Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, импортыг орлор, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор 2011 оны тавдугаар сард байгуулагдаж байсан Хөгжлийн банк улстөрчид-бизнесийн бүлэглэлийнхний гарын тоглоом болон хувирсан гунигтай түүхтэй. Ариун зорилгоор баталсан хууль тогтоомж, тогтоол шийдвэр хэрэгжих шатандаа гууль болон хувирдгийн тод жишээ бол Хөгжлийн банк.

Хуулийг хэрхэн гууль болгодог гэдгийг УИХ-аас 2023 оны эхний улиралд 3 цувралаар зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол ил болгосон. Энэхүү цуврал нээлттэй сонсголын явцад Хөгжлийн банкны 2012-2022 оны хооронд хийгдсэн нийтдээ 7.6 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийсэн байдаг.

Муу нэртэй, дуу данстай болсон Хөгжлийн банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинэ удирдлагатай болсон. Тус банкны шинэ гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа томилогдсон. Шинэ захирал хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн гольдрилд оруулах, унасан нэр хүндийг сэргээх зорилго, төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд /2025.01.06/ танилцууллаа.

Нээлттэй сонсголоос хойш юу өөрчлөгдөв?

Сонсгол явагдсанаас хойш нийт 33 зээлдэгчийн 1.4 их наяд төгрөгийн зээл, хүү төлөгдөж, бүрэн хаагдсан ба 22 зээлдэгчийн 400.0 тэрбум төгрөгийн зээл хүү нийлээд 1.8 их наяд төгрөг төлөгджээ.

Монголбанкнаас тавьсан шаардлагын хүрээнд зээл төлөгдөхөд учирч болзошгүй эрсдлээс хамгаалах санг 770.0 тэрбум төгрөгөөр байгуулж, банкны өөрийн хөрөнгө хорогдож, хуримтлагдсан алдагдал 538.0 тэрбум төгрөг болсон. Засгийн газар, Сангийн яамнаас дүрмийн санг нэмэгдүүлээгүй, өөрийн хөрөнгийн дутагдалд орсон хэвээр байсаар байгаа учраас санхүүгийн үзүүлэлтүүд баланс дээрээ сайжраагүй хуримтлагдсан алдагдал нь өссөөр ирсэн байна.

Банк байгуулагдсанаас хойш 11.8 орчим урт хугацаат эх үүсвэр татан төвлөрүүлж ажилласнаас өнөөдрийн байдлаар 1.6 их наядын үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 10 гаруй их наядыг буцаан төлсөн, сүүлд 2023 оны 10, 12-р саруудад 500.0 сая ам. долларын Евро бонд, 30.0 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулсан.

Иргэний 7, Эрүүгийн 9 хэрэг шалгагдаж байна

Өнөөдрийн байдлаар 553.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 7 зээл Иргэний шүүхээр хянагдаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэний шүүх дээр 44 зээлдэгчийн 1,562.9 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг нэхэмжилсэнээс 37 зээлдэгчийн 1,235.4 тэрбум төгрөгийн зээлийг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээс 19 зээлдэгч 494.5 тэрбум төгрөгийг төлж, зээлээ бүрэн хаасан. Хууль шүүхийн ажиллагааны явцад хэвийн төлөлттэй байсан зээлүүд нэлээд төлөгдсөн, энэ хугацаанд банкны үндсэн үйл ажиллагаа зогссон зэргээс банкны хүүгийн орлого хумигдаж, орлого, зарлагын баланс алдагдсан байна.

 Үлдсэн 18 зээлийн 666.9 тэрбум төгрөгийн дүн бүхий 16 зээлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэн. 521.0 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Нийт зээлийн барьцаанд авсан хөрөнгүүдийн үнэлгээ 1,796.4 тэрбум төгрөг байгаа ба дуудлага худалдаагаар үнийн дүнгийн 70, 50 хувиар худалдан борлуулахад зээл, хүүгийн төлбөрийн 40-50 орчим хувийг л хангахаар байгаа нь банкны хувьд зээл, барьцаа хөрөнгийн харьцаа алдагдсан, худалдан борлуулж чадлаа гэхэд төлбөрийг бүрэн төлж хүрэлцэхгүй, учрах хохирол өндөр байхаар байна. Зээлүүдийн хугацаа хэтрэлт дунджаар 1813 хоног байна. Шүүхээр шийдвэрлэх процесс мөн 1,100 гаруй хоног үргэлжилж байгаа нь барьцаа хөрөнгүүдийн үнэ цэнийг буурахад нөлөөлж байна.

Шүүх дээрх хөрөнгийн үнэлгээ зарим тохиолдолд хэт өндөрөөр, заримдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар зарагдаагүй тохиолдолд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн хувьд Банкинд санал болгож өгөхөд эрсдэл учруулж байна.  Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу энэ тохиолдолд үнэлгээний дүнгээр шилжүүлж бүртгэж байгааг эргэж харах шаардлага үүсч байгааг банкны зүгээс мэдэгдлээ.

Эрүүгийн 9 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу албан тушаалаа урвуулан ашиглэж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх гэмт хэрэгт 80 иргэн шалгагдсанаас:

o             Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал – 3;

o             Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга – 3;

o             Хөгжлийн банкны мэргэжилтэн – 10;

o             Хөгжлийн банкны хэлтсийн захирал – 4;

o             Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүд – 15;

o             Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд – 18;

o             Улс төрийн албан тушаалтнууд – 4;

o             29 аж ахуйн нэгжийн захирал, албан тушаалтнууд, түүнтэй холбоотой этгээдүүд байна.

19 зээлдэгчийн 378.3 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжлэгдсэнээс 132.2 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Шүүх дээр тодорхой шалтгаанаар нэхэмжлэл хүлээн аваагүй, оргон зайлсан, эрүүгийн хуулийн хяналтын шатнаас хэрэг дахин буцсан зэргээр хуулийн процедур удааширч байгаагаас зарим зээлийн хувьд учирах хохирол улам нэмэгдсээр байгаа нь зээл, хүүгийн найдваргүй авлагыг улам нэмэгдэхэд хүргэж байна.

Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

Банкны үйл ажиллагаа маш их хумигдсан. Банкны санхүүгийн тайлан тэнцлээс харахад актив хөрөнгө 2017 онд 5.8 их наяд төгрөг байсантай харьцуулахад 60 орчим хувиар буурч, 2024 оны 12-р сарын 31-ний байдлаар 2.368 тэрбум төгрөг болсон байгаа бөгөөд зээл олгох, төсөл санхүүжүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй зогсонги байдалд орсон.

Санхүүгийн үзүүлэлтүүдийг харахад:

Нийт актив хөрөнгө буурсан тул зээлд эзлэх чанаргүй зээлийн жин буурахгүй байна. 2024 оны 12-р сарын 31-ний байдлаар Хөгжлийн банкны актив хөрөнгө 2,368.7 тэрбум төгрөг байна. Нийт активт эзлэх зээлийн багцыг танилцуулбал 33 зээлдэгчийн 2,276.8 тэрбум төгрөг нь зээл байна:

o Хэвийн зээл: 834.4 тэрбум төгрөг;

o Анхаарал хандуулах зээл: 124.9 тэрбум төгрөг;

o Чанаргүй: 1308.6 тэрбум төгрөг байна.

Нийт зээлийн эрсдэлийн сан: 952.9 тэрбум төгрөг байна:

o Хэвийн зээл: 42.2 тэрбум төгрөг;

o Анхаарал хандуулах зээл: 16.3 тэрбум төгрөг;

o Чанаргүй: 894.4 тэрбум төгрөг байна.

Нийт зээлийн багцын 1,308.6 тэрбум төгрөг буюу 57.5% хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ба үүнээс 25.6 тэрбум төгрөг нь төрийн өмчит, 1,282.4 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийн зээл юм.

Хуримтлагдсан алдагдал 738.0 тэрбум төгрөг, энэ жилийн алдагдал 220.7 тэрбум төгрөг болсон байна. Өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700.0 тэрбум төгрөг хэрэгтэй болж байна. Товчхон дүгнэхэд, Хөгжлийн банк санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн чадваргүйд тооцогдох хууль эрх зүйн үндэс бүрдэхээр байна.

ШИНЭ УДИРДЛАГА З.НАРАНТУЯА ЮУ ХИЙХЭЭР ЗОРЬЖ БАЙНА ВЭ?

Балансаа цэвэрлэж, санхүүгийн байдлаа сайжруулна

Банкны үйл ажиллагааг сэргээхийн тулд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах экспортыг дэмжсэн том төслүүдийг санхүүжүүлэх бодлого барьж ажиллахаар зорьж байна. Системд нөлөө бүхий арилжааны банкуудын нийт зээлийн багцын 95 хувийг импортын санхүүжилт, 5-хан хувийг экспортын санхүүжилт эзэлдэг.

Хөгжлийн банк экзим банкны зарчмаар ажиллаж, сэргээгдэх эрчим хүч, дулаан, зам зэрэг экспортыг дэмжих бизнесийн дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилт хийнэ. 2025 онд муу зээлээ цэвэрлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бидний шийдэх эхний асуудал бол балансаа цэвэрлэж, санхүүгийн байдлаа сайжруулна.

Хэвийн зээлүүдээ үргэлжлүүлнэ. Төртэй холбоотой нэлээд их өр авлага үүссэнийг яаралтай шийдэхийн тулд Засгийн газартай хамтран ажиллаж байна. Гацсан 20 гаруй зээлд өөр менежмент хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, цар тахал болон улс төрийн гэнэтийн шийдвэрээс болж, эхлүүлсэн бизнес төсөл нь гацсан төслүүдийг дахин санхүүжүүлж, менежмент хийх замаар зээлийг төлүүлэх ёстой гэлээ.

Ирэх оны II улирлаас төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эхэлнэ

Хөгжлийн банк 2025 онд II улирлаас төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж эхлэхээр төлөвлөж байна. 2025 онд 2 их наядын төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа З.Нарантуяа захирал хэллээ.

“Үүний тулд эхний улиралд санхүүжүүлэх төслүүдээ судалж, бэлтгэнэ. Хөрөнгөө босгоно, хөрөнгө босгох туршлага бидэнд байна. Үүний тулд бодлогын баримт бичгүүд, дүрэм журмуудыг шинэчлэх, боловсон хүчнээ сургах нь маш чухал байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нэр хүндийн эрсдэлд орсон. Энэ банкинд хандах харилцагч, энэ банкинд оръё гэж ирдэг боловсон хүчин байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.

Банкны шинэ удирдлага “Бид шинэ стратеги, соёл хандлагаар ажиллана. Бид нар хууль дүрэм сахин биелүүлдэг, эрсдэлгүй удирдлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлсэн, эрүүл засаглалтай банк болж чадна. Үүний тулд холбогдох хууль эрх зүйн шинэчлэл хийх төсөл боловсруулаад, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Бид экспортыг дэмжиж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай ААН болох хөгжлийн төслүүдийг санхүүжүүлнэ. Арилжааны банкуудтай хамтарч экспортын урьдчилгаа санхүүжилт, баталгаа даатгал гаргахад ОУБ-тай хамтарсан санхүүжилтийн хэлбэрийг ашиглаж ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.

Өөрийн хөрөнгийг 910 тэрбумаар нэмэх шаардлагатай

Хөгжлийн банк 1.2 их наяд төгрөгийн дүрмийн сантай байх ёстойгоос 918 тэрбум төгрөг нь эрсдэлтэй зээлүүдийн сан болоод байна. Тиймээс өөрийн хөрөнгийг 910 тэрбумаар нэмэх шаардлагатай байгааг З.Нарантуяа хэллээ.

Чанаргүй зээлээс болж хорогдсон өөрийн хөрөнгийн дутууг нөхөх гэж тооцоолол гаргасан. Эх үүсвэр татахын тулд банк өөрийн хөрөнгөтэй байх ёстой. Өөрийн хөрөнгийг багадаа 700 тэрбумаар нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлээд байна. Энэ жилдээ 2 их наяд, ойрын 2-3 жилдээ 7-20 их наяд төгрөг босгож, Монгол Улсад хэрэгцээтэй том төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан.

Өмнөх алдааг давтахгүйн тулд санхүүжилт хүсэгчдэд тавих шаардлагыг чанд сахихаар зорьж байна. Төсөл нь эдийн засгийн үр ашигтай байх, төсөл санаачлагч хариуцлагатай байхаас гадна тухайн төслийнхөө санхүүжилтийн багадаа 15 хувийг гаргах чадвартай байх шаардлагыг тавихаар төлөвлөж байна.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending