
А.В. Яковенко, ОХУ-ын “Россия сегодня” медиагруппын ерөнхий захирлын орлогч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Хууль зүйн ухааны доктор, профессор
I. ЭХЛЭЛ
1989 онд хүйтэн дайн дуусаж, түүнээс хоёр жилийн хойш ЗСБНХУ задран унасан зэрэг геополитикийн үймээн самууныг дагаад дэлхий ертөнц удаан үргэлжилж буй цогц өөрчлөлтийн байдалд байсаар байна. Өмнөх үзэл суртлын бодлогыг хэрэгжүүлэх үндэс болсон барууны элитүүд, тэр дундаа америкчууд “Хүйтэн дайнд ялалт байгууллаа” хэмээн тунхагласан хуурамч дүгнэлтээс болж ийнхүү өөрчлөлтүүд нь гараандаа л царцсан. Зөвхөн өөрийгөө устгах, ялзрах үйл явц автоматаар явагдаг ч (үүний тод жишээ бол ЗХУ задран унасан явдал юм) Өрнөдийн ноёрхлын хүрээ дэлхийн бусад хэсэгт аяндаа өөрөө, автоматаар тэлнэ гэсэн анхны бүдүүлэгдүү тооцоо энд чухал нөлөө үзүүлсэн.
Барууны нийгэмд дэлхий дахинд үүссэн чанарын шинэ нөхцөл байдлыг ухаалгаар үнэлж, түүнд тохирсон шинэ стратеги боловсруулах оролдлого хийгдээгүй. “Хэвийн цаг” ирж, Америк НАТО-г задалж, Европыг орхин гарч, дотоодын үйл хэрэгтээ илүү анхаарал хандуулах цаг болсон гэх, тухайлбал, АНУ-ын шинжээчдийн дуу хоолой “Ялалтын найрал дуу”-нд дарагдсан учир тэднийг хэн ч сонссонгүй.
Автоматизмын үзэл санааны дагуу 1994 онд НАТО-г Дорнын зүг өргөжүүлэх шийдвэр гаргасан ба Орост “ардчилал ялагдсан” тохиолдолд “аюулгүйн бүс” байгуулахын тулд ЗСБНХУ-ын залгамжлагч болсон цөмийн зэвсэгтэй Орос Улсыг уг холбоондоо урьсангүй. Оросыг ийнхүү өөрөөсөө түлхэн холдуулах бодлого нь “өөрөө биелэх эш үзүүллэг болно” гэсэн болгоомжлолыг үл харгалзан уг шийдвэрийг гаргасан.
Тэд Орос улс их гүрний статусаа хэзээ ч эргүүлэн авч, цөмийн пуужингийн чадавхаа зохих түвшинд тогтоон барьж чадахгүй гэсэн ямар ч үндэслэлгүй үзэл бодлыг голчлон барьж ирсэн. Хэрэвзээ Украин тусгаар тогтнолоо хадгалж үлдэх юм бол ийм зүйл болохгүй гэх онолыг Зб.Бжезински дэвшүүлсэн учир тусгаар тогтнолоо олж авмагц төвийг сахисан байр сууриа зарласан Украин Оросыг хязгаарлах Барууны бодлогын чухал баримжаа болсон.
Дэлхийн шинэ төлвийг “нэг их гүрэн” орших “нэг туйлт цаг мөч” гэж тодорхойлсон. Энэхүү нөхцөл байдал нь түр зуурын шинж чанартай гэсэн боловч уг үзлийнхээ дагуу өөрсдийн эхлүүлсэн геополитикийн шилжилтийн эцсийн үр дүнгийн талаарх төсөөллийг боловсруулах оролдлого хийсэнгүй. Генри Киссинжер 1994 онд хэвлэн гаргасан “Дипломат бодлого” номдоо “Эн тэнцүү улс орнуудыг тэргүүлэгчид нь АНУ болон дэлхийн хэд хэдэн тэргүүлэх гүрэн байх болно” гэсэн санааг дэвшүүлсэн. Харин 2022 онд гаргасан “Манлайлал” номдоо тэрээр Ричард Никсоны хэрэгжүүлсэн олон туйлт ертөнц нь Америкийн дипломат бодлогын “найдвартай сургууль” болж чадаагүйд харамсаж байгаагаа шууд илэрхийлсэн байдаг.
ЗСБНХУ-ыг хязгаарлах стратегийг үндэслэгч Жорж Кеннан энэхүү шийдвэрийг Хүйтэн дайн дууссанаас хойших бүхий л хугацаанд гаргасан “хамгийн аюултай шийдвэр” хэмээн үнэлсэн ба дараа дараагийн үйл явдлууд түүний зөв байсныг нотолсон. Тодруулбал, Барууны ертөнц болон Оросын хооронд дахь сөргөлдөөний шинэ үе эхэлсэн. Түүгээр үл барам дэлхий ертөнцийг Өрнө, Дорно хэмээн хуваасан үзэл суртлын болон бусад сөргөлдөөнийг зогсоож буй өнөөгийн нөхцөлд НАТО болон түүний цэргийн дэд бүтцийг ЗСБНХУ/ОХУ-ын баруун хилийн чиглэлд тэлэхгүй гэсэн Зөвлөлтийн удирдлагад өгсөн аман амлалтаасаа буцан, хэлсэн үгээ зөрчсөн.
Хүйтэн дайны төгсгөл үед Барууны орнуудад хэд хэдэн дотоодын асуудал үүссэн байсан ба энэ тухай тэд хожим л мэдсэн. Яагаад гэвэл тэр үед Барууны үнэт зүйлс, хөгжлийн загвараас өөр хувилбар байхгүй гэж хэт баярлан, эйфорид автсан байсан учир аливаа асуудлыг анзааралгүй өнгөрсөн. Барууны орнуудын “амьсгаа задарсан” мэт болсон боловч үүний үр дүнд өмнө нь хоёр туйлт сөргөлдөөний зайлшгүй шаардлагаар сахилга бат нь, тэр дундаа оюун ухааны сахилга бат нь хангагдаж байсан элитүүд нь “бүсээ сулласан”. АНУ болон бусад Барууны орнууд Дэлхийн хоёр дайны үр дүнд бий нийгмийн бодлогын шинэ орчинд ХХ зууны эхэн үеийн капиталист загварыг хэрэгжүүлж байсан рейганомик ба тэтчеризм хэмээх неолиберал эдийн засгийн бодлогын үр дүнд үүссэн 1970-аад оны сунжирсан хямралаас гарч эхэлж байсан. Эдийн засгийн бодлогод ийнхүү өөрчлөлт орсныг хожим нь дайны дараах “нийтийн гэрээ”-г цуцалсан, “ардчиллаас урвасан” гэж үзэх болно.
АНУ-д Их хямралын туршлага дээр үндэслэн банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тавьсан Гласс-Стигалын хуулийг цуцлах үйл явцыг 80-аад онд эхлүүлж, 2000 он гэхэд дуусгасан. Энэхүү шинэчлэл нь “эдийн засгийг санхүүжүүлэх” хэмээх явдлын үндэс суурийг тавьсан юм. Үүний үр дүнд өмнө нь бодит эдийн засагт зөвхөн үйлчилгээ үзүүлж байсан санхүүгийн салбар нь бусад үйлчилгээний салбартай нийлж АНУ-ын ДНБ-ий 80 хувийг хангадаг тэргүүлэх салбар болон хувирчээ.
1971 онд буюу Вьетнамын дайны ид оргил үед Вашингтон алтны стандартыг дангаар цуцалсан нь Бреттон-Вудсын системийг үндсээр нь өөрчилж, долларыг хяналтгүй хэвлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. 1973 онд Ойрхи Дорнодод “Октябрийн дайн” гарсан ба үүний улмаас Арабын орнууд газрын тосны хоригт орж, газрын тосны үнэ дөрөв дахин өссөн. 1974-1975 онд АНУ Саудын Арабтай газрын тосыг доллароор худалдан авах, харин Арабын вант улс нь Америкийн үнэт цаасыг давуу эрхээр худалдан авах тухай гэрээ байгуулсан ба ингэснээр долларын зохиомол эрэлт бий болсон.
80-аад онд хөрөнгийн хөдөлгөөнийг либералчлах, технологи дамжуулах замаар дэлхийн нэмүү өртгийн сүлжээг бий болгох, гэхдээ юуны түрүүнд уламжлалт бодит бүтээн байгуулалтын салбаруудын үйлдвэрлэлийг хөгжиж буй орнууд руу, тэр дундаа Хятад, Зүүн өмнөд Азийн орнууд болон Турк зэрэг хямд ажиллах хүчээр дүүрэн орнууд руу шилжүүлэх явдал буюу даяаршлын үйл явц идэвхтэй өрнөж эхэлсэн. Үүний зэрэгцээ Барууны орнуудад идэвхтэй хөгжиж эхэлсэн мэдээллийн технологийн зэрэг шинэ салбарууд нь ажлын байраа алдаж байгаа дотоодын ажиллах хүчийг шинэ ажлын байраар хангаж чадаагүй.
Ийнхүү Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд дотоодын хоёр туйлт хагарлын бэрхшээлээ даван туулж чадсан түүхэн Барууны орнууд “эрх чөлөө, ардчиллыг дэмжинэ” гэсэн уриа дор дэлхий дахинд ноёрхлоо баталгаажуулах инерцийн бодлогыг сонгосон. Барууны ноёрхлын институцийн үндэс болох Бреттон Вудсын систем ч мөн адил өөрчлөгдөөгүй бөгөөд Барууны хяналтыг хэвээр хадгалсны улмаас бусад улс оронд хүртээмжтэй болж чадаагүй юм. Мөн Орос, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг барууны бус ирээдүйтэй гүрнүүдийг “Их долоо” зэрэг олон улсын байгууллагууддаа тэгш эрхийн зарчмын үндсэн дээр гишүүн болгон татан оролцуулсангүй. Ийнхүү Барууны орнуудад алсын хараа дутжээ. Тэгсэн бол олон улсын тогтолцооны шинж чанар эрс өөрчлөгдөх байсан. Капитализм нь Хятад зэрэг бусад улс орныг өөрийн холбоотон болгож, “Америкийн манлайлал”-ыг хүлээн зөвшөөрөхөд автоматаар түлхэц өгнө гэж АНУ даяаршлын хувиргах хүчин чадалд найдаж байв.
Өрнөдийн ноёрхол болон Англо-Саксоны капитализмын ийнхүү “амьсгаа задарсан”-ы үнэ төлбөр нь даяаршил болон неолиберал эдийн засгийн бодлогын шинэ хувилбар ба дунд хугацаандаа аль алиных нь тогтворгүй байдлыг баталгаажуулжээ гэдэг нь дараа дараагийн үйл явдлуудаас харагдаж байна.
II. ЕВРО-АТЛАНТЫН БУРУУ ЭРГЭЛТ
НАТО-г тэлэх үйл явц хурдсаж, Зүүн болон Төв Европын орнуудыг Европын холбоонд элсүүлэх үйл явцтай давхардаж эхэллээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын санаа зовоосон асуудлуудыг үл ойшоож байв. Тухайлбал, 1997 оны үүсгэн байгуулах тухай хууль болон 2002 оны Ромын тунхаглалд эдгээр асуудал тусгагдаагүй. Шинээр үүсгэн байгуулагдсан Орос, НАТО-ын зөвлөл нь улс бүр үндэснийхээ хэмжээнд оролцдог байгууллага болж чадаагүй. Мөн түүнчлэн Москва удалгүй байгуулагдсан “Их найм”-ын бүтцэд Барууны орнуудын хамтын санаа бодолтой тулгарч, асуудлыг шийдэх гэж оролдох болсон боловч 2014 оны эхээр Крым болон Севастополь Оросын бүрэлдэхүүнд орох болсонтой холбогдуулан уг байгууллага нь оршин тогтнохоо больсон. Барууны орнууд Европын аюулгүй байдлын бүтэц дэх НАТО төвтэй де-факто байдлаа тууштай хамгаалж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ыг институци болон хөгжихөөс сэргийлж байв. Гэтэл НҮБ-ын дүрмийн VIII бүлгийн дагуу уг байгууллага нь хуваагдашгүй зарчмыг хэрэгжүүлсэн жинхэнэ хамтын аюулгүй байдлын тогтолцоо болж чадах байлаа.
Үзэл суртлын зэвсгээ хурааж, эрх тэгш, харилцан үйлчлэх, бие биеийнхээ ашиг сонирхлыг харгалзан үзэх үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэхийн тулд Барууны орнууд аливаа алхам хийнэ гэсэн Москвагийн итгэл найдвар биелэх хувь тавилангүй байжээ. 1999 онд НАТО Сербийн эсрэг түрэмгийлсэн. 2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д террорист халдлага болоход, мөн Афганистан дахь НАТО-гийн үйл ажиллагаанд тусламж үзүүлэх зэргээр ОХУ-ын талаас нэг бус удаа эерэг дохио илгээж байсан ч хоёр талын харилцаа улам бүр хүйтэрсээр байв. Оросууд болон англи-америкчууд 2003 оны хавар буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Ирак үй олноор хөнөөх зэвсэг зэвсэг эзэмшиж байгаа эсэх асуудлаар бүрмөсөн хөндийрөв. Үр дүнд нь америкчууд өөрсдийн холбоотнуудын хамт Иракыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр довтлов.
Ерөнхийлөгч В.В.Путины 2003 оны 6-р сард Их Британид хийсэн төрийн айлчлалыг Орос, Барууны хоорондын эерэг харилцааны оргил үе гэж хэлж болно. Мөн оны намар Британийн тал Б.Березовский, А.Закаев нарт орогнох эрх олгосон. Уг нь бол тэдний хүсэлтийг хэлэлцэж буй гэх шалтгаар асуудлыг шийдэлгүй сунжруулах боломжтой байсан.
2007 оны 2-р сарын 7-нд Оросын ерөнхийлөгч Мюнхенд Орос улс тусгаар тогтносон, бие даасан хөгжлийн замаар үргэлжлүүлэн явж, түүнийг хязгаарлах оролдлогыг эсэргүүцэх болно гэдгийг барууныханд анхааруулсан алдарт үгээ хэлсэн. 2008 оны 4-р сард Бухарест хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын эсэргүүцлийг үл харгалзан Гүрж, Украин хоёр тус эвслийн гишүүд болно гэж шийдсэн. Мөн оны 8-р сарын 8-нд Михил Саакашвилигийн барууны үзэлтэй дэглэм Вашингтоны далд зөвшөөрлөөр Өмнөд Осетийн эсрэг түрэмгийллийг эхлүүлсэн ба энэ үеэр Оросын энхийг сахиулагчид амь үрэгдсэн. Үүний үр дүнд Орос улс Өмнөд Осетийн болон Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн. Кавказын хямралыг Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн зуучлалаар ЕАБХАБ-ын хүрээнд шийдвэрлэсэн боловч ганцхан жилийн дараа тус байгууллага нь Тбилиси зэвсэгт мөргөлдөөнийг өдөөсөнд буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.
Украин Европын холбоонд элсэхэд үүссэн асуудал, мөн элссэний үр дүнд Украин, Оросын худалдаа, эдийн засгийн цогц харилцаанд үзүүлэх үр дагаврыг гурван талт хэлбэрээр хэлэлцэхээс татгалзсан зэргээс үүдсэн Украины хямралыг 2013 оны сүүлээр дэгдээв. 2014 оны 2-р сарын 22-нд Киевт төрийн эргэлт болж, Барууны талыг баримтлагч сөрөг хүчин засгийн эрхэнд гарав. Шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, БНДАУ болон БНЛАУ хэмээн тусгаар тогтнолоо тунхагласан Донбассын бүс нутгуугийг цэргийн хүчээр дарангуйлж эхлэв. Донбассын эсрэг цэргийн хүч хэрэглэх ажиллагаа мөн АТО-ын хүрээнд үргэлжилсэн. 2014 онд Иловайскийн ойролцоо болон 2015 оны 2-р сард Дебальцевогийн ойролцоо Украины Зэвсэгт хүчин хоёр удаа ялагдал хүлээсний дараа Украины зүүн нутгийн иргэний дотоодын мөргөлдөөнийг шийдвэрлэх дөрвөн талт (Украин, Орос, Франц, Германы удирдагчдын оролцоотойгоор) хэлэлцээрийг Минскт байгуулсан. Эдгээр баримт бичгүүдийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталсан ба уг хэлэлцээрүүдэд тусгаар тогтнолоо тунхагласан БНДАУ болон БНЛАУ-ын нутаг дэвсгэрт тусгай статус бий болгохоор заасан байдаг.
III. ДЭЛХИЙ ДАХИНД
Барууны бодлогын үр дүнд Евро-Атлантын бүс нутаг хүйтэн дайны үеийн хоёр туйлт системийг сэргээж байсан бол дэлхийн бусад улс орнууд олон улсын харилцааны олон туйлт архитектурын үндэс суурийг тавьж байв. Хүйтэн дайн дууссаны дараах үеийн дэлхийн хөгжлийн хэтийн чиг хандлагыг ухаалгаар үнэлсний үндсэн дээр Москва 1990-ээд оны сүүлчээс олон туйлт дэлхийн дэг журмын чиг хандлагыг баримтлах болжээ. Энэхүү номлол нь сүлжээний дипломат ажиллагаа болон олон чиглэлт гадаад бодлогын үзэл баримтлалын нэгэн адил Оросын бие даасан гадаад бодлого, төрийн стратеги төлөвлөлтийн оюуны үндэслэлийн нэг хэсэг болжээ.
