Москва хотноо энэ өдрүүдэд, тухайлбал, 4-р сарын 15-17-нд Евразийн Нефть, хийн форум зохиогдож байна. БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуэй форумын эхний өдөр Орос, Хятадын нефть, хийн салбарын хамтын ажиллагааны талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголоор дайран өнгөрөх хийн хоолойн төслийн талаар зарим мэдээллийг өгчээ. Түүний хэлснээс харахад монголчуудын бэлдээд байгаа хийн хоолойн төсөл хэрэгжихгүй байх магадлалтай байна.

Оросын хойд хязгаарын Ямала ордоос Монголын нутгийг дайруулан татах хийн хоолойн “Сила Сибири-2” төслийг хэрэгжүүлэхээр ОХУ-ын төрийн өмчит “Газпром”, Хятадын төрийн өмчит CNPC компани 2019 онд анхны санамж бичгийг байгуулснаас хойш өнөөг болтол дуншсаар байгаа. Украины дайны улмаас Оросын баруун чиглэлийн хийн нийлүүлэлт эрс буурснаар Хятадын зах зээлийг онилсон зүүн чиглэлийн төслүүдэд ихээхэн найдлага тавьсаар ирсэн. Оросын Алс Дорнодын хязгаараас Хятадын зүүн хэсэг рүү татсан “Сила Сибири-1” хоолойн 2019 онд ашиглалтад орж, 2020 оноос хий нийлүүлж эхэлсэн. Ашиглалтад орсноос хойш Хятад руу хий нийлүүлж байгаа ч дөнгөж өнгөрсөн 2024 оноос төслийн хүчин чадлаар буюу жилдээ 38 тэрбум куб метр хий нийлүүлж эхэлсэн.

Монголын нутгаар дайран өнгөрөх төсөл олигтой урагшлахгүй байгаа учраас өнгөрсөн онд Оросын талаас Казахстанаар дамжуулан хий нийлүүлэх саналыг Хятадын талд тавьсан. Шинэ маршрутаар жилдээ 35 тэрбум куб метр хий нийлүүлэх саналтай байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак тухайн үедээ мэдэгдэж байсан. Харин Хятадын тал энэ саналыг хүлээж авахгүй нь тодорхой болж байна.

“Казахстанаас татах төсөл арай үнэтэй тусч байгаа. Тиймээс “Сила Сибири-2” төслийг дэмжих, эсвэл шингэрүүлсэн хий (LNG) худалдан авахаар төлөвлөж байна. Казахстанаар дамжуулах нөхцөлд бид шинэ хоолой татах хэрэгтэй. Энэ нь зардал өндөртэй. Газар зүйн хувьд Монгол бидэнд ойр байна. Эсвэл шингэрүүлсэн хий худалдан авах” хэмээн Элчин сайд Жан Ханьхуэй сэтгүүлчдэд хэлжээ. Үүнээс үзэхэд гурав дахь талын оролцоогүйгээр нийтүүлэгчээс шууд шингэрүүлсэн хий худалдан авах хувилбарыг сонгох нь Хятадын талд амар байх магадлалтай.

Шингэрүүлсэн хийн давуу тал нь автомашинаар, мөн төмөр замаар тээвэрлэх боломжтой.

“Сила Сибири-2” төсөл гацаж байгаа шалтгааныг оросууд болон хятадууд үнээ тохирч чадахгүй байгаа хэмээн барууны хэвлэлд нэг биш удаа бичиж байсан. Европын том зах зээлээ алдсан, дайны улмаас төсвийн орлогоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа зэрэг Оросын гарцгүй байдлыг хятадууд алдахгүй ашиглахыг зорих нь зүйн хэрэг.   

Монголын Засгийн газар энэ төслийг өөрийн нутгаар явуулах сонирхолтой байгаагаа ямагт илэрхийлж ирсэн. Төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг Монголд байгуулж, шаардлагатай судалгааг хийж, хоолой татах маршрутыг тодорхойлсон. УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг энэ төслийг хариуцан хэрэгжүүлэх Элчингээр томилоод удаагүй байна. Монголын талаас хийгээд байгаа ажлуудын талаар Шадар сайд С.Амарсайхан 2024 оны 4-р сарын 2-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан. Түүний хэлснээр “Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958,6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур тавигдана. ТЭЗҮ-ийн дагуу төсөл нь техникийн талаас хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн төсөл хэрэгжсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж эдийн засаг тэлнэ. Барилга угсралтын үед 12 000, ашиглалтын үед 1000 гаруй ажлын байр бий болно. Байгалийн хий нь эрчим хүчний хямд эх үүсвэр бөгөөд байгалийн хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станцууд барьж байгуулснаар эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний системийн тогтворжилт дээшилнэ. Түүнчлэн зураг төслийн баримт бичигт Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгаж өгсөн учир дотооддоо байгалийн хий авч ашиглан агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой” гэжээ.

Өмнө нь хийн хоолойг өөрийн нутгаар тавьж, дамжин өнгөрүүлсэн төлбөрийг авна хэмээн албаны хүмүүс ярьж байсан бол өнгөрсөн жилээс, бүүр тодруулбал, Ерөнхийлөгч Путины айлчлалаас хойш эрчим хүчний нэг эх үүсвэр болгон монголчууд өөрсдөө хэрэглэнэ хэмээн ярьж эхэлсэн.

Global Energy агентлагийн тоо баримтаар Хятад улс 2023 онд шингэрүүлсэн хийг оруулаад 159,1 тэрбум куб метрийг импортолжээ. 2024 онд оросууд шингэрүүлсэн хийг оруулаад 40 тэрбум куб метр хий Хятадад нийлүүлсэн байна. Хятадын хийн хэрэглээ жилдээ 10-12 орчим хувиар өсөж байгаа юм.

“Сила Сибири-2”-оос гадна “Сила Сибири-3” төсөл ч бас яригдаж байгаа. Энэхүү гурав дахь төсөл нь Сахалин-Хабаровск-Владивосток хотуудаар дайран Хятадын зүүн хэсгээр орох маршруттай. Хүчин чадлын хувьд жилийн 10 тэрбум куб метр. Анхны яриагаар энэ маршрут 2027 онд ашиглалтад орох учиртай.

Холбоотой нийтлэл

Казахстаны хувьд Оросын саналд нааштай хандаж байгаа, учир нь, энэ төсөл хэрэгжвэл одоогоор хийн дэд бүтэцгүй байгаа Павлодарский, Абайский, Карагандийский зэрэг мужуудаа эрчим хүчний хямд эх үүсвэртэй болгох юм.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending