“ОХУ нь тодорхой сувгуудаар дамжуулан олон улсад хэрэглэгддэг мэдээллийн ажиллагааны тактикаа Монголд ч хэрэгжүүлдэг нь энэ болон өмнөх судалгаануудаар тодорхой болсоор байна. Энэ удаагийн судалгаанд авагдсан нарративууд дунд зөвхөн Монголд зориулж бүтээж, түгээдэг ураан, газрын ховор элемент болон Хятадын эсрэг турхирсан мэдээллүүдийн үр нөлөөг илүү нарийвчлан судлах шаардлагатай. Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн хараат бус байдлын эсрэг олон нийтийг айдсаар удирдан, эсэргүүцлийн хөдөлгөөнд уриалж буй идэвхтэй үйл ажиллагааны илрэл болсон мэдээллүүд нь улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлөхүйц нөхцөл рүү түлхэж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс судалгаагаар илэрсэн зохион байгуулалттай, хэт нэг талыг баримталсан болон хуурамч мэдээлэл түгээж буй хаягуудын талаар олон нийтэд мэдлэг, ойлголт өгөх шаардлагатай” гэсэн зөвлөмж дүгнэлтийг Монголын Баримт шалгах төв, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв болон ХБНГУ-ын “Дойче Велле академи” хамтран хийсэн “Монгол дахь Оросыг дэмжигч хаягуудын хуурамч мэдээлэл, нарративыг ойлгох нь” (мониторингийн дүнг линкээр холбосон боловч гүйцэтгэгч линкээ идэвхгүйжүүлжээ) мониторингийн дүнд хийжээ. Судалгааг 2024 оны 1-р сарын 1-нээс 2025 оны 1-р сарын 31-ний хооронд хийсэн бөгөөд Монголын мэдээллийн орчин дахь Оросыг дэмжигч хаягуудын хуурамч мэдээлэл, нарратив буюу өгүүлэмжийг тодорхойлохоор зорьжээ. Facebook-ийн нийт 16 мянгa орчим постын датаг цуглуулан дүн шинжилгээ хийж, Оросын Монгол дахь ашиг сонирхол, гадаад бодлого дахь голлох сэдвүүд болон олон улс дахь хуурамч мэдээллийн кампанит ажил, нарративуудыг тодорхойлсон байна.

Судалгааны албан бус тайланд өгүүлснээр Монгол дахь Оросыг дэмжигч хаягуудын ихэнх нь албан бус, хувь хүмүүс бөгөөд тэдний постуудад дараах сэдвүүд олонтаа давтагдсан байна. Тухайлбал,

  • Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж байгаа Монголын Чөлөөт худалдааны гэрээний талаар
  • Урааны гэрээ
  • Газрын ховор элементийн Халзанбүрэгтэй төслийн тухай
  • ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын салбарт гарсан ололт амжилтууд
  • ОХУ-ын Ерөнхийлөгч Путины бодлого, үйл ажиллагааг дэмжсэн агуулгууд
  • Барууны орнуудын эсрэг агуулгууд  
  • Вакциныг эсэргүүцсэн
  • Хятадын эсрэг
  • Монголын улс төрд өрнөж буй үйл явдалтай холбоотой мэдээллүүд байжээ.

Мониторингод дурдсанаар Facebook-ийн “Хатуу мэдээ”, “Гашуун үнэн”, “Ардын үнэн”, “Орос Монгол найрамдал дружба”, “Аист Глобал Монгол” пэйжүүд болон Чулуунбаатар Бат-Эрдэнэ гэх мэт нэр бүхий хувь хүмүүсийн нийт 16 хаягт оруулсан мэдээллийг судлахад тэдний хөнддөг сэдэв харилцан адилгүй байжээ. Жишээ нь, өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар Францын төрийн өмчит “Орано” группийн удирдлагуудтай Зөөвч-Овоо төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ сард дээрх хаягуудад уран олборлохыг эсэргүүцсэн мэдээллийг илүү идэвхтэй түгээжээ.

А.ЧАНДМАНЬ

Leave a comment

Trending