Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт энэ оны долдугаар сарын 19-нд 4 жил 9 сарын хорих ял оноосон юм. Анхан шатны шүүх хурал хаалттай явагдсан. Н.Өнөрцэцэгийн буруутгагдан ял авсан 5 зүйл анги дотор улсын нууцтай хамаарах хэрэг байгаа юм. Анхан шатны шүүхийн үеэр ч давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн ч Н.Өнөрцэцэгт хамаарах хэргийн улсын нууцад хамаарах зүйл ангиас бусад хэргийг нээлттэй шүүх саналыг Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид, ар гэрийнхэн, сэтгүүлчдийн зүгээс олонтаа тавьсан ч давж заалдах шатны шүүх хурлыг хаалттай хийж байна. Мөн УИХ-ын зарим гишүүн, МСНЭ-ийн зүгээс шүүх хуралд оролцох хүсэлт тавьсан ч хүсэлтийг хүлээн аваагүй билээ.
Давж заалдах шатны шүүх хурлыг хаалттай явуулах талаарх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн процессийн тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
“Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
2024.11.05 Иргэн Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, холбогдох ажиллагаа хийж, хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагт эхлэн явуулахаар товлосон.
Уг эрүүгийн хэргийг нээлттэй явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа ирүүлж байгаа бөгөөд тухай бүрт нь зохих хариуг бичгээр хуульд заасан журмын дагуу өгсөн болно.
Гэвч, цаашид уг асуудалтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж үзсэн тул энэхүү процессын тойм гаргаж байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг төрийн маш нууцын зэрэглэлд хамаарсан баримт, мэдээлэл авагдсан төдийгүй, хэргийн зарим хохирогч нь бага насны хүүхэд болон хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай мэдээллүүд агуулсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах зохицуулалттай байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй, заримыг нь хаалттай явуулахаар шийдвэрлэх эрх тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарахгүй байна.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ” гэж заасныг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээлэл бүхий хавтаст хэрэг нь бүхэлдээ “Маш нууц”-ын зэрэглэлд хамаарч нийтэд нь тэмдэглэгээ хийсэн байна.
Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “бусад оролцогч” гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг; 1.13 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан тул Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн оролцогч биш этгээдийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна.
Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг” гэжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг ийнхүү удаа дараа хаалттай шүүж байгаа нь Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөнд асар халтайг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал, олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүхийн хэрэгтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд,
“Монгол Улс хорих ял шийтгүүлсэн сэтгүүлчийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хаалттай явуулах нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах ноцтой үр дагавартай
Энэ онд хорих ял шийтгүүлсэн Монголын сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болохтой холбогдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна. Хаалттай явагдах уг шүүх хуралдаан нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр хөсөрдүүлэх эрсдэл авчрах аюултай жишиг тогтооно.
Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр товлогдсон Zarig.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 11 дүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн.
Өнгөрсөн долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хаалттай хуралдаж, сэтгүүлчид 4 жил 9 сарын хорих ял оноосон. Н.Өнөрцэцэгийг “татвар төлөхөөс зайлсхийсэн”, “хувь хүний нууцыг задруулсан”, “төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан”, “мөнгө угаасан”, “илт худал мэдээлэл тараасан” гэх 5 зүйл ангиар буруутгасан. Тус шүүхээс шүүх хуралдааныг хаалттай явуулсан үндэслэлээ үндэсний аюулгүй байдал болон бага насны хүүхдийн эмзэг мэдээллийг хамгаалах үүднээс хэмээн тайлбарласан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх аливаа мэдээллийг бүрэн хааж байгаа нь түгшүүр төрүүлж байна.
Монголын иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явцыг ихээхэн шүүмжилж, сэтгүүлчийг буруутгаж байгаа үндэслэл нь ноцтой хэдий ч шүүх хуралдааныг хаалттай явуулсанд түгшиж буйгаа илэрхийлсэн. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд, энэхүү шийдвэр нь ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж, улмаар “хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, сэтгүүлчдэд өөрийн цензурыг бий болгох” үр дагавар авчирна гэж мэдэгджээ.
“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр шүүх хуралдааныг хаалттай явуулж, сэтгүүлчид 5 шахам жилийн хорих ял оноосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Монголын сэтгүүлчдийг олон нийтийн ашигт нийцсэн сэдвээр эрэн сурвалжлахаас эмээхэд хүргэж болзошгүй аюултай жишиг тогтоож байна. Тус хэргийг хянан хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хуралдааныг ил тод, олон нийтэд аль болох нээлттэй явуулахыг уриалж байна.
Н.Өнөрцэцэг нь Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөнгө угаасан үйлдлийг эрэн сурвалжилж, илчилснээрээ олонд танигдсан. RSF-т байгаа мэдээллээр, сэтгүүлч үүнийхээ төлөө нэр төр гутаасан гэх хэргээр 16 удаа шалгагдаж байв. Өнөрцэцэгт анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ олон нийтийн сүлжээнд шүүхийн үйл ажиллагааг шүүмжилсний төлөө “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгасан ба улмаар түүнийг хүнд гэмт хэргээр ялласан. Сэтгүүлчийг 2023 оны арванхоёрдугаар сард баривчлан саатуулж, хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьсоны дараа суллаж, хорих анги руу явуулах хүртэл гэрийн хорионд байлгасан.
Монгол Улсын Засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг сахих үүрэг амлалт өгсөн боловч тус улсад хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал доройтсоор байна. 2024 оны тавдугаар сард сэтгүүлч Аюурзанын Баярмааг баривчлан саатуулж, улмаар Шадар сайд асан, одоогийн УИХ-ын гишүүний хууль бус шинжтэй үйлдлийг илчилсэнтэй холбогдуулан яллагдагчаар татсан.
Монгол Улс 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оноос хойш 36 байраар эрчимтэй ухарсан үзүүлэлттэй байна. Сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх нь түгээмэл үзэгдэл болж, хэвлэл мэдээллийн төвлөрөл өрнөж, улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт, авлига хээл хахууль нэмэгдэж буй нь тус улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг “хүнд” гэсэн ангилалд тооцогдоход хүргэж байна” хэмээн “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын мэдэгдэлд дурджээ.
А.ЧАНДМАНЬ





Leave a comment