Энэтхэгийн Дэли хотод шатам халуун өдрүүд үргэлжилж байна. Тавин хэм давсан гангийн халуунтай зэрэгцэн 4-р сарын 18-наас 6-р сарын 1 хүртэл 44 хоног үргэлжилсэн сонгууль өндөрлөв. Нийт 942 сая сонгогч саналаа өгсөн, долоон үе шаттай, дэлхийн хамгийн нүсэр ардчилсан сонгуулийн дүнг өдөржин тооллоо. Сонгуулийн нэгдсэн дүнгээр 73 настай Н.Модигийн тэргүүлсэн Үндэсний Ардчилсан эвсэл (ҮАЭ) ялсан ч, бараг 400 суудлаар үнэмлэхүй ялна гэж шуугисан өчигдрийн таамагт хүрсэнгүй.
БНЭУ нь парламентын засаглалтай орон. Парламентын доод танхим Лок Сабхагийн 543 суудлаас 294-ийг Бхарат Жаната нам тэргүүтэй ҮАЭ, Үндэсний Конгресс намын удирдсан ИНДИА эвсэл 232, бусад нам 20 орчим суудал авах төлөвтэй байна. Нийт 272 суудал авсан тал Засгийн газраа тэргүүлэх эрхтэй. Өнгөрсөн 2019 оны сонгуулиар Бхарат Жаната нам дангаараа 308 суудал, эвслийн хувьд 352 суудал авч байсан юм. Гэхдээ 72 настай Н.Моди улс орныхоо өнцөг булан бүрд очиж, тосгоны оршин суугчдыг толгой дараалан нэрээр нь дуудах шахсан хүчтэй сурталчилгааг удирдаж, дэлхийд нөлөөтэй, мятрашгүй улстөрч гэдгээ баталлаа.
Мэдээж Модид дургүй, эсэргүүцдэг бүлгүүд түмээрээ бий. Гэхдээ хүний нөөцийн давуу байдлаа ашиглан үйлдэрлэгч улс болох “Энэтхэгт үйлдвэрлэе”, хот тосгоны хүн бүрд хүрэх “Цахим Энэтхэг”, “Стартап Энэтхэг”, залуусыг чадавхижуулан, ажилд зуучлах “Чадварлаг Энэтхэг” болон ариун цэвэр сахиулах, эрүүл мэндийн олон хөтөлбөрийг нь энэтхэгчүүд дэмждэг. Бас хинду шашны гэгээрсэн хутагт дүр төрх, үндсэрхэг үзэл, үндэсний аюулгүй байдалд хамаарах зоримог шийдвэрүүдэд нь энэтхэгчүүдийн олонх нааштай ханддаг.

Ажилгүйдэл, орлогын тэгш бус байдал, инфляц, шашны ялгаварлан гадуурхалт зэрэг хүчин зүйлс Бхарат Жаната намын ялалтаас чамгүй хойш татлаа. Нөгөө талаар Энэтхэгт 200 сая хүн шүтдэг лалын шашныг илт гадуурхах бодлого ч сонгуулийн эцсийн дүнг өөрчилж чадсангүй. Харин ч Модигийн багийн үндэсний үзэлтнүүдийг “нэг талд нь” баттай гаргаж, нэгдмэл байхыг уриалсан эрсдэлтэй тактик амжилтын түлхүүр боллоо. Хинду шашинтан энэтхэгийн хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг. “Модиг 2014 онд анх гарч ирэхэд Энэтхэгийг олон улсын тавцанд гаргаж ирэх удирдагч гэдэгт итгэсэн. Засгийн газрынхаа үйл ажиллагаанд ч би сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл Моди надтай ижил сүсэгтэн хүн” гэж Ражастаны сонгогч Судха Жоши Ал Жазирагийн сурвалжлагчид ярьжээ. 76 настай Судха Засгийн газрын халамжийн бодлогын үр дүнд өнгөрсөн жил ухаалаг утастай болсоноо үзүүлж, Модиг гарч ирэхээс өмнө Конгресс намд тасралтгүй саналаа өгдөг байснаа хуучилсан.
Ерөнхий сайд Н.Моди дэлхийд тавд жагсаж буй хүчирхэг эдийн засгийг залуурдахын зэрэгцээ улс орныхоо дэд бүтэц, цэвэр ус, бие засах газрын хомсдол зэрэг хүн бүрийн амьдралд хамааралтай тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн шийдвэрлэж эхэлсэн. 2014-2024 онд нийт 54.000 км зам, гүүр шинээр ашиглалтад оржээ. Моди ирэх таван жилд 100.000 км зам барихаар амлаж яваа. Сөрөг хүчний гол нам болох Энэтхэгийн Үндэсний Конгресс нам буюу Неру-Гандигийн ИНДИА эвсэл тус улсыг олон жил удирдсан ч, дараалсан гурван удаагийн сонгуульд ялагдлаа. “Удирдагчид нь шоронд, данс нь битүүмжлэгдсэн, хэвлэл нь худалдагдсан нөхцөлд ИНДИА харин ч сайн тулалдлаа” гэж тус эвслийг дэмжигч Зэид Масур Хан өнөө өглөө жиргэжээ.
Эдийн засгийн харилцаагаар баяжин тэлж буй Монгол-Энэтхэгийн харилцаа
Монгол-Энэтхэгийн харилцаа 3000 жилийн түүхтэй гэж судлаачид үздэг. “Эвтэй дөрвөн амьтан” үлгэрийг санаж байна уу? Монгол ардын үлгэр шиг л түгэн дэлгэрч, сургаж ирсэн үлгэр. Эвтэй дөрвийн зураг эсвэл шаазан баримлыг энх амгалан, эв нэгдлийн бэлгэдэл болгон хоймортоо залсан айлууд ч бий. Манай хоёр улсын “оюун санааны хөрш” хэмээх харилцааны өвөрмөц нэр томъёог тайлах энэ мэт сэжүүр цөөнгүй.
“Буддын сургаал бол зөрчил мөргөлдөөнгүй ирээдүйг бүтээх, тогтвортой хөгжлийн зам юм. Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй бүх асуудлын шийдэл нь бурхны сургаалд бий. Бид буддын сургаалийг үүссэн цагаас нь түгээн дэлгэрүүлж, бусдад өгч ирсэн соёлоо үргэлжлүүлнэ” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн жил Дэли хотноо болсон Дэлхийн буддын дээд чуулганыг нээхдээ хэлж байсан юм. Мөн Энэтхэг улсын сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилтыг буддын гүн ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой хэмээн онцолж байв. Садри буюу үндэсний хантаазыг Ерөнхий сайдаар гурван удаа сонгогдож байсан Ж.Неру өмсдөг байсан гэдэг. Харин одоо дахин боловсруулж бүтээсэн эко даавуугаар хийсэн садриг “Модигийнх” гэж нэрлэх болжээ.
Модигийн манлайллын үед Монгол-Энэтхэгийн харилцаа “оюун санааны хөрш” байхаас тэлж, эдийн засгийн харилцаагаар баяжиж эхэлсэн. Хоёр талын стратегийн түншлэлийг соёл, шашны харилцаагаар хязгаарлалгүй эрүүл мэнд, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоо, соёл урлаг, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлж байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр, Зайсанд баригдаж буй Энэтхэг-Монголын хамтарсан сургууль, удахгүй нээлтээ хийх Мэдээллийн технологийн төв зэрэг төслүүдийг нэрлэе.
Мөн манай улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд худалдан авдаг. Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахаар биечлэн зорьдог улсын нэг. Энэтхэгийн эмнэлгийн үйлчилгээ, эмч мэргэжилтнүүдийн чадвар дэлхийн түвшинд хүрсэнээс гадна төлбөр нь бусад улсаас харьцангуй хямд, англи хэлээр харилцах боломжтой зэрэг давуу талуудтай. Манай улсаас 2023 онд 400 гаруй иргэн БНЭУ-ын Элчин сайдын яаманд эрүүл мэндийн виз мэдүүлсэн бол, 2024 он гарсанаас хойш 100 гаруй хүн мөн энэ төрлийн виз авчээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлахдаа Хавдар судлалын Үндэсний төвөөр зочилж байсан түүхтэй. БНЭУ эрүүл мэндийн салбарт манай улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь тодорхой харуулдаг. Манай Засгийн газар монгол хүн бүрийн амьдралд хамаарах эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах энэхүү боломжийг дорвитой хөтөлбөр болгоход анхаараасай.
Н.Модигийн шинэ Засгийн газар ядуу орноос хөгжингүй улс болох, дэд бүтцийн хөгжил, дижитал эдийн засгаа тэлэх бодлогуудаа эрчимжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Цааш нь 2014 онд анх сонгогдохдоо амласан ядуучуудын амьдралын чанарыг дээшлүүлэх нийгмийн халамжийн хөтөлбөрүүдээ улам нарийвчлан хэрэгжүүлэхээр амласан.
Өнгөрсөн хавар Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн хүүгийн тансаг хуримыг дэлхийгээрээ үзэж баясав даа. Марк Зукербэрг, Билл Гэйтс, Иванка Трамп нар зочны суудалд тухалж, Рианна бүтэн концерт тоглосон. Амбани овогтын алт, эрдэнэст булхсан дүр зургуудаас харвал энэтхэгийн саятнуудын амьдрал гялтганасаар байгаа юм билээ. Гэвч Бхарат нэртэй ч болж мэдэх БНЭУ-ын хүн амын 90 гаруй хувь нь дундаас доош буюу 2770 ам.доллараас бага орлоготой гэж Дэлхийн тэгш бус байдлын төвийн судалгаанд дурджээ. “Шидэт Моди” дараагийн таван жилд амлалтаа хэрхэн биелүүлэхийг харцгаая.
С.ЭНХЦЭЦЭГ





Leave a comment