Монгол Улсын Засгийн газраас УИХ-д Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан бөгөөд энэ хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байна. Ардчиллын үзэл санаа бүдгэрч, ардчиллын хамгаалалт болсон нь эрхүүд рүү санаатай, санамсаргүй халдах нь олширсоор байгааг бид харж байна. Нэн ялангуяа Үндсэн хуулийн II бүлгийн 16-р зүйлд заасан 18 эрх бүрэн хангагдахгүй байгаа. Монгол Улсын ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс зэрэг дээрх 18 эрхийн төлөв байдлыг илтгэдэг үзүүлэлтүүд муудаж, авторитар дэглэмтэй гэсэн ангилал руу ойртсоор байна.
Дуулиан нь намжаагүй байгаа “Ноорог креатив студио”-гийн ажлын байранд нэгжлэг хийж, ажлын хэрэгсэл, эд зүйлсийг нь хураан авч, редакцийн залуусыг хоморголон саатуулж, оройн 22.00 цагаас үүр цайтал цагдаагийнхан тайлбар авсан хэрэг дээр л гэхэд ардчиллын суурь зарчмууд алдагдаж, нуран унахад ойрхон байгааг нийтээрээ харлаа. Ийм эмзэг цаг үед Засгийн газраас хүний эрхийн багц хуулийн төслийн нэг болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэх гэж байна.
1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг бататгах нэг суурь болон 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн өөрчлөх оролдлого өнгөрсөн жилүүдэд нэг биш удаа гарч байсан ч шинэчилсэн нь үгүй билээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг өмнөх төслүүдийн адил хувь заяа хүлээж байгаа юу, эсвэл Монголын сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид хууль эрх зүйн шинэ орчинтой болох уу?
Хуулийн төслийг гардан боловсруулсан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэхүү хуулийн төсөлд хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй хамааралтай бүлгүүдийн төлөөллийг оролцуулсан 4 удаагийн уулзалт хийж, салбарын санал бодлыг тусгасан хэмээн нэг биш удаа онцолж байгаа ч хуулийн төслийг “ерөнхийд нь дэмжихгүй байгаа” гэсэн байр суурь давамгайлж, нэгэнт уулзалтад очсон хүмүүс тарааж өгсөн хуулийн төслийн заалтууд дээр санал, бодлоо хэлснийг дэмжсэнд тооцон төсөлд тусгасан бөгөөд энэ нь хууль санаачлагдын буруудвал буух эзэнтэй байх тактик гэж ойлгоход болно.
Шинэ хуультай болсноор сэтгүүлчид илүү эрх чөлөөтэй, илүү хамгаалалттай, илүү таатай орчинд ажилладаг болох уу гэдэг өнцгөөс харахад үгүй гэсэн хариулт өгөхөөр байна. Нэг үгээр хэлэхэд ямар нэг дэвшил, хөгжил харагдахгүй байгаа юм. Яагаад гэдгийг “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв”-ийн захиалгаар өмгөөллийн “Фиделитас партнерс” товчооны хуульчдын хийсэн судалгаанд түшиглэн тайлбарлая.
Технологийн эрин үеийн онцлогуудыг зохицуулаагүй
Мэдээллийн технологийн нөлөө хамгийн их тусч, уламжлалт бүхий л харилцаа, зохицуулалт эвдэгдэж, шинэ зохицуулалт, харилцаа, хандлага, бодлого шаардаж байгаа салбарын нэг бол хэвлэл мэдээлэл. Энэ нөлөөнөөс үүдэн салбарын бизнес загвар, бүтээгдэхүүний төрөл, хэлбэр (бүтээгдэхүүн гэдэгт салбарынхны бүтээж буй бүхий л төрлийн мэдээ, нэвтрүүлэг, нийтлэл багтах бөгөөд сүүлийн үед контент гэж ерөнхийд нь томъёолох болсон), зах зээлд оролцогчид, бүтээгдэхүүн түгээлтийн дэд бүтэц эргэлт буцалтгүй өөрчлөгдөж байна. Барууны зарим редактор, сэтгүүлчид үүнийг “цунами адил өөрчлөлт” хэмээн тодорхойлсон нь бодитой. Эдгээр өөрчлөлт нь үүнийгээ дагасан шинэ зохицуулалт, шинэ орчныг шаардаж буй. Энэ өөрчлөлтөндөө дасч амжаагүй байтал хиймэл оюун ухаанаар мэдээ бичээд, сонин гаргаад эхэллээ. Өнгөрсөн долоо хононгт Италид хиймэл оюун ухаанаар бүх мэдээ, нийтлэлийг нь бичиж, дэглэсэн цаасан сонин хэвлэсэн. Редакц энэ сониноо нэг сарын хугацаанд туршиж үзэх ажээ. Энэ туршилтын олон редакц анхааралтай ажиглаж байна.
Өргөн барьсан хуулийн төсөлд эдгээр өөрчлөлтөд мэдрэг хандаж, салбарын цаашдын хөгжлийн тэтгэх зохицуулалт дутмаг, бараг байхгүй байгаа нь хуулийн төслийг дэмжихгүй байх хамгийн гол үндэслэл болно.
Мэдээлэл хүлээн авах суваг өөрчлөгдсөн. Сэтгүүл зүйн уламжлалт сувгууд болох сонин, сэтгүүл, телевиз, радио гэсэн сувгаас гадна онлайн орчинд вэб, апп, цахим хаягаар дамжуулан мэдээлэл авдаг боллоо. Үүнийгээ дагаад онлайн орчинд дагнан ажилладаг редакц, сэтгүүлчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Энэ байдлыг харгалзаж үзэж, цахим орчинд мэдээлэл олж авах, түгээх зэрэг энэ орчны онцлогт нийцсэн хамгаалалт, эрхийг эдлүүлэхтэй холбоотой баталгаа хуулийн төсөлд тусаагүй, энэ шинэ харилцаа, шинэ орчин бусад хуультай хэрхэн уялдахыг хангалттай зохицуулсангүй. Зөвхөн редакцад харъяалагддаг сэтгүүлч сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахаар байгаа нь чөлөөт сэтгүүлчид, инфлюенсэрүүд, нью медиа гэж нэрлэж байгаа чөлөөт контент бүтээгчдийг хамгаалалтгүй үлдээж байна.
Өнөөдрийн байдлаар сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 заалтаар зохицуулагдаж байгаа гэж ойлгогдож байгаа ч Гамшгийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай, Сонгуулийн тухай хууль гээд олон хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамааралтай хязгаарласан заалтууд бий. Эдгээр хууль хоорондын уялдааг цахим орчны онцлогт тохируулсан зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаагүй.
Хуулийн төсөлд “хэвлэл мэдээллийн байгууллага”, “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”, “редакц” гэсэн 3 тодорхойлолтыг оруулж, 4.1.3-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэдэгт, сонин, сэтгүүл, радио, телевизийн редакц, редакцийн цахим хуудас гэж тодорхойлсон нь хангалтгүй. Тухайлбал, гар утасны апп дээр суурилж байгаа хэлбэрүүдийг орхигдуулсан. Хүмүүсийн мэдээлэл хүлээн авч байгаа сонголтыг харгалзан үзэж, энэ сонголтод нийцсэн тодорхойлолтыг багтаагаагүй нь хууль хэрэгжээд явбал хийдэл, зөрчил үүсгэх магадлалтай. Өөрсдөө тодорхойлж, томъёолж чадахгүй бол энэ чиглэлд гарсан олон улсын сайн практик, жишгүүд олон байгааг нэрэлхэлгүйгээр хуулбарлах авах нь зүйтэй.
Эх сурвалжаа нууцлах эрх
Сэтгүүлчдийн зүгээс олон жилийн турш эрх баригчдаас нэхэж байгаа “эх сурвалжаа нууцлах эрх”-ийг хуулийн төсөлд тусгасан яах аргагүй дэвшил мөн. Хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс ч үүндээ додигор байгаагаа илэрхийлж байгаа. Гэвч хуулийн төслийг үзэхэд молиго үмхүүлэх тактик харагдана. Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг олгож байгаа бол давхар хамгаалалтын зохицуулалт хэрэгтэйг мэргэжлийн хуульчид анхааруулж байна.
Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “хуульд өөрөөр заагаагүй бол хэвлэл мэдээллийн байгууллагын редакцаар дамжсан сэтгүүл зүйн үйл ажиллагааны хүрээнд мэдээ, мэдээлэл бэлтгэх, түгээх ажилд мэргэжлийн үүргээр оролцсон этгээдээс мэдүүлэг авахгүй” байхаар тусгасан. Гэхдээ энэ хамгаалалт нь Эрүүгийн хуулийн 19-р бүлэг буюу “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, мөн 20-р бүлэг буюу “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах хэргүүдэд үйлчлэхгүй байхаар төсөлд тусгасан. Энэ хоёр бүлэг нь тус тус 17 гэмт хэргийг дотроо агуулдаг. Өөрөөр хэлбэл, нийт 34 гэмт хэрэгтэй холбоотой кэйсүүдэд сэтгүүлч бидний хүсээд байдаг “эх сурвалжаа нууцлах эрх” үйлчлэхгүй гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн “Ноорог креатив студио”-гийнх шиг кэйс шинэ хууль батлагдсан бидэнд тохиолдсоор байна гэсэн үг.
Европын холбооны эх сурвалжлаа нууцлах зохицуулалтад “гишүүн орнуудын сэтгүүл зүйн эх сурвалж болон нууц харилцаа холбоог үр дүнтэй хамгаалах нөхцөлийг хангах ба хэвлэл мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч редакцийн ажилтнууд, тэдгээртэй мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд холбоотой байж болох аливаа этгээдийг мэдээллийн эх сурвалж, нууц мэдээллийг задруулахыг шаардахгүй байх, сэтгүүлчийг баривчлах, торгох, хянан шалгах, биечлэн болон орон байранд нь хяналт тавих замаар мэдээлэл олж авах, цахим төхөөрөмж чагнах, чагнах хэрэгсэл ашилах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх”-ыг үүрэг болгосон байдаг.
“Ийм хамгаалалтын заалтууд орж ирэхгүй л бол хангалтгүй. Хэрвээ хуулийн ийм зохицуулалт байсан бол энэ хязгаарлалтуудыг зөрчөөд “Ноорог” дээр оччихлоо гээд өмгөөлөгч нь гомдол гаргах боломжтой байсан. Одоо бол зөвхөн эд зүйлсээ буцааж авъя гэсэн гомдлоос өөр юм ярих боломжгүй байна. Хууль санаачлагчид ийм гоё заалт оруулж ирсэн гэж бичсэн байсан ч энэ бол ямар ч хэрэггүй заалт. Мөн эх сурвалж илчлэх тохиолдлыг тодорхой хэмжигдэхүйц байдлаар зохицуулах шаардлагатай. Эх сурвалжаа илчлэх тохиолдлыг “хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц гэмт хэрэг” гэж тусгасан нь эх сурвалжаа нууцлах эрх үйллэхгүй гэмт хэргийн тоо өмнө өгүүлсэн 34-өөс ч нэмэгдэх магадлалтай” хэмээн хуульч Б.Наранцэцэг хэллээ.
Шинэчилсэн найруулга уу, анхдагч хуулийн төсөл үү?
1998 оны хууль нь Монгол Улсын бүх иргэнд хамаатай, тэдний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангасан хууль юм. Харин өргөн барьсан төслийг харахад салбарын асуудлыг зохицуулсан, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц гэсэн субъектэд хамаатай хууль гарахаар байгаа бөгөөд хэрвээ салбарын хууль гэж үзвэл шинэчилсэн найруулга биш анхдагч хуулийн төсөл гэдгээр боловсруулах шаардлагатай. Анхдагч хуулийн төслөөр өргөн барина гэвэл анхдагч хуулийн төсөлд заавал шаардагддаг хэрэгцээ, шаардагын судалгаа байх ёстой ажээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байгаа нөхцөл байдал, технологийн хөгжлийг дагаж гарч байгаа хэвлэл мэдээллийн шинэ бүтээгдэхүүн, хэвлэн нийтлэх ажиллагааны төрлүүдэд нийцүүлсэн судалгааг хийж байж хуулийн төслөө бичих хэрэгтэй. Одоо өргөн баригдсан төсөл, үзэл баримтлалд дурдагдсан томъёоллуудыг яагаад ингэж тодорхойлж байгаа юм, яагаад ингэж зохицуулж байгаа юм бэ, юуг судалж ингэж томъёолж байгаа юм бэ гэсэн үндэслэлийг харуулсан судалгаагүй байгааг шүүмжилж байна. Тухайлбал, илт худал мэдээлэл гэдгийг төсөлд тодорхойлсон боловч энэ заалтыг бүхлээр нь хасах саналыг салбарынхны зүгээс гаргасаар байхад бүлэг болгон оруулсан.
Мөн сэтгүүлчдийн зүгээс Засгийн газар санаачлагч байгаа нь буруу гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн байдаг. Хууль санаачлагчийн талаарх анхаарал татахуйц статистик байгааг “Фиделитас партнерс” хуваалцлаа. 2016 оны 1-р сарын 1-нээс 2025 оны 3-р сарын 7 хүртэл УИХ-аар 473 хууль батлагдсаны 107 нь анхдагч, 95 нь шинэчилсэн найруулга, үлдсэн нь хууль батлахтай холбоотой өөрчлөлт орсон, хүчингүй болох зэрэг байжээ. Энэ 473 хуулийн 125-ыг УИХ, 337-г нь Засгийн газар санаачилсан бол Ерөнхийлөгчийн зүгээс 9 жилийн хугацаанд ердөө 13 хууль санаачилжээ.
Мөнгөөр худалдан авах тактик
2019 оны 12-р сард батлагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар Монголын Телевизүүдийн холбооны гишүүн 18 сувагт давуу эрх олгон IPTV эрхлэгч компаниудын үйлчилгээний орлогоос сар бүр тодорхой хувийг олгож байгаа. Хуулиараа эдгээр 18 суваг, нэмээд МҮОНТВ нь IPTV-гийн үйлчилгээний багцын эхэнд бичигддэг. Айл бүрийн телевизийн эхний 20 сувагт эдгээр давуу эрхтэй телевизүүдийн нэрс жагсаатай байгаа гэсэн үг. МҮОНТВ нь өөрийн хуулиараа өрх бүрээс сар бүр хураамж угаасаа авч байсан. Монголын Телевизүүдийн холбооны лоббигоор хийгдсэн энэ хуулийн зохицуулалт нь шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулсан маш ноцтой үр дагавартай гэдгийг хууль батлагдах үеэр ч, одоо ч салбарынхан хэлсээр байдаг. Ингэснээр өргөн долгионоор биш кабелийн сувгаар мэдээ, нэвтрүүлгээ цацаж байгаа телевизийн сувгууд амь зуухад хүнд болсон бол давуу эрхтэй сувгуудын зүгээс чанартай сайн контент бүтээж өрсөлдөх шаардлагагүй болсон. Хамгийн хорлонтой нь давуу эрх олж авсан сувгууд нь эрх баригчдын суртал ухуулга ямар нэг шүүлтүүргүйгээр чөлөөтэй нэвтрэх том орон зай болсон явдал. Үүнийг бид цар тахлын үеийн “Мэдээллийн урсгал” нэртэй Засгийн газрыг магтан дуулсан хөтөлбөр, сонгуулийн өмнө цацагдсан “Зоригийн хэрэг” нэртэй сэтгүүл зүйн зарчмыг уландаа гишгэсэн цуврал нэвтрүүлгүүдээс харсан.
Тэгвэл өргөн барьсан хуулийн төсөлд эрх баригчид барьцаа улам лавшруулах бас нэгэн заалт оруулжээ. Төслийн 6.5-д “Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна”, 6.6-д “Энэ зүйлийн 6.5-д заасан үйл ажиллагааны талаар ил тод, нээлттэй мэдээлнэ”, 6.7-д “Энэ зүйлийн 6.5-д заасан этгээдийн хэвлэл мэдээллийн үйлчилгээ авахад холбогдох төсөв хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэсэн нь салбарын эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг боомилж, эрх баригчдын мөнгөний дохиураар хөдлөх замыг засахаар байна. Энэ заалтыг хэрэгжилт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 10.10, 18.2-той холбогдож байгаа бөгөөд энэ зохицуулалт зөвхөн Засгийн газрын хүрээнд байх уу, эсвэл төрийн өмчит байгууллагаа бүгдийг хамруулж ойлгох уу гэдэг тодорхойгүй, аль аль нь байна гэвэл ямар ялгаатай зарчим баримтлах нь мөн тодорхойгүй байгаа юм.
Салбарын хамгийн эмзэг асуудал эдийн засгийн чадамжийн асуудал. Бүтээж байгаа бүтээгдэхүүнээрээ өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бизнесийн зарчим энэ салбарт үйлчлэх учиртай. Төртэй гэрээ хийж, хариуд нь хүссэн өнгөөр нь дуугардаг гажуудсан хэлбэрийг хуулиар дархлахыг дэмжих ёсгүй. Биднийг санхүүжүүлэгч нь төр биш уншигч, үзэгч, сонсогч байж гэмээнэ бодит мэдээллийг нийгэмд хүргэж чадна. Тэр чинээгээр иргэд мэдэх эрхээ эзэлж, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай болж, ардчиллын төлөө сонголт хийж чадна.
Дархан эрхтэй МОНЦАМЭ
1998 оны хуулийн нэг заалт өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд огт хэрэгжихгүй явсаар өнөөг хүрсэн нь МОНЦАМЭ агентлагийн харъяалал юм. МҮОНТВ, МҮОНР-ийн нэгэн адил олон нийтийн болох ёстой байсан МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын харъяа агентлаг статустай явсаар 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн харъяанд очсон. Тэгвэл хуулийн төсөлд энэ шилжилтийг хуульчлан баталгаажуулахаар тусгажээ. Уг нь сэтгүүлчдийн зүгээс энэ байгууллагын статус нь 1998 оны хуульд зааснаараа олон нийтийн байх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсээр байгаа.
Цензур болгон ашиглах боломжтой заалтууд
Төсөлд нэр томъёо нэг бол хэт ерөнхий, нэг бол хэт нарийвчилсан байгаа нь хяналт тогтооход ашиглагдах магадлалтай. Тиймээс бүх нэр томъёог биш зайлшгүй шаардлагатай нэр томъёогоо олон улсын стандартад нийцүүлж тодорхойлоод, үлдсэнийг төслөөс хасахыг хуульч санал болгож байна. Тухайлбал, 4.1.1-д сэтгүүл зүйн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэл түгээх зорилготой мэдээлэл хайх, эрэн сурвалжлах, олж авах, цуглуулах, боловсруулах, нягтлах үйлдлийн төрөлтэй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэх, нэвтрүүлэх түгээх хэлбэртэй байхаар тодорхойлсон. Ингэж зорилгоор нь, үйлдлийн төрлөөр нь, түгээх арга хэлбэрээр 3 янзын шалгуураар хэт нарийвчлан тодорхойлсон нь эргээд “зорилго нь биш байна”, “төрөл нь биш”, “түгээх арга биш байна” гэх зэргээр цензур тавих боломжтой.
Хуурамч мэдээллийг тодорхойлсон олон улсын нэр томъёог ашиглах
Олон улсад хуурамч мэдээллийг “хуурамч мэдээлэл”, “алдаатай мэдээлэл”, “буруу сэдэлтэй мэдээлэл” гэж тодорхой ялгаж заншиж байхад төсөлд “илт худал мэдээлэл” гэсэн нэр томъёог ашиглажээ. Хууль тогтоомжийн хуулиар хүч нэмсэн үгийг хуулийн төсөлд ашиглахгүй гэж заасан байдаг. Тэгээд ч Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл түгээхтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасах саналыг сэтгүүлчид цуцалтгүй тавьж байгаа.
Өмчийн хэлбэр, өмчлөгчийн ил тод байдал
Хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөлийн ил тод байлгахаар тусгасан нь ахиц мөн. Хэвлэл мэдээллийн байгууллагын эцсийн өмчлөгч, мөн 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, иргэншил, эзэмшиж байгаа хувьцааны тоо болон эрх бүхий албан тушаалтны нэрийг ил байлгана гэж заасан. Өмчийн хэлбэрийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллага нь ашгийн төлөө зорилготой, компани хэлбэрээр зохион байгуулагдсан байхаар төсөлд тусгасан. Гэтэл Компанийн тухай хуулийн зохицуулалтаар тухайн компани эрх бүхий албан тушаалтнаа өөрөө тодорхойлно гэж заасан учраас ганцхан албан тушаалтан байхаар дүрмэндээ заачих юм бол ил тодын зохицуулалт хэрэгжихгүй гэсэн үг.
Өөрийн зохицуулалт
Өөрийн зохицуулалтын жишгийг төсөлд оруулж ирж байгаа нь сайшаалтай. Гэвч хуулиар хэм хэмжээний акт батлах эрх олгогдоогүй бол ХЗДХЯ журмыг хүчингүй болгох бүрэн магадлалтай. Эхнээсээ олон журмыг хүчингүй болгоод эхэлсэн. Ямар хүрээнд өөрсдийгөө зохицуулах вэ гэдгээ тодорхой болгохыг хуульч зөвлөж байна. Одоо байгаа практикаар өөрийн зохицуулалттай бусад салбар, тухайлбал, үнэт цаасны зах зээл, виртуаль хөрөнгийн бирж гэх мэт байгууллагуудад хуулиар эрх олгосон учраас энэ эрх хэмжээний хүрээнд зохицуулалтаа бий болгож байна.
Эцэст нь дүгнэхэд, хүний эрх, эрх чөлөөний төлөө Засгийн газар ажил хийсэн нэр зүүж, сэтгүүлчид бид шилний цаанаас чихэр долоогоод үлдэх магадлалтай. Дээрдүүлж чадахгүй бол дордуулахгүй байх нь зөв шийдвэр.
Д.НАРАНТУЯА





Leave a comment