Сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 19 нам, 2 эвслээс нийт 1416 хүн нэрээ СЕХ-нд мэдүүлсэн. Эдгээр 1416-гийн 985 нь тойрогт, 385 нь намын жагсаалтаар, 46 нь бие даан өрсөлдөх юм.

СЕХ 2024.05.30-ны өдрийн хуралдаанаар  ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд, нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. 154 хүн дараах шаардлагыг хангаагүй гэж СЕХ үзсэн байна. Үүнд,

-татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76;

-хуульд заасан баримт бичиг дутуу 63;

-шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5;

-нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4;

-сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4;

-төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1;

-авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав.

МАН-ын нэр дэвшигчээс 3 хүнийг (2 нь татварын өртэй, 1 нь бичиг баримт дутуу), АН-аас 1 хүнийг (татварын өртэй), Үндэсний эвслээс 6 хүнийг (татварын өртэй 1, өөр намын гишүүнчлэлтэй 3, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1, баримт бичиг дутуу 1), Иргэний Зориг Ногоон намаас 11 хүнийг (татварын өртэй 5, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу 6), Шинэ нэгдсэн эвслээс 10 хүнийг (татварын өртэй 1, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу 9) гэх мэтчилэн бүртгэхээс татгалзлаа.

Бүртгэхээс татгалзсан шалтгаанд татварын өртэй гэсэн үндэслэл зонхилж байна. Татгалзсан хүмүүсийн 76 нь татварын өртэй байжээ. Үүний дараа баримт бичгийн бүрдүүлэлт дутуу гэсэн үндэслэлээр 63 хүнийг бүртгэхээс татгалзжээ. Хамгийн олон нэр дэвшигчийг нь бүртгэхээс татгалзсан намд Монголын хүний төлөө нам тооцогдож байна. Тус намаас 26 хүнийг бүртгэхээс татгалзсан бөгөөд эдгээр 26-гийн тал нь татварын өртэй байна.

Үндэсний эвслээс нэр дэвшсэн Н.Номтойбаяр СЕХ-ны шийдвэр шударга бус байгаа гэж үзэн 2024.05.31-ний өдөр мэдээлэл хийлээ.

“Хууль хүний царай харж, улс төрийн зорилготой шийдвэрийг гаргадаг болсон. Би МАН-аас хөөгдсөний дараа 2020 онд нийслэлийн Хан-Уул дүүргээс нэр дэвших шийдвэр гаргаж байсан. Гэвч тухайн үед 23 цагийн дотор намайг эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тэр даруй намайг цагдан хорьж байсан. Цагдан хорьсон үндэслэл зохиомол хэрэг нь хуульд нийцээгүй. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оруулах, бүх хуулийн процессыг ноцтой зөрчиж, нэг ч удаа тайлбар мэдүүлэг авалгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан. Би энэ бүх улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийг нэр төртэйгөөр дуусгах хувь улстөрчийн шийдвэр гаргаж дуусгасан.

Миний болон Үндэсний эвслийн зорилго бол иргэдийн эрхийг хамгаалах, төрийн дарамтад орсон хувийн хэвшлээ хамгаалдаг байх, хувийн хэвшлийг дэмжих зорилготой. Тиймээс энэ удаагийн ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд Үндэсний эвслийн тэргүүний хувиар оролцохоор хуулийн дагуу материалаа бүрдүүлж ажилласан.

Гэтэл ЦЕГ-т лавлагаа авахаар хүсэхэд Сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж, албан ёсны хариултыг өгсөн. Хоёр дахь удаагаа хүсэлт явуулахдаа “Энэ албан бичигт дурдагдсан зүйл заалт Сонгуулийн хуульд байхгүй байна” гэхэд мөн л хуулийг буруу тайлбарлаж, төөрөгдүүлсэн тодорхойгүй хариу өгсөн.

СЕХ намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Би ямар ч нөхцөлд Үндэсний эвслээ тэргүүлж, энэ удаагийн сонгуульд оролцоно. Надад нотлох баримт хангалттай бий. Шүүхэд хандана” хэмээн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 6-р сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой юм. Тиймээс хуульд заасан хугацаанд нэр дэвшигчид холбогдох лавлагаа авах боломжоор ханган нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдөр ажиллах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending