ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 5-р сарын 8-нд тангаргаа өргөөд 7 хоногийн дараа Хятадад айлчилсан. Айлчлалынхаа өмнөхөн Хятадын үндэсний мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаа хоёр улсын харилцаа түүхэндээ байгаагүй дээд түвшинд байгааг Путин онцолсон.

Украины асуудлаас үүдэн барууны улс төр, эдийн засгийн хавчлагад орсон Путины хувьд олон улсын тавцанд Хятадын түншлэл амьсгалах нэг цонх нь болж буй. Улс төрийн бодлогыг нь дэмжихээс гадна эдийн засгаа тэтгэх нэг гол суваг нь Хятад юм.

“Өнгөрсөн сард хийсэн айлчлал нь 3 гол зорилготой байсан. Нэгдүгээрт, ирэх 7 хоногт Женевт болох Украины дэмжих олон улсын хуралд Хятадыг оролцохгүй байхыг гуйх, хоёрдугаарт, Хятадын банкуудыг Оросын зах зээлд түлхүү оруулах, гуравдугаарт, “Сила Сибири-2” төслийг урагшлуулах” хэмээн FT бичжээ.

Путины эхний хүсэлтийг Ши дарга ёсоор болгож өнгөрсөн Баасан гаригт Женевийн хуралд Хятад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин Путины нөгөө хоёр зорилго хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Түүхэнд байгаагүй өндөр түвшинд байгаа харилцаа мөнгөний шалгуурыг давж чадахгүй бололтой.

Хийн хоолойн тухайд

Жилдээ 50 тэрбум куб метр хий дамжуулах хоолойг Оросын нутгаас Монголыг дайруулан Хятад руу татах мега төсөл яригдаж эхлээд 10 гаруй жил болж байгаа. Орос улс олон улсын хоригт орохоос өмнө хоёр тал харилцан ойлгоцлын хэмжээнд энэ маршрутыг тохирсон байсан ч өнөөг хүртэл хэрэгжих шат руу орж чадахгүй байгаагийн гол тээг нь үнэ юм. Төсөл яригдаж эхлэхэд л Хятадын талаас хямд авах хүсэлтэй байсан. Хоригийн улмаас Оросын эдийн засгийн нөхцөл байдал муудаж, дайны зардлаа дийлэхгүй байгаа энэ үед хийгээ хямд өгөх сонирхол Кремльд байхгүй. Хямд гэдэг нь хэд вэ гэдэг тоон илэрхийлэл ил болоогүй ч хятадууд дэлхийн зах зээлийн үнээр биш Оросын дотоодын нийлүүлэлтийн үнээр авах нөхцөл тулгасан хэмээн FT бичжээ.

Оросын Засгийн газрын 2023 оны 12-р сарын 1-ны тогтоолоор байгалийн хийг энгийн хэрэглэгчдэд 1 куб метрийг нь 7 рубль 50 копеек гэсэн үнээр түгээж байна. Тэгэхээр Бээжин энэ үнэтэй дүйцэхуйц үнэ санал болгосон бололтой. Оросын Төв банкны өнөөдрийн зарласан ханшаар 1 ам.доллар 90 рубль 19 копеектэй тэнцэж байна.

Энэ сэдвээр

Оросын экспортолж буй байгалийн хий чиглэлээсээ хамаар өөр өөр байгаа бөгөөд Европ чиглэл рүү гаргаж байгаа хийн үнэ Ази руу, тэр дундаа Хятадад нийлүүлж байгаа үнээс ямагт өндөр байсан. Оргил үедээ 980 ам.доллар хүрч байсан бол энэ оны 1-р сарын байдлаар Турк болон Европын улс руу 1000 куб метрийг оросууд 480-500 ам.доллараар нийлүүлж байна. Харин 2019 онд ашиглалтад орсон “Сила Сибири-1” хоолойгоор Хятадад нийлүүлж байгаа үнэ баруун чиглэлээс хямд. Тухайлбал, өнгөрсөн 2023 онд 1000 куб метрийг нь 297,3 ам.доллар байсан бол энэ 2024 онд 271,6 ам.доллараар нийлүүлж байна. Дашрамд дурдахад жилдээ 30 тэрбум куб метр хий нийлүүлэх хүчин чадалтай “Сила Сибири-1” хоолой энэ оноос л төслийн хүчин чадалдаа хүрсэнийг “Газпром” мэдээлсэн.

Үүнээс харахад “Сила Сибири-2” хоолойгоор авах хийг одоо авч байгаа үнээсээ бараг 3 дахин хямдруулах нөхцөлийг Хятадын тал тавьжээ.

Үнээс гадна өмнө тохирсон 50 тэрбум куб метр гэсэн хэмжээнээсээ Хятадын тал буцаж, бууруулах саналыг мөн тавьж байгаа ажээ.

Оросын байгалийн хийн гол экспортлогч “Газпром” компани ирээдүйн ашгийн тооцооллоосоо “Сила Сибири-2” төслийг хасч тайлагнахаар зэхэж байгааг FT бас мэдээлсэн байна. Энэ төслийг хассанаар “Газпром”-ийн ашиг 15% буурах ажээ.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending