Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шинэчлэн боловсруулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Эдгээр хуулийн нэг нь Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.
Монгол Улс тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг 1992 оны Үндсэн хуульдаа баталгаажуулаад дагалдах журмыг хуулиар зохицуулахаар заасны дагуу 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг батлан гаргажээ. Үүнээс хойш 30 гаруй жилийн турш жагсаал, цуглаан хийхтэй холбоотой бүхий л үйлдлийг энэхүү хуулиар зохицуулж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монголчуудын хийж ирсэн жагсаал, цуглаан болдог гол газар нь Сүхбаатарын талбай байлаа. Иргэний хөдөлгөөнийхний улаан лоольтой жагсаал, Э.Бат-Үүлийн трактортай жагсаал, “Алтжин Бөмбөгөр”-ийн түймэрт хохирогчдын өлсгөлөн, долдугаар сарын 1-ны жагсаал, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон жагсаал, Ковидын үеэрх зохицуулалтыг эсэргүүцсэн цуглаан гээд бүхий л агуулга, хэлбэрийн том, жижиг эсэргүүцлийн үйлдлүүд Сүхбаатарын талбайд өрнөж ирсэн.
Аливаа улс орны иргэд үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор нэгдэн цуглах нь хүний үндсэн эрхийн нэгд тооцогдож, ардчилсан нийгмийн иргэний идэвхийн нэг хэлбэр гэж үздэг.
“Жагсаал, цуглаан хийхэд төрөөс тусгайлан зохицуулалт хийж оролцох шаардлагагүй бөгөөд учир нь “олон нийтийн арга хэмжээ, цуглааны хяналтыг цагдаагийн үйл ажиллагааны хуулиар, харин эдгээртэй холбоотой эрхийг захиргааны ерөнхий хуулиар зохицуулж болох тул жагсаал, цуглааны асуудлаар тусгайлсан хууль гаргах зайлшгүй шаардлага байхгүй” хэмээн Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний талаарх Венецийн Комиссын байр суурийн эмхэтгэлд дурдсан байдаг.
Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Нээлттэй нийгэм” форум шүүмж гаргажээ. 30 жилийн дараа шинэчлэгдэж буй хуулийн төсөлд олон дэвшилтэт, эерэг заалтуудыг багтаасныг шүүмжид онцлохын сацуу мөн дэмжихээргүй зохицуулалт, заалтууд байгааг ч дурджээ.
Дэвшилтэт, эерэг заалтууд
- Хуулийг хүний эрхээр нэрлэж байгаа нь уг хуулийн үндсэн зорилго нь Үндсэн хуулиар олгогдсон тайвнаар жагсаж, цуглах эрхийг баталгаажуулах явдал ,
- Төлөвлөн, зохион байгуулж хэрэгжүүлдэг цуглаан, жагсаал, өлсгөлөн, суулт зэрэг хуран цуглах уламжлалт хэлбэрээс гадна тодорхой үйл явдал болсон даруй аяндаа үүсэх жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрч, урьдчилан мэдэгдэх боломжгүй энэ төрлийн жагсаал, цуглааны оролцогчдыг цагдаагийн байгууллага хамгаалах үүрэгтэй болохыг заасан,
- Ижил асуудлаар, тухайн цаг хугацаанд өөр газарт, эсхүл өөр асуудлаар ижил газарт болох зэрэгцээ жагсаал, цуглааны хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн,
- Тайван бус жагсаал, цуглааныг тодорхойлж, иргэний үл захирагдахуйн акц нь хүчирхийлэл биш гэдгийг зааглан тодорхойлж өгсөн,
- Өнөөдөр де факто үйлчилж буй жагсаал, цуглаан хийх зөвшөөрлийн тогтолцоог халж, мэдэгдлийн тогтолцоо бий болгоно. Тухайлбал, жагсаал, цуглаан зохион байгуулагч нь энэ тухай мэдэгдлийг нийслэлд 48 цаг, орон нутагт 72 цагийн өмнө цагдаагийн байгууллагад өгснөөр хариу хүлээлгүй жагсаал, цуглаан хийх боломжтой,
- 30 хүртэлх оролцогчтой жагсаал, цуглаанд мэдэгдэл шаардахгүй,
- Жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хүлээн авснаар хүргүүлсэнд тооцно,
- Жагсаал, цуглаан хийж болох болон болохгүй газрыг тодорхойлж өгсөн,
- Жагсаал, цуглааныг хүмүүсээс гадна хуулийн этгээд, хуулийн эрхгүй байгууллага зохион байгуулж болохоор заасан,
- Жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гарсны дараа Хүний эрхийн үндэсний комисст нэн даруй мэдээлнэ,
- Жагсаал, цуглааны үеэр нэг буюу хэсэг хүн хүч хэрэглэж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь тухайн жагсаал, цуглааныг бүхэлд нь тайван бус гэж үзэж албадан тараах үндэслэл болохгүй,
- Хуулийн төслийн өмнөх хувилбарт байсан нүүрээ халхалсан баг өмсөж жагсаал, цуглаанд оролцохыг хориглосон байсныг хассан.
Жагсаал, цуглааныг хаана хийж болох вэ?
Хуулийн төсөлд тусгаснаар жагсаал, цуглааныг нийтийн өмчлөлийн болон хувийн эзэмшлийн газар хийж болно. Тодорхой газрыг сонгохдоо жагсаал, цуглааны зорилгыг илэрхийлэх (жишээлбэл, цаазаар авах ялыг эсэргүүцэх жагсаалыг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийх), эсвэл зорилтот бүлэгт харагдаж, сонсогдож байх (жишээлбэл, төрийн бодлоготой холбоотой жагсаал, цуглааныг Төрийн ордны өмнө хийх) гэх мэт тодорхой зорилготойгоор сонгодог тул жагсаал, цуглааны байршлыг чөлөөтэй сонгох боломж нь жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний салшгүй нэг хэсэг мөн гэдгийг шүүмжид онцгойлжээ.
Жагсаал цуглааныг хаана хийж болохгүй вэ?
Жагсаал, цуглаан хийхийг хориглосон 7 газар байна. Үүнд:
- Нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, буудал: улсын онц чухал дэд бүтэц, олон хүн цугларсан газар аюулгүй байдлыг хангах үндэслэлээр хязгаарладаг.
- Төрийн ордон, түүний нутаг дэвсгэр: Төрийн ордны дотор хэсэг нь олон нийтэд нээлттэй биш тул зарчмын хувьд хязгаарлалт хийх үндэслэлтэй байж болно. Харин Төрийн ордны нутаг дэвсгэр гэдэг нь зарчмын өөр ойлголт юм. Саяхныг хүртэл Төрийн ордны нутаг дэвсгэр нь “Төрийн ордноос зүүн, баруун зүгт 33 метр, урд хойд зүгт 80 метр” хэмжээтэй буюу Сүхбаатарын хөшөөний хойно байх гурван тугны сууриас Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнг багтаасан нэлээд том талбайг хамруулж байв. Энэ зохицуулалтын улмаас Төрийн ордны өмнө жагсаал, цуглаан хийх боломжгүй, албадан тараах нөхцөл болж байлаа. 2022 оны 06 сарын 17-ны өдөр батлагдсан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын 37 тоот тогтоолоор Төрийн ордны нутаг дэвсгэрийн Төрийн ордны байр, түүний өмнөх хүндэтгэлийн цогцолбороор хязгаарлан багасгаж, Сүхбаатарын хөшөөнөөс Хүндэтгэлийн шат хүртэлх талбайн хойд хэсэг, Төрийн ордны хойно байрлах цэцэрлэгт хүрээлэн нь олон нийтэд нээлттэй газар болжээ.
- Эмнэлгийн байгууллага: бол нийтэд хүртээмжтэй үйлчилгээний газар тул ойр хавьд нь жагсаал, цуглааныг бүрэн хориглох нь үндэслэлгүй юм. Эмнэлгийн орчинд хийх жагсаал цуглаанд орц гарцыг хаахгүй байх, чанга яригч ашиглахгүй байх, оройн 22 цагаас хойш дуу чимээ гаргахгүй байх зэрэг эмнэлгийн үйлчилгээнд саад болохгүй байхтай холбоотой нэмэлт нөхцөл тавьж болох ч бүхлээр нь хориглох нь боломжит эрсдэлээс хэмжээ далайцад нийцгүй хэтийдсэн хязгаарлалт болно.
- Улсын онц чухал объект, түүний хамгаалалтын бүс: үүнд гадаадын дипломат төлөөлөгчийн газар, МҮОНРТ зэрэг газар, онц чухал мэдээлэл, эд зүйлийг хадгалдаг паспорт хэвлэлийн газар, дата төв, мөн халдварт өвчний лаборатори, цахилгаан станц, хот суурин газрын усан хангамжийн эх үүсвэр зэрэг Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх улсын онц чухал объектын жагсаалт”-д багтсан 30 объектыг хамруулж байна.
- Төрийн тусгай хамгаалалтад байгаа газар: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар Төрийн ордон, түүний нутаг дэвсгэр, төрийн гурван өндөрлөгийн ажиллаж, амьдарч байгаа байр, тэдгээрийн нутаг дэвсгэр, хөлөглөж яваа унаа зэргээс гадна Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор бүх яам, прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн захиргаа, архив зэрэг 38 байр, байршил багтана.
Цагийн хориглолт
Хуулийн төслийн өмнөх хувилбарын 8.6-д жагсаал, цуглааныг шөнийн цагаар зохион байгуулахыг хориглоод, Хөдөлмөрийн тухай хуулийн 88.1-д заасанчлан, “Орон нутгийн цагаар 22.00 цагаас дараагийн өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно” гэсэн байв. Энэ заалтын улмаас шөнө болон хэд хоног дамнан үргэлжилсэн жагсаал, цуглаан хийх боломжгүй, 22.00 цагаас хойш жагсаал, цуглаанд оролцогчид хамгаалалтгүй болж, уг хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн, эсвэл захиргааны хариуцлагад татагдах, жагсаал, цуглааныг албадан тараах нөхцөл бий болж байлаа.
Ямар зорилгоор жагсаал цуглаан хийж болохгүй вэ?
Хуулийн төслийн 7.5-д дайныг сурталчлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах, эсвэл үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хоригложээ.
Жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа
Хуулийн төсөлд цагдаагийн байгууллага нь жагсаал, цуглааны бүртгэлтэй эсэх, зохион байгуулагчтай эсэхээс үл хамааран зохион байгуулагч, оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заажээ. Ийнхүү цагдаагийн байгууллага нь жагсаал, цуглааны үеэр олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулахын зэрэгцээ жагсагчдыг хамгаалах давхар үүргийг тодорхой заажээ.
Цагдаагийн байгууллага жагсагчдын хүрэхийг зорьж буй зорилтот этгээдэд харагдахүйц, эсхүл сонсогдохуйц байдлыг алдагдуулахад чиглэсэн үйлдэл хийхийг хориглосон заалт хуулийн төсөлд туссан.
Харин хуулийн төслийн 11.4-т “Цагдаагийн албан хаагч нь жагсаал, цуглаанд оролцогчдын талаар мэдээлэлтэй байх” гэсэн нь цагдаагийн албан хаагч мэдээлэл авах зорилгоор жагсагчдын биеийн байцаалтыг шалгах, түр саатуулах боломжтой болох аваас хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэх эрсдэлтэйг анхаарах шаардлагатай гэжээ.
Албадан тараах шийдвэрийг цагдаагийн байгууллагын дарга гаргана
Хуулиар хориглосон газар, зорилгоор зохион байгуулсан жагсаал цуглаан, эсхүл хориглоогүй жагсаал, цуглааны явцад хориглосон нөхцөл байдал үүсвэл албадан тараах бөгөөд албадан тараах шийдвэрийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга гаргана.
Жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гарсны дараа Хүний эрхийн үндэсний комисст нэн даруй мэдээлэхээр хуульчилсан нь албадан тараах үйл ажиллаагаа эхлэх, явцын туршид Хүний эрхийн үндэсний комисс ажиглалт, мониторинг хийх боломжийг хангах юм.
Д.НАРАНТУЯА





Leave a comment