Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээ албажих дөхжээ. Монголоос ОХУ руу гаргаж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй гаалийн татварын хэмжээ хэт өндөр (бараа бүтээгдэхүүнээс хамааран 20-50%) байгааг бууруулж өгөөч гэж монголчууд бараг 30 жил гуйсан боловч нааштай хариу авч байгаагүй. Монголын албан ёсны айлчлал болгонд шахам хөндөгддөг байсан энэ сэдэв ердөө нэг жилийн дотор ийнхүү баталгаажих шатандаа оржээ. Хамгийн богино хугацаанд боловсрогдож, баталгаажсан гэрээ гэсэн рекорд тогтоож байна.

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2023 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 25 дугаар хуралдаанаар Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той Монгол Улс түр хугацааны угтвар гэрээ байгуулах тухай анх яригдсан. Энэ оны гуравдугаар сард ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа гэрээг 2024 ондоо багтаан байгуулах болно хэмээн мэдэгдэж байсан.

“Монгол Улс ЕАЭЗХ-г сонирхож байгаагаа аль 2015 онд илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар болон ЕАЭЗХ-ны хооронд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар яригдаж ирсэн. Гишүүн орнуудын нэгдсэн нэг гаалийн орон зай бол ЕАЭЗХ-ны үндсэн суурийн нэг юм. Гэтэл дараа гэнэт монгол түнш маань зөвхөн ОХУ-тай импортын татвар болон гаалийн тарифыг тэглэх талаар шаардаж эхэлсэн. Гэтэл манай улсын гадаад худалдааны гаалийн дэглэм нь ЕАЭЗХ-ны гишүүн 5 орны нэгдмэл бодлогоор зохицуулагдаж байгаа. Эцэст нь бидний тайлбарыг монголчууд сонсч улмаар өнгөрсөн онд түр хугацааны угтвар гэрээ байгуулах харилцан ойлголцолд хүрсэн” хэмээн Элчин сайд Алексей Евсиков уг ярилцлагадаа хэлж байжээ.

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монголд хийсэн айлчлалын дараахан “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа ч гэрээг энэ 2024 ондоо багтаан ЕАЭЗХ батална гэдгийг Элчин сайд давтан хэлсэн. Энэ оны ШХАБ болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудын үеэр Оросын талаас гэрээ байгуулах ажил амжилттай явж байгааг онцолж ирсэн.

ОХУ, Казахстан, Киргизстан, Беларус, Армян улсыг нэгтгэсэн ЕАЭЗХ-той Монгол Улс 2015 онд Хамтын ажиллагааны санамж бичиг зурж, ШХАБ-ын нэгэн адил ажиглагчийн байдалтай, хамтын ажиллагаа багатай явж ирсэн. ЕАЭЗХ-ны гишүүн улсууд хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр үйлчилж, гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэгждэг. Украины дайнаас хойш ОХУ барууны эдийн засгийн хоригт орж, эдийн засгаа тэтгэх хамтын ажиллагаагаа дорно зүгт чиглүүлэх болсноос хойш монголчуудын олон жил тавьж ирсэн худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, гаалийн татварыг бууруулах хүсэлтийг ийнхүү хүлээн авч байна.

ЕАЭЗХ-ны дүрэм ёсоор одоо гишүүн орнуудын Засгийн газар гэрээг баталж байгаа. ОХУ-ын Засгийн газар уг гэрээг арванхоёрдугаар сарын 7-ны өдөр батламжилсан байна. Гишүүн орнууд гэрээг баталсаны дараа ЕАЭЗХ-ны Дээд зөвлөлийн хурлаар батламжилна. Үүний дараа гишүүн орны хууль тогтоох дээд байгууллага ёсчилсноор хэрэгжиж эхлэх учиртай. ЕАЭЗХ-ны гишүүдийн хурал өнгөрсөн тавдугаар сард Москва хотноо болсон бөгөөд энэ хурлаар Монгол Улстай гэрээ байгуулахыг санал нэгтэй дэмжсэн. Холбооны Дээд зөвлөлийн хурал он дуусахын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 25 хавьцаа болох товтой байгаа бөгөөд энэ үеэр Монгол Улстай хийх Чөлөөт худалдааны түр гэрээг батлах албан бус мэдээтэй байна. Энэ хуралдааны өмнөхөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 26 дугаар хуралдаан Москва хотноо болох учиртай.

Зургийн тайлбар: ЕАЭЗХ-ны 2024 оны тавдугаар сард Москвад болсон хурлаар Монгол Улстай байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээг дэмжсэн

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук энэ оны арваннэгдүгээр сарын 27-нд Gazeta.ru-д өгсөн ярилцлагадаа Монгол Улстай гэрээ байгуулахаар хүлээгдэж байгааг мөн нотолжээ.

Иран улс энэ оны тавдугаар сард ЕАЭЗХ-той манайтай төстэй гэрээг байгуулсан.

Оросын талаас ийнхүү удаа дараа гэрээний явцын талаар өндөр дээд албан тушаалтнууд мэдэгдэл хийж байгаа бол харин Монгорлын талаас энэ талаар албан ёсны мэдээлэл, байр суурь илэрхийлсэн зүйл бараг ажиглагдсангүй өдийг хүрлээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэхүү гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн, энэ 7 хоногт УИХ-ын холбогдох Байнгын хороод хэлэлцэнэ.

ЕАЭЗХ-той байгуулах гэрээ байгуулагдсанаар эрх ашиг нь хөндөгдөх магадлалтай хувийн хэвшлийнхэн, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид энэ талаар бүрэн мэдээлэлтэй байгаа эсэх нь эргэлзээтэй. Дээр нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ажилладаг МҮХАҮТ-ын удирдлага шинэчлэгдсэн цаг хугацаатай гэрээ байгуулах мөчлөг давхцаж, шинээр сонгогдсон удирдлага уг гэрээг байгуулах ажлын хэсэгт байгаа гэсэн мэдээлэл анхаарал татаж байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Төр-Од нь энэ албан тушаалд очихоосоо өмнө ажлын хэсэгт ажиллаж байсан болж таарч байгаа юм. Өмнөх удирдлагынх үед ЕАЭЗХ-той байгуулахаар зэхэж буй гэрээнд нухацтай хандах шаардлагатай гэсэн мэдэгдлийг гаргаж байжээ.

375 бараа, бүтээгдэхүүн уг гэрээнд хамрагдана

Одоо харилцан тохиролцсон байгаагаар хоёр тал тус бүр 375 бараа, бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлтөд хамруулна. Олон улсын мөрдөгдөж буй гаалийн бүртгэлийн системээр задалж үзэх юм бол Монголын 375 нэр төрлийн бараа нь 600 илүү гаалийн код болон задрах ажээ. Монголоос ЭАЭЗХ руу мах махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир гэсэн 3 сегментийг сонгон авч (үүнээс гадна “бусад” гэсэн ангилал бий) татваргүй, эсвэл хөнгөлөлттэй тарифаар экспортлох гэрээнд хамрагдана. Мах, махан бүтээгдэхүүн гэсэн ангилалд өмнө нь 9 төрөл байсан бол 29, арьс шир 24 байснаа 60, ноос, ноолууран бүтээгдэхүүн 64 байснаа 204 болон нэмэгдэж байгаа нь экспортлогч аж ахуйн нэгжид боломж бий болно гэж албаны эх сурвалж тайлбарлаж байна.

Мөн гаалийн цахим бүрдүүлэлтийг харилцан хүлээн зөвшөөрнө хэмээн гэрээнд тусгасан нь дэвшил гэж харагдаж байна.

Дотоодын үйлдвэрлэгчид эрсдэлд орох аюул байна

Гэвч Монголын дотоодын үйлдвэрлэгчдээс экспортын нөхцөл, шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээнд үйлдвэрлээд, агуулахдаа өрөөд тавьчихсан аж ахуйн нэгж бий юу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Монголчуудын хамгийн их ярьдаг мах, махан бүтээгдэхүүн гэхэд экспортын эрүүл ахуйн шаардлага хангаж чадахгүй гэдэг тайлбарыг ганц Орос биш бусад улс орнууд байнга тавьсаар ирсэн. Энэхүү гэрээ байгуулагдаад хэрэгжээд эхэллээ гэхэд Монголын дэлгүүр хоршоогоор Орост үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн лангууг нь дүүргэх дүр зураг хамгийн түрүүнд бууж байна. Одоо Оросоос хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд л татваргүй барааны жагсаалтад орсон, нэмэгдсэн зүйл бараг байхгүй гэж мэдэгдэж байгаа ч үйлдвэрлэх хүчин чадал, өртгийн хувьд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнийн өрсөлдөөнд ялагдаж, зах зээлээс шахагдах эрсдэл бий болохоор байна.

Эрдэс бүтээгдэхүүний хувьд бусад төрлийн цемент, хромын исэл, хуванцар гэсэн нэр төрөл, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хувьд хөвөн, мяндсан даавуу, төмрийн хайлш, ган төмөр, трансформатор, машины эд анги зэрэг 41 төрлийн бараа, бүтээгдэхүүн нэмэгджээ.

Дотооддоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүний зах зээлээ хэрхэн хамгаалах асуудал хамгийн их анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр улаан буудай, өндөг,хуурай сүү, малын тэжээл гэсэн 4 төрлийн бараа, бүтээгдэхүүний хувьд Монголын нөхцөл байдал эмзэг байна. Эдгээр бараан дээр Оросоос орж ирэх хэмжээнд ямар нэг квот тавигдахааргүй байгаа юм. Гэрээний нөхцөл дотор хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн дараа зах зээлийн үзүүлэлтэд үндэслэн, тухайлбал, төлбөрийн тэнцэл аль нэг талдаа сөрөг байхаар байвал дотоодын зах зээлээ хамгаалах үүднээс хоёр талын хамтарсан ажлын хэсэг барааны жагсаалтыг өөрчилж болно гэсэн заалт оруулсан гэж байгаа ч зах зээлээ нэгэнт алдсан компани дахин хөл дээрээ босох боломж бараг байхгүй.

Энэхүү түр гэрээ нь 3 жилийн хугацаатайгаар хийгдэхээр яригдаж байгаа.

БНСУ-тай хийх гэрээний тухайд

Монгол Улс ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны түр гэрээ байгуулах бол БНСУ-тай яригдаж байгаа гэрээ нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Хэлэлцээрийн дөрвөн үе шатны яриа хэлцлийг хоёр талаас хийгээд байгаа бөгөөд он гараад тав дахь шатны хэлэлцээг хийхээр төлөвлөж байна.

Монгол Улс өмнө Япон улстай 2015 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, энэ нь Монголын эдийн засагт эерэг өөрчлөлтийг авчирна гэж найдсан ч хүлээлтэд хүрээгүй, хоёр орны хоорондох экспорт, импортын үзүүлэлт хэлэлцээр байгуулагдаж байх үеийнхээс бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гашуун сургамж бий.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending