөл юм.

Энэ удаад ч эдийн засгийн хамтын ажиллагааг илүү цар хүрээтэй төсөл рүү хандуулах нь Путины зорилго. Тоон үзүүлэлтээр авч үзвэл худалдааны эргэлт 2 дахин нэмэгдэж, хувийн хэвшил хоорондын, мөн иргэд хоорондын харилцаа эрчимтэй тэлж байгаа ч дайны үеийн, хоригийн үеийн эдийн засгийг нь тэтгэх мөнгөний урсгал Кремльд зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Айлчлалынхаа өмнө Хятадын үндэсний мэдээллийн “Синьхуа” агентлагт бичгээр өгсөн ярилцлагадаа Путин хоёр орны харилцаа бүхий л чиглэлд хэзээ ч байгаагүй дээд түвшинд байгааг онцолсон байсан.

Путины ярилцлагын онцлох эшлэлүүд:

-Орчин цагийн Орос-Хятадын харилцаа нь үзэл суртал болон улс төрийн нөхцөл байдлаас үл хамаарч байгаа нь чухал. Олон талт энэ харилцаа нь өргөн хүрээнд харилцан нийцсэн язгуурын эрх ашиг, харилцан гүн итгэлцэл, нийгмийн хүчтэй дэмжлэгт суурилсан, хоёр орны ард түмний чин сэтгэлийн найрамдалд суурилсан стратегийн сонголт юм. Тусгаар байдлаар бэхжүүлэх, аюулгүй байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах тухай энд яригдаж байна.

-Сүүлийн 5 жилд хоёр орны худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж чадлаа. 2019 онд худалдааны эргэлт 111 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн 2023 онд 227,8 тэрбумд хүрлээ. Хоёр орны компани хоорондын гүйлгээний 90% нь үндэсний валютаар хийгдэж байгааг онцлон тэмдэглэе. Тиймээс худалдааны эргэлтийн үзүүлэлтийг рублиэр авч үзвэл 20 их наяд орчим, юаниар бол 1,6 их наяд юм. Сүүлийн 13 жилийн турш Хятад Оросын ажил хэргийн гол түнш байгаа бол өнгөрсөн онд Орос улс Хятадын ажил хэргийн түншийн жагсаалтын 4-р байр руу цойлон гарч ирсэн.

-Аж үйлдвэр, өндөр технологи, сансар судлал, энхийн зорилготой цөмийн аж үйлдвэр, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, инновацийн чиглэлд илүү гүнзгий хамтран ажиллах төлөвлөгөө бидэнд бий.

-Оросын 90 мянган хүүхэд, залуучууд хятад хэлийг сонирхон сурч байна.

-Өнгөрсөн 2023 онд 730 мянган Оросын иргэн Хятадад зорчжээ.

-Дэлхий бол хүн төрөлхтөний өлгий, бидний гэр, энэ гэр бүх хүн ижил тэгш эрхтэй. Энэ үзлийг дэлхийн хүн амын дийлэнх хүлээн зөвшөөрдөг гэдэгт итгэлтэй байна. Гэвч өөрсдийгөө “алтан тэрбумтан” гэж боддог зарим улс тэгж бодохгүй байна. АНУ тэргүүтэй барууны элитүүд соёр иргэншил, соёлын олон талт байдлыг үл хүндэтгэн, олон зуун жилээр тогтож ирсэн уламжлалт үнэт зүйлсийг үгүйсгэж байна. Тэд дэлхийд ноёрхохыг оролдохдоо бусад улс орнуудад заах эрхийг өөрсдөдөө нааж, хэнтэй найзлах, хэнтэй хамтран ажиллавал болох, хэнтэй болохгүйг зааж байна. Ингэснээр улс орнуудын хөгжлийн загвараа өөрсдөө сонгох эрхэд халдаж, өнгөрсөн цаг үеийн адил өөрсдийн хангалуун байдлаа бусад улс орны хүчээр олж авахын эрмэлзсэн хэвээр, үүнийгээ колоничлолын бус аргаар хийдэг болжээ.

Энэ байдал Орост ч, манай түншүүдэд ч таалагдахгүй байгаа. Бидний идэвхтэй оролцоотойгоор Баруунаас хамааралгүй олон талын оролцоог хангасан, бүх талын эрх ашгийг тэгш хангасан хамтрал, хэлбэрийг бий болгон амжилттай ажиллаж байгаагийн илрэл нь БРИКС болон ШХАБ юм.

-Украины асууплыг зохицуулахад Хятадын гүйцэтгэх үүрэг, хандлагыг бид эергээр хүлээн авч байгаа. Бээжин энэ асуудлын анхдагч шалтгаан, геополитикийн үр дагаврыг маш сайн ойлгож байгаа. 2023 оны 2-р сард гаргасан “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад Хятадын байр суурь” нэртэй 12 зүйлт баримт бичигт тодорхой харагддаг. Ши даргын саяхан санал болгосон нэмэлт 4 зарчим нь 12 зүйлт баримт бичгийн агуулгыг баяжуулж байгаа.

-Харамсалтай нь Хятадын эдгээр санаачилга Украинд ч, тэдний барууны ивээн тэтгэгчдээс ч дэмжлэг авахгүй байна. Нэг нэгнийхээ ашиг сонирхлыг бодолцсон, харилцан хүндэтгэсэн зарчимд суурилсан ил тод, нээлттэй, шударга диалогт тэд бэлэн биш байна. Дэлхийд бий болсон хямралын анхдагч шалтгаан, энэ шалтгааны эмгэнэлт үр дагавар болсон Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэх дургүй байна. Яагаад? Яагаад гэвэл тэдний явуулж ирсэн бодлого өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн.

-Барууны элитүүд Оросыг шийтгэхээр цөхрөлтгүй оролдож байна. Ганцаардуулж, хүчгүйдүүлэхийн тулд Киевийн эрх баригчдыг мөнгө, зэвсгээр хангаж байна. ОХУ-ын эсрэг 16 мянга гаруй хоригийг тавиад байна. Манай улсыг тачсиж хуваахыг хүсч байна.

-Бид энэ зөрчлийг энх тайвны аргаар шийдэхийг хүсч байна. Бид хэлэлцээрт бэлэн байна, хэлэлцээр ч хийсэн. 2022 оны 4-р сарын 15-нд Стамбулд Украины оролцоотойгоор энх тайвны хэлэлцээрийн эхийг бэлдсэн. Энэхүү эхийн гол зарчмуудыг Украины талын хүсэлтээр хийсэн. Хэлэлцээрийг эцэслэхийн тулд биднийг цэргээ Киевээс холдуулах гол нөхцөлийг тавьсан, бид ч биелүүлсэн. Гэвч хэлэлцээрийг эцэслэхийн оронд Украины тал хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдсэн.

-Худалдан авах чадварын үзүүлэлтээр Орос улс өнөөдөр дэлхийд 5-д жагсч байна. Бид энэ үзүүлэлтээр 4-т орох зорилготой ажиллаж байна. Бидний хувьд хамгийн тэргүүнд тавигдах шаардлага бол чанар, бүхий л салбарын үр дүнгийн үзүүлэлт, манай иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх явдал юм.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending