Казахстаны нийслэл Астана хотноо ШХАБ-ын дээд хэмжээний өнөөдөр /2024.07.03/ уулзалт эхэлж байна. ШХАБ-ын дүрэм ёсоор гишүүн орнууд жил жилээр ээлжлэн тэргүүлж, дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтыг хариуцдаг. 2024 онд ШХАБ-ыг Казахстан тэргүүлж байна. Казахстан улс ШХАБ-д байгуулагдсан цагаас нь анхны таван гишүүний нэг байж, өнөөг хүртэлх хөгжилд онцгой үүрэгтэй оролцож ирсэнийг Казахстаны Ерөнхийлагч Касым-Жомарт Токаев хэвлэлд өгсөн ярилцлагадаа удаа дараа онцолжээ.
Дээд хэмжээний уулзалт Беларусийг жинхэнэ гишүүнээр элсүүлэх ёслолын ажиллагаагаар эхэлнэ. Беларус улс 2010 онд түншлэгч орны статустайгаар ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцож эхлээд удалгүй ажиглагч орны статус руу шилжсэн. Беларус ийнхүү статусаа дээшлүүлснээр ганцхан Монгол Улс ШХАБ-ын ажиглагч статустай үлдэж байгаа юм.
Нэгэн үе 6-6-6 буюу жинхэнэ 6, ажиглагч 6, түншлэгч 6 орон гэсэн бүрэлдэхүүнтэй байсан ШХАБ байгуулагдсаныхаа 15 жилийн ойгоор буюу 2016 онд Ташкент хотноо болсон дээд хэмжээний ээлжит уулзалтаараа Энэтхэг, Пакистаныг жинхэлж 8-4-6 гэсэн харьцаатай болж байсан бол одоо 10-1-14 гэсэн харьцаатай болж байна. Өнөөдөр Астанад Беларуссийг жинхэлснээр 10 гишүүн (БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларус), ажиглагч 1 (Монгол), түншлэгч 14 (Азербайжан, Армян, Бахрейн, Египет, Кампуч, Катар, Кувейт, Мальдив, Мъянмар, Непал, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Турк, Шри-Ланк) орон гэсэн бүрэлдэхүүнтэй бол дэлхийн хуурай газрын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний газар нутгийг хамран өргөжжээ. Дэлхийн хүн амын бараг тал хувьд ШХАБ-д хамааралтай гэсэн үг.
Астанагийн гол сюрприз нь Беларус биш ШХАБ+
Энэ жилийн дээд хэмжээний уулзалтын гол сюрприз нь 10 дахь гишүүнээр элсч буй Беларус биш ШХАБ+ гэсэн формат юм. ШХАБ-ын түүхэнд анх удаа ШХАБ+ гэсэн форматаар өргөтгөсөн хуралдаан хийх бөгөөд энэхүү хуралдаанд статус харгалзахгүйгээр ШХАБ-д данстай бүх улс, нэмээд НҮБ тэргүүтэй олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд оролцоно. ШХАБ+ хуралдаан долдугаар сарын 4-ны өдөр болох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш уулзалтад оролцоно.
НҮБ-аас гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг нэгтгэдэг хэд хэдэн байгууллага, тухайлбал, Conference on Interaction and Confidence-Building Measures in Asia, Collective Security Treaty Organization, Commonwealth of Independent States (Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл), мөн Иран, Турк, Пакистаны үүсгэн байгуулсан Economic Cooperation Organization, бас Islamic Organisation for Food Security гэсэн байгууллага төлөөллөө оролцохоор байгааг зохион байгуулагчид ойрын өдрүүдэд хэвлэлд мэдээлжээ.
Аль 2010 онд НҮБ болон ШХАБ-ын хооронд Хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл зурагдсанаар ШХАБ нь НҮБ-ын Ерөнхий ассамблейд ажиглагчаар оролцож ирсэн. Харин өнгөрсөн 2023 оны есдүгээр сард НҮБ-ын ээлжит 77-р Ерөнхий ассамблейн үеэр НҮБ болон ШХАБ-ын хамтын ажиллагааны тухай тогтоолыг баталсан.
ШХАБ+ формат нь энэ байгууллагын гол хоёр лидер БНХАУ, ОХУ-ын хувьд олон улсын харилцаанд нөлөөлөх геополитикийн гол хэрэгсэл болох нь.
А.ҮЛЭМЖ
Жич: Kazinform агентлагийн зургийн коллажийг ашиглав





Leave a comment