Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа (2024.12.18) Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-той байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээг зурахаа түр хойшлууллаа.
Засгийн газрын Хэвлэлийн албаны албан мэдээнд энэ тухай дурдагдаагүй ч хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр Шадар сайд С.Амарсайханы ийнхүү мэдэгдсэн бөгөөд Монголын хувийн хэвшлийн ААН, компаниудын хүсэлтэд үндэслэн ийм шийдвэр гаргасан гэлээ. Шадар сайд “түр” гэдэг нь хэдий хугацаа гэдгийг онцлоогүй боловч Оросын талын гаргаж байгаа идэвхийг харвал нэг их удахгүй энэ асуудлыг босгож ирэх болов уу.
ЕАЭЗХ-той Монгол Улс Чөлөөт худалдааны 3 жилийн түр гэрээ байгуулах ажил 2024 оны турш эрчимтэй өрнөж, албан ёсны түвшинд үзэглэх дээрээ тулаад байсан. Хэдийгээр дотоодын ААН-үүдийн хүсэлтээр түр хойшлууллаа гэж мэдэгдсэн ч үнэндээ эсэргүүцэлтэй тулсан учраас ийнхүү хойшлууллаа. Энэхүү гэрээ байгуулах үйл явцад дотоодын хувийн хэвшлийнхний санаа бодлыг бүрэн тусгаагүй, гэрээ байгуулагдсанаар дотоодын зарим үйлдвэрлэгчид, тэр дундаа, хүнс, ХАА эрхлэгчдийн зах зээл дэх байр суурь ганхаж, цаашлаад дампуурах эрсдэлтэй гэсэн эсэргүүцлийг хувийн хэвшлийнхэн сүүлийн нэг сарын хугацаанд идэвхтэй илэрхийлсэн юм.
Уг гэрээгээр Монгол Улс болон ЕАЭЗХ (уг холбоонд ОХУ, Беларус, Казахстан, Армян, Киргизстан багтдаг) тус бүр 375 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр нэвтрүүлэх юм.
Энэ долоо хоногт зурагдах байсан уг гэрээний хувилбар болон хоёр талаас харилцан татваргүй нэвтрүүлэх 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг эндээс үзнэ үү.
Энэ сэдэвтэй холбоотой өмнөх нийтлэлийг унших
Д.НАРАНТУЯА





Leave a comment