Америкчуудын Вьетнамд хийсэн дайныг олон үггүйгээр харуулсан алдартай гэрэл зургийг мэдэхгүй хүн бараг үгүй биз. Бөмбөгдөлтийн хар утаа ард нь суунаглаж, наана нь америк цэргүүдийн хамтаар уйлалдан гүйж байгаа 4-5 вьетнам хүүхдийн зураг. Хүүхдүүдийн нэг нь чармай нүцгэн, гараа алдлан гүйж байдаг. “Нүцгэн охины зураг” гэдгээр олонд танигдсан энэ зургийг мэдээллийн AP агентлаг 1972 онд нийтэлсэн бөгөөд уг зургийг дарсан тус агентлагийн гэрэл зурагчин Ник Ут тэр жилдээ Пулицерийн шагнал хүртсэн юм.

Гэтэл энэ зургийг Ник Ут аваагүй, харин тухайн үед сурвалжлагын багийн жолоочоор явсан Нгуен Тхань Нге хэмээх вьетнам хүн авсан тухай баримтат кино цацагдаж шуугиан тариад байна. Баримтат киног вьетнам гаралтай америк найруулагч Нгуен Бао бүтээжээ.

Өнгөрсөн Бямба гаригт /2025.01.25/ АНУ-ын Юта мужийн Парк-Сити хотод нээгдсэн Sundance кино фестивалийн “Баримтат кино”-ны төрөлд үзүүлсэн “The Stringer” кинонд энэ тухай өгүүлжээ.

Гэрэл зураг 1972 оны зургадугаар сарын 8-ны өдөр АР агентлагийн тухайн үеийн Сайгон, одоогийн Хо Ши Мин, хот дахь салбарт гэрэл зурагчнаар ажиллаж байсан Ник Ут-ын автортайгаар дэлхийд түгсэн. Тухайн үед Ут 21 настай байсан бөгөөд дайн дууссаны дараа Калифорни руу нүүн 2017 он хүртэл АР агентлагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Баримтат киног үзүүлсэний дараа АР агентлаг мэдэгдэл гаргаж, няцаалт хийжээ. Уг мэдэгдэлд “Баримтат киног бүтээгчид АР агентлагийг уг кинонд өгүүлж буй баримтуудтай танилцсан мэтээр харуулсанд гайхаж, бас итгэл алдарлаа. Бид киног өмнө нь үзээгүй, фестивалийн үеэр л үзсэн” хэмээжээ.

Гэрэл зургийн жинхэнэ автор гэгдэж буй Нгуен Тхань Нге киног үзүүлсэний дараа “Энэ зургийг би авсан” хэмээн үзэгчдэд вьетнамаар мэдэгдсэнийг орчуулан хүргэжээ.

Киног бүтээгчид гэрэл зургийн жинхэнэ автор гэгдэж байгаа Нге болон энэ баримтыг нотолсон гэрчүүдтэй “нууцыг хадгалах гэрээ” хийсэн нь анхаарал татаж байна. Энэ гэрээгээ цуцлахыг AP агентлаг хүсээд “Бид зөвхөн баримт, гэрэл зурагтай холбоотой бодит байдлыг л тодруулахыг хүсч байна” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Нгуен Тхань Нге-гийн хэлснээр уг гэрэл зургийг 1972 оны зургадугаар сарын 8-ны өдөр авсан. Тэр өдөр Нге NBC сувгийн сурвалжлах багийн жолоочоор Транг Банг хот руу явсан, тэндээ гүйлдэж байгаа хүүхдүүдийн зургийг авсан, харин түүний авсан зургийг АР агентлаг $20-аар худалдан авсан хэмээн кинондоо ярьсан ажээ.

АР агентлаг ийм кино хийгдэж байгааг мэдэж, зургаан сарын турш гэрэл зургийн талаар эрэн сурвалжлага хийсэн байна. “Гэрэл зургийг Ник Ут-аас өөр хүн авсан гэдгийг нотлох баримт олдоогүй, баримт киног бүтээгчид Нге болон гэрчүүдтэй хийсэн нууцлалын гэрээгээ цуцалвал илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж болохоор байна” хэмээн АР мэдэгджээ.

Баримт киног бүтээгчид АР-д хандсан боловч тэдний зүгээс хариу тайлбар аваагүй гэсэн нь “худал” хэмээн АР бас мэдэгджээ.

Гэрэл зургийг Ник Ут аваагүй гэдгийг нотолж байгаа гол хүн нь тухайн үед Сайгонд гэрэл зурагчнаар ажиллаж байсан Карл Робинсон бөгөөд энэ зургийг нийтлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байжээ. Түүний байр суурийг Сайгон дахь АР-ийн гэрэл зургийн албаны дарга Хорст Фаас үл хэрэгсэн, зургийг Ник Ут-ын автортайгаар нийтлэх үүрэг өгсөн хэмээн кинонд өгүүлжээ. Үүрэг өгсөн Фаас, гэрэл зургийг хальснаас буулгасан Юичи Ишизаки аль аль нь одоо амьд биш ажээ. Харин Карл Робинсон одоо 81 настай, АР агентлагаас 1978 онд халагдсан юм байна.

“Үнэнийг ил болгохгүйгээр үхэхийг хүсээгүй, Би Нге-г олж уулзан, уучлал гуйхыг хүсч байсан” хэмээн Карл Робинсон баримтат киног үзүүлсэний дараа үзэгчдэд хандаж хэлжээ.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending