Монголын Банкны холбооноос өнөөдөр (2025.03.17) мэдээлснээр өнгөрсөн 2024 онд банкны салбарын үзүүлэлтүүд тогтвортой, өсөлттэй байжээ. Бодлогын хүү өндөр байсан ч банкуудын бизнесийг дэмжихэд чиглэсэн зээл олголт 37%-ийн өссөн байна. Зээлийн энэ огцом өсөлтөөс шалтгаалж банкуудын чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд очжээ. Банкны салбарын нийт актив 23% өссөн байна. Улмаар олон нийтэд нээлттэй болсон таван банк энэ 2025 онд 530 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах хүлээлттэй байна.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх оноос 30%-иар буурчээ. Нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн хэдий ч үнийн уналтаас шалтгаалан 2023 онтой харьцуулахад экспортын орлого буурсан. Машин тоног төхөөрөмж, суудлын автомашин болон нефтийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдсэн нь импортын өсөлтийн дийлэнх хувийг бүрдүүлж байна. Урсгал тэнцлийн алдагдал хэдий их гарсан ч, нийслэлийн болон банкуудын гадаад зах зээлээс босгосон бонд болон бусад зээлийн эх үүсвэрийн хүчинд төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарчээ. 

Харин сонгуулийн нөлөө болон улсын төсвийн зардлыг тодотгол хийж нэмсэнтэй холбоотойгоор төсвийн тэнцэл 776 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан болохыг Банкны холбоо тайландаа онцолжээ. Төсвийн зарлага өмнөх оноос 35%-иар нэмэгдэж, ДНБ-ий 38%-тай тэнцэх боллоо. Ийнхүү “Улсын төсөв, урсгал дансны хос алдагдалд хүрч цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн сорилт дагуулах төлөвтэй байна” гэж Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ. Төсвийн хэт тэлэлтийн нөлөөгөөр харьцангуй буурч байсан инфляц оны сүүлийн хагасаас эрэлтээс үүдэлтэй огцом нэмэгдэж, бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болгов.

Цаашид уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөд найдан төсвийн орлого болон зардлын хэмжээг өндөр түвшинд баталж, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэн томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь “Алаагүй баавгайн арьсыг хуваахтай ижил” зүйл болж байна. Тиймээс “Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтыг сайжруулж, урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай байна” гэдгийг Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэллээ. Ялангуяа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төсвийг нэгтгэн нэгдсэн төсөв гаргах, мега төслүүдийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцож эрэмбэлэн, хугацааг нь төсөвт дарамт болохгүйгээр хооронд нь уялдуулах хэрэгтэй байна.

Эх сурвалж: Монголын Банкны холбоо

Leave a comment

Trending