Ес дэх удаагийн УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаа эхлээд 3 хонож байна. Сурталчилгаа албан ёсоор эхлээд 3 хонож байгаа ч эрх баригч МАН-ын “далд” сурталчилгаа он гараад л эхэлсэн л дээ.

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьж буй хэдэн сэдэв байна. С.Зоригийн хэрэг, АТГ, шүүх, прокурорын байгууллагын хамжлагатай бий болгосон хэлмэгдүүлэлтийн хонгил, авлигал гэсэн сэдвүүдээр гол цохилтоо өгч үүнд таарсан эерэг болоод сөрөг дүрүүдийг гаргаж ирлээ. Эерэг дүрээр С.Зориг, Б.Булган, С.Зоригийн хэргээр ял авсан болон хэлмэгдүүлэлтийн хонгилоор чирэгдсэн хохирогчид (хонгилын хохирогчдыг нийгэмд илчлэх үүргийг ТВ9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг хүлээж буй), мэдээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тодорч байгаа бол сөрөг дүрийн манлайд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, П.Цагаан, С.Баярцогт гэсэн АН-ынхан тодорч байна.

Сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн сурталчилгаа залуу үе рүү хандсан контентоор баяжлаа. Мэдээж энэ сегментийн контентийг түгээгчид нь сошиал инфлүенсерүүд. Гол дүр нь sekstsagaanbogd нэрээр залуу үеийнхний дунд нэр нь түгсэн реппер Б.Гантулга гэдэг залуу тодорч байна. Уржигдархан Ерөнхий сайд маань реппертэй бичил ярилцлага хийснээ теле сувгуудаар цацсан. 1000 ам.долларын үнэтэй хүүдий цамц өмссөн Ерөнхий сайд, реппер хоёрын яриа чөлөөтэй байхыг хичээгээд ч угаас нэг долгион дээр яриа харилцан яриа үүсгэх боломжгүй байсныг нэвтрүүлгийн үсэрсэн монтаж илтгээд өгсөн.

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн алдарт “Сэгс цагаан богд” найраглалын нэрийг өөрчлөн галиглаж сошиал нэрээ болгосон реппер залуу МАН-ын пиарын эргүүлгэнд нэгэнт орсонд фенүүд нь харамсан халаглаж байгааг сошиалд урсах сэтгэгдлүүдээс харж болно. Ялангуяа Сексцагаанбогдын өнөөдөр цацагдсан “Миний буруу” клип үнэнч фэнүүдийг нь нүдээ нээх биш анихад хүргэлээ. Клип Сексцагаанбогдын “залуучуудаа нүдээ нээ л дээ, яг хэний буруу юм бэ” үгээр төгсдөг.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн сурталчилгаа буруутныг олж шонд өлгөх, шинэ түүхийн эзэн өөрөө байх болно гэдгийг нотлох чиг шугамтай явж байна. Нүдээ нээгээд харвал энэ чиг шугам дараах дүр зургийг илтгэнэ.

Мэдээллийн монополчлол

Сурталчилгааг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНТВ, өөрсдөдөө хууль батлуулан хэрэглэгчдийн төлсөн контентийн мөнгөөс хувь хүртэж буй өргөн нэвтрүүлгийн гэгдэх 18 телевизийн сувгаар чөлөөтэй цацаж байгааг сувгийн монополчлол гэж нэрлэх нь зөв. Мэдээж телевизүүдэд, үндэсний ТВ-ийг оруулаад, цацалтын мөнгө төлж байгаад эргэлзэхгүй байна.

Мөнгө хөрөнгөний монополчлол

Л.Оюун-Эрдэнийн сурталчилгааны цуврал нэвтрүүлгүүдийг харахад хөрөнгө санхүүгийн хувьд гар татсан байдал огт ажиглагдахгүй байна. Сурталчилгааны санхүүжилтийн эх үүсвэр хаанаас гарч байна вэ?

Эцэг нэгтэй ах Б.Баатарын “Херо” студи эдгээр ажлын голыг нугалж байгаа. “Херо” студийн видео контент хийц, өнгөний хувьд хэзээнээс ялгарч ирсэн онцлогтой бөгөөд үүнийгээ ч олон сонгууль дамжин, тухайн үеийн нөлөө бүхий улстөрч, намд ашиглуулж ирсэн. Харин энэ удаа нэг гэрт өсч, нэг тогооноос хоол идээгүй ч улс төрийн оргилд хүрч чадсан цус нэгт дүүдээ чадвараа ашиглуулах нь зүй ёсны.

Хүн хүчний монополчлол

Нийгэмд нөлөөлөгчид, пиар технологид мэргэшсэн хүмүүс, ТВ эфирээр олонд танигдсан сэтгүүлчид, бичиж туурвигчид гээд бүхэл бүтэн армийг МАН хөлсөлж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийнхний ганц ажил олгогч, реклам олгогч нь төрд байгаа МАН болоод удаж байна.

Үзэл суртлын монополчлол

МАН-ын сурталчилгааны цуврал контентууд нь Ерөнхий сайдын гялгар хавтастай, гоё ном болгон хэвлүүлсэн “Алсын хараа 2050”-иа ярихгүй байгааг анзаарсан биз. Шинэ 30 жил гэдэг нэр томъёог хүмүүсийн тархинд суулгаж, өнгөрсөн 30 жилийг харлуулах, тэр 30 жилийн буруутан нь АН байсан гэсэн ойлголтыг түгээх, АН-ын лидерүүдийг Монголын хөгжлийг гацаагчид гэсэн номлолыг цуцалтгүй ярьж байна. Гэтэл үнэндээ өнгөрсөн 34 жилийн 28-д нь МАН засагласныг, засаглах үедээ улсын төсвийг, уул уурхайн баялгийн орлогыг МАН-чид хэрхэн хулгайлсныг ярихгүй байна. Хөгжлийн банкны, нүүрсний, ногоон автобусны, эмийн үнийн, ашигт малтмалын лицензийн сонсголоор МАН-чид яаж засагласныг баримтаар нотолсон. Баримтыг үзэл суртлаар дардаг соц үеийн үзэл суртлын технологийг ашиглаж байгаа нь л Л.Оюун-Эрдэнийн МАН ирж яваа Монголын шинэ 30 жилийн дууг дуулж чадахгүй гэдгийг илтгэнэ.

Шинэ 30 жилийн түүхийг эхлүүлнэ гээд байгаа нь одоо зогсч байгаа цэгээсээ цаашаа зөв замаар явна гэсэн санаа бололтой. Ямар ч нийгэм түүхийнхээ өмнөх үеийн өвийг тээж явдаг болохоос тийрч унагаад гар хөсөр явах ямар ч боломжгүй. Ачаа хөнгөрч болох ч алсын хараа бүдгэрнэ.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending