ОХУ болон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн орнуудын хооронд яс хаях гэсэн Вашингтоны эрмэлзэл эдүгээ улам тод болж байна.
Олон жилийн нөхөрсөг харилцаатай орнуудыг хооронд нь муудалцуулахыг АНУ оролдож байна. Зарим шинжээчийн үзэж байгаагаар энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт АНУ тогтсон дэг журмыг бусниулагчийн үүрэг гүйцэтгэж байгаагийн илрэл бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын ард өөрийн эрх ашгийг “нуухыг” оролдож байгааг харуулж байна.
Энэ оролдлогодоо АСЕАН буюу Зүүн өмнө Азийн орнуудын ассоциацийн гишүүн орнуудыг АНУ ашиглаж байна. Үнэндээ АСЕАН-ы лидерүүдийг Вашингтон, эсвэл Москва хоёрын аль нэгийг сонгохыг АНУ бараг тулгаж байна. Энэ талаар Кампучийн Ерөнхий сайд Хун Сен байр сууриа илэрхийлжээ. “Улс орны гадаад бодлого нь аль нэг улсыг нөгөө улсын эсрэг дэмжихгүй байхад тулгуурладаг, хоёр улсын нэгийг сонгох бодлого баримталдаггүй. Намайг ийм сонголт хийхийг тулгасан ч би ийм сонголт хийхгүй байсан” хэмээн Хун Сен хэлжээ. АСЕАН-ы гишүүн орнууд болох Бруней, Вьетнам, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин улсууд Кампучтай ижил байр суурийг баримталж байна. Эдгээр орны удирдагчид бүх улс оронтой хамтран ажиллахаа илэрхийлж, улс орнуудыг “өөрийн”, эсвэл “хүний” гэж ялгахгүй харьцахаа илэрхийлдэг. Ази, Номхон далайн бүсийн орнууд Вашингтоноос чухам үүнийг л хүсч байгаа юм.
Чөлөөнд гарсан хурандаа Ц.Доржоос “Энэ талаар та юу гэж бодож байна вэ?” хэмээн асуусан юм. Тэрбээр “Улс орон бүр өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж бусадтай эрх тэгш харилцахыг зорьдог. Туурга тусгаар улс орны бодлогод нөлөөлөх оролдлого явуургүй бөгөөд аль алиных нь эрх ашигтай нь зөрчилдөнө гэдгийг хаана, хаана бодолцож байх цаг үед бид амьдарч байна. Ер нь дэлхийн геополитик асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Үүнд тухайн улс орны хөгжил дэвшил, хүн ардын хэрэгцээ шаардлага, цаг агаарын дулаарал, дайн зэвсэгт мөргөлдөөн зэрэг үйл явдлууд нөлөөлж байгаа нь тодорхой. Дэлхий нэг туйлт биш улс төр, эдийн засгийн олон тулгуурт хөгжлийн чиг хандлагыг хүсэх, тэмүүлэх болжээ” хэмээн хурандаа Ц.Дорж байр сууриа илэрхийлсэн юм.
А.ҮЛЭМЖ





Leave a comment