Монгол Улс ЕАЭЗХ-той Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаа энэ үед Аюулгүй байдал судлалын хүрээлэн дараах нийтлэлийг хэвлэжээ. ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-ын холбогдох Байнгын хороо 2024 оны 4-р сарын 16-ны Лхагва гаригт хэлэлцээд түр хойшлуулахаар шийдсэн. Нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Зөвлөлт холбоот улс задран унаснаас хойш бүс нутагт дахин улс төр, эдийн засгийн нэгдмэл байдлыг сэргээх хэд хэдэн санал санаачилга гарч байсан. Эдгээрээс эдийн засгийн нэгдмэл байдлыг дахин сэргээх оролдлого болох Гаалийн холбооноос гараагаа эхэлсэн Евразийн Эдийн засгийн холбоо (цаашид ЕАЭХ) билээ. Бүгд Найрамдах Армян Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улс гэсэн 5 гишүүн улстай тус холбооны хамгийн жижиг эдийн засагтай нь Киргизстан юм.
Киргизийн гишүүнчлэлтэй холбоотой сайн, муу олон янзын дүгнэлт цагийн аясаар ундарсаар байх ба эдгээр нь цаашид тус холбоонд гишүүнээр элсэх магадлалтай орнуудад ажиглах, азнах, тунгаах боломжийг олгодог.
Гаалийн холбооноос нэг монополь тоглогчтой эдийн засгийн холбоо
Европын холбооны Еврази дахь хувилбар болно гэж сүртэй зарласан ЕАЭХ нь 2015 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өдгөө хүртэлх нэгэн арваны турш гишүүн орнуудыг нэгдсэн гаалийн бүсэд оруулан худалдаа, үйлдвэр, хөдөлмөрлөх хүч, хөрөнгө санхүүгийн урсгалыг хангах, эдийн засгийн интеграцийг хэрэгжүүлэх зорилготой гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж, гишүүн орнууд өөрсдийн хууль журмыг нийцүүлэх нөр их аяныг өрнүүлсэн. Гэвч онол, цаасан дээр бичигдсэн шиг гишүүн бүр тэгш эрхтэйгээр эдийн засгийн чөлөөтэй харилцаанд орж, баялаг, үр ашиг хүртсэнгүй.
Холбооны олон асуудлууд дундаас суурь нь ШУДАРГА бус зах зээлийн орчин байв. ЕАЭХ-ны гишүүн орнууд хүн ам, зах зээлийн хэмжээ харьцуулшгүй ялгаатай жижиг, том гишүүдээс бүрдэх ба эдийн засгийн бүтцийн хувьд бие биеэ нөхөх үйлдвэрлэл ховор аж. Чухамхүү эл асуудлаас болж гишүүд хоорондоо зах зээл, гаднын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөх, эв нэгдэлгүй байх, эдийн засгийн бодлогоо уялдуулахгүй байх, өөр өөр зах зээлийн бодлого баримтлахад хүрэв.
Өндөр хүлээлттэй Киргиз гишүүнээр элсэв
Киргиз Улс нь ЕАЭХ-нд 2015 оны 8-р сарын 12-ны өдөр элсэн орсон бөгөөд тухайн үеийн нийгэмд эдийн засгийн хөгжлийн очлуур мэт эерэг нөлөө үзүүлнэ гэх хүлээлтийг бий болгосон. Гэрээг анх байгуулж байхад 7 сая гаруй хүн амтай Киргиз 180 сая хүний эдийн засгийн томоохон зах зээлийн нэг хэсэг болж бараа бүтээгдэхүүн, санхүүгийн хөрөнгийн урсгал, хөдөлмөрийн нөөцөө нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл хөгжиж, худалдааны саад тотгорууд эцэс болно хэмээж байв. Үүн дээр Киргиз улс холбоонд элссэнээр ОХУ-д ажиллаж амьдарч буй 400 гаруй мянган киргиз иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, квот нэмэгдэх, ажилчдын нийгмийн даатгал зэрэг олон асуудлыг шийдвэрлэгдэнэ гэх хүлээлт хэлэлцээрийг батлахад дэмжлэг үзүүлсэн.
Зөвхөн дээрх хоёр шалтгаанаар Киргизийн ард түмэн холбооны гишүүн болсон гэхэд хилсдэхгүй. холбоонд элсэж байгаатай холбоотойгоор Киргиз улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн бодлого, дагалдах хууль журмуудыг сайжруулах зорилгоор олон улсын байгууллагуудын техникийн тусламжийг хүртэл авч бэлтгэлтэй, итгэлтэйгээр элсэв.
Холбоонд элсэх хамгийн том хөшүүрэг байсан ОХУ-д ажиллах хүчний асуудал шийдвэрлэгдсэнгүй
ЕАЭХ-нд элсэх асуудал нь анхнаасаа Киргизийн хувьд зөвхөн худалдааны асуудлаас гадна ОХУ-д ажиллаж буй хүн амын 10 хувьтай тэнцэх ажилчин анги, тэдний жил бүр эх орон руугаа илгээж буй 2.6 тэрбум орчим ам.долларын валютын орлого, тэдгээрийн ар гэрийн амьдрал цаашлаад нийгмийн асуудлыг шийдвэрлэх онцгой гэрээ байв. ОХУ-тай Эдийн засгийн нэг холбоонд ижил статустай гишүүн орон болсноор Киргизээс илгээх ажилчдад тавигдах шалгуур багасаж, нийгмийн даатгалын асуудал шийдэгдэх, ажиллах хүчний чөлөөтэй урсгал бий болох зэрэг олон найдвар байсан.
Гэсэн хэдий ч бүрэн гишүүнчлэлээс хойш олон жилийн дараа энэ асуудал шийдвэрлэгдсэнгүй. Киргиз ажилчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх, саатуулах, олноор нутаг буцаах, хөдөлмөрийн гэрээнд илүү хатуу нөхцөл тавих гэх мэт асуудлууд улам даамжирсан. Холбооны амласан ажиллах хүчний чөлөөтэй урсгал байгуулагдсан цагаас хойш боомилогдсон хэвээр байгааг Киргизийн парламентын гишүүд, Засгийн газрын гишүүд жил бүр шүүмжилж зөвхөн эл шалтгаанаас болж холбооноос гарах саналыг албан ёсоор мэдэгддэг болсон нь жирийн үзэгдэл мэт болжээ.
Төсвийн орлого дахь гаалийн орлогыг доош татав
ЕЭЗХ-г байгуулах тухай 2014 оны 5-р сарын 29-ний өдрийн гэрээний 26 дугаар зүйлд заасны дагуу ЕАЭХ-нд гишүүнээр элссэн аливаа улс орон бусад гишүүн улстай гаалийн нэг нутаг дэвсгэрт орох бөгөөд ба гуравдагч орноос орсон гаалийн импортын татварын орлогыг гишүүн орнуудад төсөв хооронд шилжүүлэх, хуваарилах үүргийг хүлээдэг. Ингэхдээ гаалийн орлогыг тухайн улсын эдийн засгийн хэмжээ, хүн амын тоог харьцуулсан байдлаар тусгайлан боловсруулсан журмаар зохицуулна. Уг журмын дагуу гишүүн улс бүрийн импортын гаалийн татварыг хуваарилах хэмжээг Армян 1.220% хувь, Беларус 4.860%, Казахстан -6.955%, Киргиз -1.900%, ОХУ-ын хувьд -85.065 хувь байхаар тогтсон.
Энэ тооцооллоор хамгийн их орлогыг ОХУ, Беларусь, Казахстанд очих бол Киргиз, Армян хамгийн өчүүхэн бага хувийг авах юм. Энэ шударга бус гаалийн орлого хуваарилалтыг зарим шинжээч ОХУ-ын хууль бус загварчлал хэмээн нэрлэх ч бий.
Үнэхээр ч ЕАЭХ-нд элссэний дараа Киргизийн импортын татварын орлого үлэмж хэмжээгээр буурсныг статистикаас харж болно. График 1-т үзүүлсэнчлэн 2010-2014 оныг хүртэл жилд дунджаар 34.6%-иар өсөж, 13.7 тэрбум сомд хүрээд байсан импортын татварын орлого 2015 онд 54.8%-иар, 2016 онд 84.8%-иар огцом буурч 1 тэрбум сом орчим болсон.
График 1: Гаалийн татварын орлогын хэмжээ

Эх сурвалж: Киргизстаны статистикийн хороо, төсвийн орлого дата
Киргиз улсын төсөв дэх татварын орлого 2010 оноос 2024 оныг хүртэл жилд дунджаар 17.9% өссөн (цар тахлын 2020 онд 12%-иар унасныг эс тооцвол) боловч гаалийн татварын орлогын эзлэх хэмжээ мөн огцом буурсан. Холбоонд элсэхээс өмнө Киргизийн төсвийн нийт татварын орлогод эзлэх гаалийн татварын орлого 2014 онд 16.7% байсан бол 2015 онд 7.3%, 2016 онд 1% болон буурсан байх ба удаах жилүүдэд өмнөх түвшинд огт хүрээгүй. Өөрөөр хэлбэл, татварын орлогод ЕАЭХ нь сөрөг нөлөө үзүүлсээр байна.
График 2: Киргизстаны нийт татварын орлого болон гаалийн татварын орлогын өсөлтийн харьцуулалт
Гишүүн орнуудтай өрсөлдөөний асуудлууд хүндрэв
Киргиз улс холбоонд нэгдэн орсноороо дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг бусад улсын зах зээл рүү нийлүүлэх давуу талыг бий болгоно гэсэн боловч өөртэй нь ижил эдийн засгийн бүтэцтэй Казахстантай илт өрсөлдөх болов. Хоёр улсын тусгаар тогтносон цагаас эхэлсэн худалдааны маргаанд цэг тавих ёстой байсан ЕАЭХ нь эсрэгээрээ дэвэргэх шинжтэй болжээ.
Сүүлийн жилүүдэд Казахстаны тал Киргиз улсаас орж буй бараануудад хориг тавьж, Казахстанд оршин суугчдынх гэсэн худал бичиг баримт бүрдүүлэн НӨАТ төлөхгүйгээр бараа бүтээгдэхүүнийг ЕАЭХ-нд оруулсан, БНХАУ-д үйлдвэрлэсэн барааг Киргизэд үйлдвэрлэсэн хэмээн шошго нааж татвараас зайлсхийсэн, ашиг хүртсэн зэрэг асуудлаар хоорондын чөлөөт худалдааг чөдөрлөх шийдвэрийг үе үе гаргадаг болсон. Казахстан-Киргизийн хил дээр өдөр бүр 10 км үргэлжилсэн ачааны автомашины түгжрэл үүсэх нь ердийн үзэгдэл болсон гэх мэдээллүүд элбэг.
Киргиз Казахстаны худалдааны асуудал нь хөшигний цаадах татварын асуудал мэт боловч цаад талд ижил төстэй бараа, тэр дундаа хүнсний үйлдвэрлэлийн салбар дээрх зах зээлийн төлөөх өрсөлдөөнтэй шууд холбоотой байх магадлал өндөр.
Ижил асуудал Киргиз-Казахстаны жишээгээр үл тогтох бөгөөд холбооны бусад гишүүн орон хооронд чөлөөт худалдааны зарчмаа илт зөрчсөн асуудлууд үе үе үүсдэг. Хамгийн сүүлд л гэхэд Армян Олон улсын эрүүгийн шүүхэд (ОУЭШ) нэгдсэнтэй холбогдуулан ОХУ Армянийн сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон явдал үүний тод жишээ билээ.
Дүгнэлт
Евразийн эдийн засгийн холбоог байгуулах төсөл зарим гишүүддээ ашигтай байсан уу гэвэл ТИЙМ. Лавшруулбал ОХУ-д бүс нутгийн ноёрхлоо батлан харуулах гео-эдийн засгийн зөв нүүдэл байсан. Гагцхүү бүх гишүүдэд ашигтай байсан уу гэвэл ҮГҮЙ.
2015 оноос хойших хугацаан дахь холбооны үйл ажиллагааны хамгийн том бэрхшээл нь гишүүд хоорондын зах зээлийн тэгш бус байдал байсан ба чөлөөт худалдааны харьцангуй давуу байдал бүгдэд үйлчилсэнгүй. ЕАЭХ нь нэг том зах зээлийг тойрсон, эдийн засгийн салбарын хувьд хоорондоо өрсөлдөгчдөөр хүрээлүүлсэн учраас байгуулагдсан цагаасаа хойш 10 жилийн хугацаанд амлалтдаа хүрээгүй. Украины хямрал ч гал дээр тос нэмэв.
Дээрх асуудлаас улбаалсан хүндрэлүүд Киргизэд хамгийн өнгөтөөр биеллээ олжээ. Чөлөөт худалдаатай болсноор төсвийн орлого олно гэсэн боловч орлогын нэг сувгийг чөдөрлөв. Орос дахь ажиллах хүчний нөөцөө тэлнэ гэсэн боловч шийдвэрлэлт тэг үнэлгээ авав. Өсөх зах зээлд нэгдэнэ гэсэн боловч хөрштэйгөө ширүүн өрсөлдөв.
Киргизийн муу туршлага бусад Төв Азийн улсуудын шийдвэр гаргалтад нөлөөлсөн бололтой. Киргизийн дараа хамгийн түрүүнд гишүүн болохоор яриа хэлэлцээр хийгдэж байсан Тажикстан, Узбекстан улсууд бүрэн гишүүн болоогүй нь үүний илрэл байх талтай.
Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн





Leave a comment