Монгол Улс болон Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэх хугацаа улам ойртсоор байна. Уг хэлэлцээрийг өнгөрсөн 2024 он 12-р сард Москва хотноо болсон ЕАЭЗХ-ны жил тутмын дээд чуулганаар батлахаар зорьж байсан ч Монголын дотоодын компаниудын эсэргүүцэлтэй тулан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр Москва хотноо Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр ЕАЭЗХ-ны Худалдааны сайд Алексей Слепнев нар хоёр талын санал зөрөлдөж байсан заалтуудаар харилцан тохиролцсон. Ингэснээр энэхүү хэлэлцээр байгуулагдах зам шуударч байгаа юм. Энэ өдөр мөн Арабын Нэгдсэн Эмират улстай байгуулах түр хэлэлцээрийн заалтуудыг ЕАЭЗХ нарийвчлан тохирсон байна.
ЕАЭЗХ-ны дүрмийн дагуу хэлэлцээрт хоёр талын Засгийн газар гарын үсэг зурсаны дараа тухайн улс орны хууль тогтоох дээд байгууллага батламжлах учиртай. Хэрвээ Засгийн газар гарын үсэг зурж, УИХ батламжилбал ЕАЭЗХ-той богино хугацаанд хэлэлцээр байгуулсан орны нэг нь Монгол болох юм. ЕАЭЗХ дэлхийн хэд хэдэн улстай тухайлбал, Вьетнам, Серби, Иран зэрэг орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээртэй, мөн хэд хэдэн улстай хэлэлцээр байгуулахаар яригдаж буй. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 12-р сард Ирантай хэлэлцээр байгуулсан. Хэрвээ дотоодод эсэргүүцэл гараагүй бол Монгол Ирантай хамт ЕАЭЗХ-той хэлэлцээр байгуулах байсан. Ираны хэлэлцээр энэ оны 5-р сарын 15-наас хүчин төгөлдөр хэрэгжих эхлэх юм. Хэлэлцээрийн шат нь үргэлжилсээр орнуудын нэг нь Сингапур. Сингапур 2019 оноос хойш хэлэлцээр байгуулах асуудлыг Оросын талтай хэлэлцсээр буй юм.
Эцсийн тохироог хийгээд ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөрийн хэлснээр Монголын үйлдвэрлэгчдэд хохиролтой байх заалтуудыг хасуулж чадсан хэмээж байгаа ч дотоодын үйлдвэрлэгчдийн, тэр дундаа хүнсний үйлдвэрлэгчдийн болгоомжлол хэвээр байна. Монголын талаас нийт 23 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг жагсаалтаас хасах хүсэлт гаргаснаас шингэн болон өтгөрүүлсэн сүү, төмс зэрэг 8 бүтээгдэхүүнийг хасч, 11 төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр тохиролцоонд хүрчээ. Тохиролцоо гэдэг нь дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор хязгаарлалт, квот тогтоохоор болсон гэсэн үг юм. Тухайлбал, улаанбуудайн хувьд нийт 50 мянган тонныг импортлох квот тогтоож, 3.75 хувийн татвар ногдуулахаар болсон бол 90 сая ширхэг хүртэлх өндөгний импортод 7.5 хувийн татвар ногдуулах бөгөөд квотоос илүү гарсан тохиолдолд одоогийн мөрдөж буй тарифаар буюу 15%-ийн татвар ногдуулна.
Монголын Хүнсчдийн холбооны захиалгаар МУИС-ийн Бодлогын судалгааны лаборатори энэхүү хэлэлцээрийн Монголын эдийн засагт үзүүлэх үр нөлөөний судалгааг хийсэн бөгөөд судалгааны дүнгээр үйлдвэрлэгчдийн болгоомжлол бодитойг нотолжээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасангийн хэлснээр ганц энэ биш өөр судалгааны дүнгүүд ч хоорондоо мөргөж байгааг онцолсон.
Судалгааны дүнгээр энэхүү хэлэлцээр нь Монголын эдийн засагт эерэг гэхээсээ илүүтэй олон сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байгаа юм.
Хэлэлцээрийг түр буюу 3 жилийн хугацаанд байгуулж, хоёр талаас тус бүр 375 нэр төрлийн барааг хамруулах юм. Энэхүү 375 барааны 40 хувь нь одоо Монголын экспортод гаргаж байгаа бараа эзэлж байгаа бол 375 барааны 90 гаруй хувь нь одоо ЕАЭЗХ-ноос Монгол руу одоо экспортолж буй бараа байна. Энэхүү хэлэлцээр нь ЕАЭЗХ-той хийж байгаа хэлэлцээр гэж байгаа ч тус холбооны гишүүн бусад оронтой Монголын хийж байгаа худалдаа нийлээд 10 орчим хувь, харин үлдсэн 90% нь ОХУ-тай хийж байгаа худалдаа байна. Тэгэхээр энэ хэлэлцээрийн бодит үр шимийг Оросын үйлдвэрлэгчид хүртэнэ гэж ойлгоход буруудахгүй.
Өөр нэг анхаарах зүйл нь хэлэлцээрээр гаалийн татварыг 0-лэж, эсвэл бууруулж байгаа ч гэлээ НӨАТ, онцгой албан татвар болон экспортын бараанд ногдуулдаг тарифын бус хоригууд хөндөгдөөгүй хэвээр үлдэж байгааг МУИС-ийн Маркетинг, худалдааны тэнхимийн профессор Н.Отгонсайхан хэлж байна. Тарифын бус хориг гэдэгт малын гаралтай бүтээгдэхүүнд тавигддаг эрүүл ахуйн хорио цээр орж байгаа бөгөөд монголчууд малын гаралтай бүтээгдхүүнийхээ эрүүл, аюулгүйг баталгаажуулж чадахгүй, малын халдварт өвчнийг бүрэн арилгаж чадахгүй байгаагаас мах, арьс шир экспортолж чадахгүй байгаа нөхцөл байдал хэлэлцээр зурагдсан нь ч хэвээр үргэлжилнэ гэсэн үг.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын ДНБ 6.1 орчим хувиар буурах тооцоог судлаачид танилцуулсан. Өнгөрсөн 2024 оны байдлаар Монгол Улс ЕАЭЗХ-ны улсууд руу 110.1 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 2.9 тэрбум ам.долларын импорт хийжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд 25 ам.долларын бараа импортолж аваад эргүүлээд 1 ам.долларын экспорт хийж байна гэсэн үг.
Хэлэлцээрийн дараа өсөлт үзүүлэх боломжтой салбаруудаар нэгд, худалдаа, зочлох үйлчилгээний салбар (4.6%), тээвэр, ложистикийн салбар (4.43%), ХАА (4.23%) байхаар байна.
Монголоос ОХУ руу хийх экспортын тухайд ноос болон ноолууран сүлжмэл эдлэл, үхрийн болон адууны боловсруулсан махны экспорт нэмэгдэх магадлалтай харагдаж байна. Тухайлбал, хонины ноос, эсвэл мал, амьтны нарийн үс, ноосон сүлжмэл оймсны хувьд 500 мянган ам.долларын борлуулалт хийж +26.01%, хонины ноос, эсвэл мал амьтны үс, ноосон сүлжмэл бээлийний хувьд 100 мянган ам.долларын борлуулалт хийж +22.73%, сүлжмэл шаль, ороолт, хүзүүний алчуур, толгойн алчуур болон бусад төстэй барааны хувьд 200 мянган ам.долларын борлуулалт хийж, 72.61%, хонины ноосон, эсвэл мал, амьтны нарийн үс, ноосон өмдний хувьд 20 мянган ам.долларын борлуулалт хийж, +9.91%, ямааны ноолууран сүлжмэл цамцны хувьд 280 мянган ам.долларын борлуулалт хийж +8.74%, ноолуураас бусад малын нарийн үсээр хийсэн сүлжмэл цамны хувьд 71 мянган ам.долларын борлуулалт хийж, +44.04%, хонины ноосон эсвэл мал, амьтны нарийн үс, ноосон оёмол шаль, ороолтны хувьд 100 мянган ам.долларын борлуулалт хийж, +173.27%, адууны махны хувьд 1 сая 700 мянган ам.долларын борлуулалт хийж, +42.12%, үхрийн махан боловсруулсан бүтээгдэхүүний хувьд 300 мянган ам.долларын борлуулалт хийж, +89.37%-ийн үнийн дүнгийн өсөлт гарахаар байна.
Монголчуудын олон жил ярьж ирсэн махны экспорт нэмэгдэнэ гэсэн хүлээлт талаар болж байна. ОХУ-ын хэрэглэгчдийн хувьд бог малын махны хэрэглээ бага, үхрийн махны хэрэглээ өндөртэй. 2023 оны дүн мэдээгээр ОХУ нь нийт 586 мянган тонн мах импортолж авсаны талаас илүү хувийг ЕАЭЗХ-ны гишүүн орон болох Беларуссаас импортолжээ. Нийт махны импортынх нь 65% нь үхрийн мах байна. Махны том экспортлогчийн хувьд Беларусс Монгол руу үхрийн мах нийлүүлэх зах зээлээ тэлэх магадлалтай юм.
Хэлэлцээрт тусгагдсан 375 бараанаас Монголын экспортлох боломжтой бараа дөнгөж 38 байгаа бол импортын хувьд бид 375-аас 276-г нь импортлох боломжтой байгаа төдийгүй энэ 276-гийн 227-г нь сүүлийн 5 жилийн турш Монгол Улс тогтмол импортолж ирсэн дүн байна. Ингэснээр Монгол Улс импортынхоо бараг 90%-ийг чөлөөлж, зах зээлээ нээж байна. Хэлэлцээр мөрдөгдөх 3 жилийн дараа Монгол Улс ЕАЭЗХ-ны импортоос бүрэн хамааралтай болох дүр зураг харагдаж байна. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн дараагаас хэлэлцээрийн үр нөлөөний талаар хоёр тал хэлэлцэж, засвар, өөрчлөлт оруулах боломж байгаа хэмээн Монголын талын албан эх сурвалж мэдэгдэж байгаа ч нэг жилийн дараа тавьсан Монголын талын санал хоосон яриа болон 3 жилийн хугацааг дуусгах бүрэн магадлалтай.
Судалгааны тайланд дурдагдсан тоо баримтууд:
- Монголын экспорт 3.7 орчим хувиар нэмэгдэнэ, үүний дотор ХАА-н салбарын экспорт 4.23%-иар өснө,
- Импорт 4.72%-иар өсөх төлөвтэй байгаагаас аж үйлдвэрийн салбарын импорт 118 хувиар огцом өснө,
- Дотоодын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.9 хувиар, ХАА-н салбарын үйлдвэрлэл 4.3%-иар тус тус агшина,
- Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн орлого 5.5 орчим хувиар, улсын төсвийн орлого 3.24 хувиар тус тус буурна,
ЕАЭЗХ-той байгуулах хэлэлцээр Монгол Улсын чөлөөт худалдааны хоёр дахь гэрээ болно. 2015 онд Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан боловч энэхүү хэлэлцээрийн үр дүнг монголчууд хүртэж чадалгүй 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Эхний хэлэлцээрийн үр ашгийг үзээгүй байж ийнхүү хоёр дахиа байгуулах гэж байна. Үүний дараа БНСУ-тай ижил төрлийн хэлэлцээр хийх ажил ид явагдаж байна. Судлаачдын зүгээс өмнөх хэлэлцээрийг дүгнэх, алдааг нь засах, дараагийн хэлэлцээрийг дотоодын зах зээл болон үйлдвэрлэгчдэд ашигтай байхаар байгуулах зөвлөмжийг өгсөөр байгаа ч шийдвэр гаргагчид сонсоогүй мэт зүтгэсээр байна. Үйлдвэрлэгч байхаас бүрмөсөн татгалзаж, зөвхөн олборлогч, хэрэглэгч байх замыг сонгож байна. Импортоос хамааралтай байхын зовлонг цар тахлын үеэр хангалттай үзэж туулсан ч мартсан бололтой. Миний Монгол импортын орон болох замыг сонгожээ.
Д.НАРАНТУЯА





Leave a comment