Барууны бодлогын зөрчилдөөн нь эхлээд 2000 оны дот-комын хямралд, дараа нь 2008 оны намар АНУ-ын ипотекийн хямралд хүргэж, энэхүү хямрал нь дэлхийн санхүүгийн хямралыг өдөөсөн. Уг хямралаас үүдэн урьд өмнө нь Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын түвшинд цугларан уулздаг байсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хэлбэрийг тогтоосон. 2008 оны 11-р сард Вашингтонд болсон анхны дээд хэмжээний уулзалт болон дараа дараагийн уулзалтуудаар хямралыг хэрхэн даван туулах талаарх шийдвэрүүдийг харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргаж чадсан. Гэвч анхны айдас өнгөрсний дараа АНУ болон түүний Европын холбоотнууд “тооны хувьд зөөлрүүлэх” бодлогыг баримтлах болсон бөгөөд энэ нь үндсэндээ банкны зээлийг бараг тэг хүүтэй болгож, мөнгө хэвлэх явдал байсан тул “Их 20”-ийн хүчин чармайлт төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Хямрал ч арилаагүй, хямралын үндсэн шалтгааныг ч арилгаагүй. Харин цаг өнгөрөх тусам “Их 20”-ийн уулзалтаар улам их улс төрийн асуудал хэлэлцэх болов.
Олон улсын харилцааны хөгжиж буй олон туйлт архитектурын нэг хэсэг болгон BRIC форматыг 2006 онд бий болгосон бөгөөд үүнд барууны бус тэргүүлэгч Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд багтжээ. BRIC-ийн анхны дээд хэмжээний уулзалт 2009 онд Екатеринбург хотноо зохион байгуулагдсан ба 2011 онд уг холбоонд ӨАБНУ нэгдэн орсноор тус байгууллага нь тив дамнасан БРИКС-ийн холбоо болсон. Харин 2024 онд Египет, Саудын Араб, АНЭУ, Иран, Этиоп, 2025 онд Индонез зэрэг зургаан орон гишүүнээр элссэнээр 11 болсон. 2024 оны 10-р сард Казань хотноо зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр 13 улсад түнш улсын статус олгох шийдвэр гаргасан бөгөөд одоогийн байдлаар тэднээс Боливи, Куба, Беларусь, Узбекистан, Малайз, Казахстан, Уганда, Тайланд, Нигери улсууд урилгыг хүлээн авчээ. Өөр хориод улс БРИКС-тэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Барууны орнуудад ч, Орост ч Украины асуудлыг экзистенциалист шинжтэй гэж үздэг ба уг түүхэн Барууны ертөнц болон түүхэн Орос хоёрын хооронд үүсэн асуудлаар Оросын тал Баруунтай гүн гүнзгий, соёл иргэншлийн зөрчилдөөнтэй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Ерөнхийлөгч В.В.Путины 2023 оны 3-р сарын 31-ний өдөр баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд Орос Улс нь Хятад, Энэтхэг зэрэг ижил төстэй улсуудын нэгэн адил “өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншилтэй төрт улс мөн” гэж заажээ. Зөвлөлтийн үеийн танин мэдэхүйн хязгаарлагдмал байдал болон орчин үеийн Орос Улсын оршин тогтнох эхний үеийн евроцентризмыг даван туулах явцдаа Оросын Засгийн газар соёл иргэншил бүрийн үнэт зүйлсийн тогтолцоо болон хөгжлийн загварын тэгш байдлыг хүлээн зөвшөөрсөн, баталгаажуулсан олон туйлт үзэл бодлыг боловсронгуй болгож эхэлсэн. Гэтэл таван зууны турш Барууны орнууд дэлхийн улс орнуудын соёл иргэншлийн олон талт байдлыг няцааж ирсэн билээ.
Үүний зэрэгцээ цаг үеийн шаардлагад нийцэхгүй байгаа дэлхийн архитектурын хариу үйлдэл болон бүсчилсэн үйл явц хөгжиж ирсэн. Барууныхан олон туйлт ертөнц нь Барууны ноёрхлыг нураах гэсэн оролдлого хэмээн үзэж, эрс няцааж ирсэн учир НҮБ-ын, түүний дотор Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл нь хориод жилээр сунжирч, ирээдүйгүй болсон нь тодорхой болж ирэв. Ямар ч байсан НҮБ нь Барууны бодлогын барьцаанд орсон ба барууныхан уг олон улсын байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагааг байнга гацаах болсон. Барууны орнууд нь практик, худалдаа, эдийн засаг, мөнгө, санхүүгийн дэлхийн дэг журмын түвшинд ноёрхлоо хадгалах гэж хичээсээр ирсэн.
Украины хямралыг далимдуулан барууныхан “дүрэмд суурилсан дэг журам” хэмээх онолыг дэвшүүлэв. Энэ нь хүйтэн дайн дууссаны дараах зохицуулалтын үр дүнд бий болсон “дэлхийн либерал дэг журам” гэх утгатай ба албан ёсоор ийнхүү “дэг журам” үүсэн тогтноогүй нь орчин үеийн дэлхийн хөгжил, улс төрийн тулгамдсан асуудлуудын гол эх үүсвэрүүдийн нэг болоод байна. Үнэн хэрэгтээ энэхүү онол нь НҮБ-д гол үүргийг даатган, олон улсын эрх зүйн бүх нийтийн (хамтдаа баталж, бүх улс орон заавал дагаж мөрдөх) баримт бичгүүдээс бүрдэх Дэлхийн дайны дараа бүрдэн тогтсон дэлхийн дэг журмыг бүхэлд нь үгүйсгэж байна.
Эцсийн дүндээ дэлхийн бусад улс орноос геополитикийн “төлбөр” авах боломж олгож байсан амьдралын хэв маягаасаа татгалзаж чадаагүй Барууны элитүүдийн алсын хараагүй, аминчхан бодлого нь дэлхийн улс төрийг болон дэлхийн хөгжлийг мухардалд оруулав. Барууныхны “Оросын асуудлыг” бүрмөсөн шийдвэрлэх гэж найдан өдөөсөн Украины мөргөлдөөн нь дэлхийн шинэ төлөв байдлыг хүлээн зөвшөөрөх хурдасгуур нь болж өгөв. Украиныг НАТО-д элсүүлэхээс урьдчилан сэргийлж, мөргөлдөөн үүсгэхгүйг хичээж байсан Орос улс Үндсэн хуульд нь тусгагдсан цэрэг, улс төрийн төвийг сахих байдлыг сэргээх тухай хэлэлцээрүүдийн төслийг 2021 оны 12-р сарын 15-нд АНУ болон НАТО-д санал болгосон боловч барууныхан яриа хэлэлцээнээс нэн даруй татгалзаж, гэрээний үндсэн санаануудыг няцаав. Эвсэл Украины нутаг дэвсгэрт цэргийн бүтээн байгуулалтаа аль хэдийн эхлүүлсэн учир Орос улс уг нөхцөл байдлыг үл зөвшөөрөн, Украинд цэргийн тусгай ажиллагаа (ЦТА) эхлүүлэхээс өөр аргагүй болжээ. ЦТА-ны тунхаглагдсан гол зорилго нь Украиныг цэрэггүйжүүлэх, нацизмыг дарах, НАТО-д элсэхээс урьдчилан сэргийлэх явдал байв.
Барууныхан орчин үеийн зэвсгээр зэвсэглэсэн, нацист үзэл сурталтай Украин хамгийн хатуу хориг арга хэмжээнд (салбар салбарын, санхүүгийн гээд 30 мянга орчим хориг арга хэмжээ авч, ОХУ-ын Төв банкны 350 тэрбум долларын валютын нөөцийг царцаасан) орсон Оросыг үтэр түргэн ялна (блицкриг) гэж тооцоолсон боловч эндүүрчээ. Мөргөлдөөн сунжирч, тулалдааны талбар дахь байдал Оросын зэвсэгт хүчний талд ээлтэй болж эхлэв. Лондон, Вашингтоны шахалтад автаж Киев 2022 оны 4-р сард боловсруулж, үзэглэсэн Станбулын хэлэлцээрээс гарч, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Мөн оны 9-р сард Украины Донецк, Луганск, Запорожье болон Херсон мужуудад бүх нийтийн санал асуулга явагдсан ба Орост нэгдэх тухай шийдвэр гарж, эдгээр муж нь ОХУ-ын бүрэлдэхүүнд шинээр багтаж, энэ тухай Үндсэн хуульд тусгажээ.
Барууны бус болон дэлхийн бусад улс орон Оросын эсрэг барууны хориг арга хэмжээнд нэгдэхээс бодит амьдрал дээр татгалзсан нь Барууны гадаад бодлогын сүйрэл болов. Барууны ийнхүү шахалт дарамт нь шинэ колоничлолын аргаар хөгжиж буй орнуудыг ашиглаж байсныг эсэргүүцэх байр суурийг нь улам хүчирхэгжүүлэв. Дэлхий дээр шилжилтийн хоёр туйлт тогтолцоо бий болоод байгаа ба үүнд Барууны болон өөрсдийгөө түүнтэй дүйцүүлдэг 50 орчим улс орон нэг талд, нөгөө талд дэлхийн бусад улс орон буюу Дэлхийн олонх (мөн Дэлхийн өмнөд хэсэг ч гэдэг ба үүнд 140 орчим улс орон багтаж байна) гарч, дэлхий ерөнхийдөө хоёр хуваагдсан байна. Дэлхийн дийлэнх олонхийн өөрөө өөрийгөө аяндаа зохион байгуулах явцын гол механизм болсон БРИКС-ийн гишүүн орнууд болон түүний дотор Орос улс өөрсдийгөө Дэлхийн өмнөд гэж нэрлэх болжээ. Мөн БРИКС нь “Их 20”-ийн түвшин Дэлхийн өмнөдийг төлөөлж, тэдний ашиг сонирхлыг нь хамгаалж байна. НҮБ шинэчлэгдээгүй бөгөөд Барууны хамтын нийгэмлэг тус Дэлхийн байгууллагын орчин үеийн тулгамдсан чиглэлүүдээр явуулж буй үйл ажиллагаанд нь саад тотгор хиймлээр үүсгэж байгаагийн улмаас одоохондоо “Их 20” нь хоёр бүлэг болон хуваагдсан улс орнуудын харилцааны гол талбар болоод байна.
Барууны орнуудад Украины ялагдал нь Оросын эсрэг гибрид буюу прокси-дайнд татагдан орсон барууныхны ялагдал болно гэдгийг нуухгүй байна. Татагдан орсон гэдэгт их хэмжээний зэр зэвсэг, сум нийлүүлэх, холбогдох тагнуулын мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, Украинд суурилуулсан пуужингийн системийг Оросын эсрэг чиглүүлэх замаар Америкийн сансрын хүчний зүгээс үйлчилгээ үзүүлэх зэрэг багтсан болно. Байдены засаг захиргаа Орост “стратегийн ялагдал” хүлээлгэх зорилтоо тавьсан ба энэ нь ЦТА-ны зорилго биелэхгүй гэсэн үг юм.
Дайны талбар дээр Орос Улс Барууныг ялах төлөв улам тодорч байгаа нь шинээр тогтнож буй геостратегийн нөхцөл байдлын хамгийн чухал шинэ элемент болоод байгаа ба энэ нь дэлхий нийтийн ёс суртахуун, сэтгэл зүйн уур амьсгалд ихээхэн нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Оросын нийгэм, эдийн засаг нь барууны дарамтад тэсвэртэй, зохих хүч, нөөцөө дайчлах чадвартай гэдгээ харуулсан. Тодруулбал, 2024 онд Оросын эдийн засгийн өсөлт 4.1%, АНУ-ын 2.6%, ЕХ-ны дундаж өсөлт 0.9% байв. Үүний зэрэгцээ Барууны орнууд Оросын эсрэг хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүдийнхээ горыг амсаж эхлэв. Тухайлбал, эрчим хүчний үнэ нэмэгдэж, Оросын зах зээлээс гарсны улмаас Герман, Их Британийн эдийн засгийн өсөлт унасан. Мөн АНУ-д инфляцын өсөлтийг өдөөж, Холбооны нөөцийн сангийн хүү 5-аас дээш хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ Америкийн өндөр үнэтэй занарын шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралтай болсон ЕХ болон АНУ-ын хооронд эдийн засгийн зөрчилдөөн үүсэв. Европ дахь эрчим хүчний үнэ АНУ дахь үнээс 3-5 дахин өндөр болсон нь үйлдвэрлэлийг Америк руу шилжүүлэхэд түлхэц болсон. Европыг АНУ-ын дахин үйлдвэржилтийн эх үүсвэр болгож буй энэ нөхцөл байдлыг АНУ-ын 2022 оны инфляцыг бууруулах тухай хуулиар баталгаажуулав.
Яагаад Оросын эдийн засаг Барууны дарамтад тэсвэртэй байгааг тайлбарлах шаардлага үүссэн учир 2023 онд ОУВС дэлхийн тэргүүлэгч улс орнуудын худалдан авах чадварын паритетийг үндэслэн тэдний ДНБ-ийг дахин тооцоолоход хүргэв. Ингэснээр дэлхийн эдийн засаг дахь хүчний тэнцвэрийн бодит дүр зургийг гаргаж ирэв. Тодруулбал, Орос Улс нь Хятад, АНУ, Энэтхэгийн дараагаар Дэлхийн тэргүүлэгч эдийн засгийн тоонд эхнээсээ дөрөвт оржээ.
IV. БАРУУНЫ ОРНУУДЫН АСУУДАЛ
Барууны элитүүдийн инерцийн бодлогын үр дүнд Барууны нийгэмд зөрчилдөөн улам бүр нэмэгдэв. Либерализм болон тэгшитгэгч тоталитаризмын зарим санааг агуулсан либерал үзэл санааны хямралын шинж тэмдэг илэрч байна. Тухайлбал, Германы үндэсний социализмын үзэл баримтлалыг санагдуулам “үндэсний либерализм” (Ф.Фукуяама) хэмээх онолыг дэвшүүлжээ. Ж.Байдены ардчилсан засаг захиргаа нь төр засгийн элдэв халамж, нийгмийн дэмжлэгээс хамааралтай хүн амын эмзэг давхаргынхны дэмжлэгийг авч, хэт либерал хувьсгалыг толгойлж байв. Чухам энэхүү нөхцөл байдал нь цар тахлын улмаас шуудангаар санал өгч байсантай хамт 2020 оны сонгуулийн үр дүнг будилаантуулах боломжийг олгосон гэж үздэг. Тэр үед 2016 онтой харьцуулахад Д.Трамп 11 саяар илүү санал авсан.
Албан ёсны түвшинд ЛГБТ нийгэмлэгийн мөрийн хөтөлбөрийг болон хүйсээ солих трансжендер үзлийг сурталчилж, тэр дундаа эцэг эхийн эрхийг зөрчиж байсан. Үндэстний болон бэлгийн чиг баримжааны цөөнхөд чиглэсэн эерэг бодлогыг утгагүй болтол нь дэвэргэж, түүхийг эргэн харж, шинээр бичиж, хөшөө дурсгалуудыг устгаж, Америкийн өөрөө өөрийгөө тодорхойлох уламжлалыг алдагдуулсан. Тухайлбал, “Хар арьстнуудын ч амь нас эрхэм” хөдөлгөөн энд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүний зэрэгцээ үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж, өөрөөр сэтгэн бодох, өөр үзэл баримтлалтай (мөн их дээд сургуулиудад ч) байх аливаа үзэгдлийг дарж байсан. Эрх баригчид үг хэлэх эрх чөлөө, эрүүл саруул ухааныг “Баруунтнуудын мөрийн хөтөлбөр” гэж тунхагласан. Космополит элитүүдийн бодлого нь улс орон, түүх, уламжлалт үнэт зүйлсээс улбаатай хүн амын дийлэнх хэсгийн ашиг сонирхолтой зөрчилдөж эхлэв. Нийгэм дэх энэ төрлийн туйлшрал нь АНУ-д хамгийн хурцаар илэрч, хүмүүс “соёлын дайн”, “өөрөө өөрийгөө тодорхойлох танин мэдэхүйн хямрал”-ын тухай ярьж эхэлсэн.
V. ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ НЬ: ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ
1914 оноос эхлэн урт удаан ХХ зуунтай давхацсан Барууны нийгмийн хямралыг дайны арга замаар шийдвэрлэж ирсэн хүн төрөлхтөний түүхэн дэх үзэл суртлын эрин одоо л дуусаж байгаа нь тодорхой болж байна. Ийнхүү дуусгавар болохын тулд 1917 оны Оросын хувьсгал, фашизм болон түрэмгий үндсэрхэг үзэлтэй хоёр дайны хоорондох үе, Дэлхийн 2-р дайныг хамруулан Европ дахь “Гучин жилийн хоёр дахь дайн” гэж хэлж болох олон үйл явдал хэрэг болжээ. “Гучин жилийн хоёр дахь дай”»-ы үр дүнд, тэр дундаа “Зөвлөлт Холбоот Улс” хэмээх сорилтын хариу арга хэмжээ авах шаардлага бий болж, үүний тулд нийгэмд чиглэсэн эдийн засаг, хүчтэй болон олон төрлийн дундаж давхаргыг бий болгосны үндсэн дээр Барууны нийгэм тогтворжиж, хөгжил цэцэглэлтийн үндсийг өргөжүүлж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангалттай сайн хангаж өгсөн.
Дональд Трампын Бүгд Найрамдах намын засаг захиргаа нь өрнөдийн элитүүдийн баримталж ирсэн инерцийн буюу уламжлалт чиг шугам, арга барилаа хадгалсан бодлогоор хүйтэн дайны дараах үеийн төгсгөл /эндшпиль/-ийг гэрчилж байна. Энэ нь дэлхийн соёл, соёл иргэншлийн олон янз байдлыг тусгасан олон улсын харилцааны жам ёсны төлөв болох олон туйлт дэлхий рүү шилжих урт удаан хугацаанд үргэлжилсэн үйл явц байв. Дэлхийн соёл иргэншлийн олон янз байдал нь хэдэн зууны турш өрнөдийн орнуудад дарагдаж ирсэн бөгөөд өнөө үед харилцан адилгүй соёл, соёл иргэншлийн үнэт зүйлсийн тогтолцоо, хөгжлийн загваруудын тэгш байдлын баталгаа болж байна. Ийм нөхцөлд НҮБ-ыг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг ч шинэчлэн өөрчлөх, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг соёл иргэншил хоорондын харилцан ойлголцолд үндэслэн дахин бичих шаардлагатай. Эс бөгөөс шаардлагатай нөхцөлийг хангах замаар өрнөдийн бус улс орнууд шинэ, нийтлэг олон улсын байгууллагыг байгуулах магадлалтай.
Одоогийн байдлаар бүсчиллийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үйл явцын хүрээнд улс хоорондын харилцааг зохицуулах гол ачааг бүс нутаг болон макро бүс нутгууд үүрч байна. Дэлхийн засаглалын шинэ хэлбэрийг бүс нутгийн түвшинд дахин бий болгох хандлагатай. Энэхүү хандлага нь геополитикийн болон бусад тогтворгүй нөхцөлөөс хамааран дэлхийн нэмүү өртгийн сүлжээ тогтвортой байж чадахгүйд хүрч улмаар даяаршлыг сааруулах үйл явцтай холбоотойгоор эдийн засгийн үндэслэлтэй байх болно. Тиймээс эдгээр сүлжээ нь улс орнуудын хил хязгаар дотор, эсвэл бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцийн хүрээнд хязгаарлагдах магадлал өндөр байна. Хэрэв оролцогч улс орнууд тохиролцож чадвал тив хоорондын хамтын ажиллагаа ч, жишээлбэл БРИКС-ийн хүрээнд, хэрэгжих бүрэн боломжтой.
Өрнөдийнхөн төгсгөлийн энэ шатанд ямар стратеги сонгохоос цаашдын үйл явдал ихээхэн хэмжээгээр хамаарах болно. Гэхдээ ямар ч тохиолдолд барууны статусыг нэг бүс нутаг, нэг соёл иргэншил рүү шахах тухай яриа хэлэлцээ болж таарна. Мөн бидний мэдэх түүхэн Баруун оршин тогтнохоо больж, түүнийг бүрдүүлсэн улс орнууд Европ/Еврази, Хойд Америк болон Зүүн Азийн харгалзах газар зүйн байрлалд орох магадлалтай.
Барууны дэлхийн ноёрхлын доройтол нь түүхэнд урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл юм (Хэрэв бид Баруун Ромын эзэнт гүрэн болон Византийн задралтай үл харьцуулвал ). Тиймээс Барууны элитүүдийн зүгээс янз бүрийн хариу үйлдэл, тэр дундаа цэрэг-улс төрийн болон худалдаа-эдийн засгийн хаалттай “хэрэм-цайз” маягийн бүтэц бий болгох оролдлогууд гарч болзошгүй. Ийм зорилготой байхаар төлөвлөгдөж байсан Атлантын далайг дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл болон Номхон далай дамнасан түншлэлийн төслүүдийг Дональд Трамп Ерөнхийлөгчөөр анх ажилласан хугацаандаа зогсоосон юм.
Одоогийн байдлаар Трампын стратеги барууны орнуудад давамгайлах төлөвтэй байгааг түүний хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний саруудын үйл ажиллагаанаас ингэж дүгнэж болох юм. Энэ стратеги нь Америкийн нийгмийн дотоод нөхцөл байдал болон дэлхийн чанарын шинэ нөхцөлд АНУ-ын олон улсын байр суурь зэрэг сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх дотоод ба гадаад гэсэн хоёр хэмжигдэхүүнтэй юм. Үүнийг либерал-глобалист парадигмаас консерватив, үндэсний чиг баримжаатай парадигм руу шилжих үйл явц гэж хэлж болно. Энэ нь Трампын сонгуулийн хөтөлбөрийн гол уриа болох “Америкийг дахин агуу болгоё!” (MAGA) болон “Америк нэгдүгээрт!” гэх зарчмыг илэрхийлж байгаа юм.
Дотоод бодлогын хүрээнд бол “(уламжлалт) гэр бүл Америкийн амьдралын төвд эргэн ирж байна” гэсэн үзэл давамгайлж, холбооны түвшинд зөвхөн эр, эм хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх, зөвхөн тэдний гэрлэлтийг батлах бодлого хэрэгжиж эхэлж байна. Үүний улмаас сүүлийн 30 жилийн турш үргэлжилсэн “ногоон” гэх мэт либерал үзэл баримтлалыг бүхэлд нь нурааж байгаа юм. Трампын засаг захиргаа барууны бусад улс орныг мөн ийм өөрчлөлт хийх ёстой гэж шаардаж, өөртэй нь ижил үзэл санаатай улс төрийн хүчнүүд болон хөдөлгөөнийг дэмжихээ тодорхой илэрхийлсэн. Энэ чиг хандлагыг баталсан тод илэрхийлэл нь 2025 оны хоёрдугаар сард Мюнхений Аюулгүй байдлын бага хурал дээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнсийн хэлсэн үг байлаа. Трамп, Илон Маск нар Европын улс төрийн тодорхой үйл явдлуудаар, тухайлбал ХБНГУ-д “Германы төлөөх Альтернатив” намыг хориглох оролдлого, Францад Марин Ле Пенийг улс төрөөс шахах оролдлого зэрэг асуудлаар холбогдох мэдэгдлүүд хийсэн.
АНУ-ын хувьд дахин аж үйлдвэржилтийн чиг шугамыг баримталж эхэлсэн бөгөөд энэхүү үйл явцын эх үүсвэр нь Украины мөргөлдөөнөөс үүдсэн эдийн засгийн уналтад орсон Европ болж байна. Гол зорилго нь холбооны төсөв (сүүлийн 24 жилийн турш алдагдалтай гарч ирсэн) болон гадаад худалдааг тэнцвэржүүлэх, ялангуяа нийгмийн халамжийн зардлыг танах, бизнесийн татварыг бууруулах (Трамп Ерөнхийлөгчөөр анх ажиллахдаа 35 хувиас бууруулсан бол одоо 21-15 хувь болгохоор зорьж байна), гаалийн тарифын бодлого (холбооны НӨАТ байхгүйг нөхөх зориулалттай), мөн чинээлэг гадаад иргэдэд зориулсан “алтан карт” нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээрийн эцсийн зорилго нь АНУ-д бизнес эрхлэхэд төдийгүй амьдрахад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнээс гадна АНУ XIX зууны геополитикийн координатын системд буюу том гүрнүүд давамгайлж байсан тэр тогтолцоонд буцаж очихоор эрмэлзэж байна. Гэхдээ энэ удаа Америк өөртөө томоохон давуу талыг бүрдүүлэн тэрхүү системийг тэргүүлж, өнөөгийн олон улсын худалдаа-эдийн засгийн тогтолцоог өөртөө ашигтай байдлаар шинэчилж, өөрийн давуу байдал, эрх мэдлийг бүрэн дүүрэн ашиглахаар зорьж байна. Мөн уналтанд орсон Европ нь цагаан арьстнуудыг АНУ руу цагаачлах шинэ эх үүсвэр болж магадгүй бөгөөд энэ нь АНУ дахь “цагаан арьстан цөөнх болох” чиг хандлагыг өөрчлөхөд хувь нэмэр оруулах юм.
Канад ба Гренландын талаарх Трампын хэлсэн үгнүүд түүний шинэ засаг захиргааны төлөвлөгөөнд нутаг дэвсгэрээ тэлэх бодлого багтаж байгаа гэж үзэх үндэслэл болж буй бөгөөд үр дагавар нь дэлхийн дулаарлын улмаас ашиглах боломжтой болж байгаа байгалийн нөөц баялгаараа Оросын Арктиктай ижил түвшний нөөцийг эзэмших магадлалыг бий болгож буй юм. Ер нь Арктик нь хоёр талын хамтын ажиллагааны хамгийн чухал салбар болж чадна. Европын холбоотнуудаасаа ялгаатай нь Трамп дэлхийн дулаарал зайлшгүй бөгөөд аль хэдийнэ дулаарал эхэлсэн (дэлхийн дундаж температур 1.5 градусаар өссөн), үүнд дасан зохицох хэрэгтэй гэж үздэг.
Трампын 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд зарласан дэлхийн 185 улс, “түншүүд ба өрсөлдөгчдөд” ижил хэмжээгээр шинээр тогтоосон тарифуудыг нийтийг хамарсан эдийн засгийн довтолгоо гэж үзэж болно. Довтолгооны гол бай нь Хятад болон Европын Холбоо мөн 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш ядуурсан Европ, ингэхдээ ялангуяа Хятадын барааны зах зээлийг зориудаар устгах зорилготой. Мөн Хятадын хөрөнгө оруулалт ихтэй, мөн Хятадын барааг АНУ руу нийлүүлэх боломжтой Зүүн-Өмнөд Ази болон Африкийн хэд хэдэн оронд чиглэсэн цохилт юм. Харин Англо-Саксоны болон Латин Америкийн орнуудын бараанд харьцангуй бага тариф ногдуулсан нь Вашингтоны удирдлага дор англо-саксуудыг нэгтгэх, мөн Монрогийн номлолын дагуу бөмбөрцгийн баруун хагасыг нэгтгэх төлөвлөгөө байж болзошгүйг харуулж байна. Тариф тогтоох нь худалдааны бүх асуудлыг улс тус бүртэй хоёр талт байдлаар шийдвэрлэхийг шаарддаг хатуу ширүүн тоглоомын зөвхөн эхлэл үйл явц юм.
Дараагийн алхам нь 36 их наяд давсан ам.долларын улсын өр /30 хувь нь Хятад, Япон зэрэг гадаадын эзэмшилд байдаг/, жилдээ өрийн төлбөрт төсвийн зарлагын зургааны нэгийг зарцуулдаг асуудлыг шийдвэрлэх юм. Ойрын жилүүдэд өрийг барагдуулахын тулд нийт 14 их наяд ам.доллар төлөх шаардлагатай бөгөөд үүний тулд криптовалют (сул тал нь ихээхэн хэлбэлзэлтэй байдаг), эсвэл алтаар баталгаажсан зээлийн шинэ хэрэгслийг нэвтрүүлэх шаардлага гарч болзошгүй. Тухайн нөөцийг Сангийн яам хянах боломжтой байх юм. Мөн Холбооны нөөцийн систем (ХНС)-ийн шинэчлэл хийх, эдийн засгийн санхүүжилтийн түвшинг бууруулах арга хэмжээ авах ч магадлалтай. Өрийн төлбөрийн хэмжээ нь ХНС-ийн хүүнээс шууд хамаарна.
Засгийн газрын өрийн асуудал ам.долларын ханшийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм. Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр, дэлхийн нөөц дэх ам.долларын эзлэх хувь 2000 онд 71 хувь байсан бол 2024 онд 58 хувь болж буурсан байна. Саудын Араб нь 1974-1975 оны гэрээг сунгахаас татгалзаж, газрын тосныхоо 10 хувийг юаниар зарж байна. ХНС-ийн хүүгийн түвшин инфляциас хамаардаг бөгөөд тарифын дайн өрнөж буй энэ үед инфляци буурах магадлал бага байна. Энэ нь ХНС-ийн уламжлалт бодлогоор мөнгөний нэмэлт нийлүүлэлт хийхэд хүргэж, гиперинфляцийн эрсдэл (10-15%) үүсгэх магадлалтай. Тиймээс тарифын бодлого нь Трампын хувьд мөнгөний системийг шинэчилж зохион байгуулах, ам.долларын ханш огцом унахаас сэргийлж нэг жил, эсвэл жил хагасын ашиг өгөх, хугацааг хожих уу гэдгийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байгаа юм. ХНС-ийн удирдлага асуудалд хатуу байр суурьтай байгаа бололтой. ХНС (ФРС)-ын хүүгийн түвшин АНУ-ын банкны системд хэдийнэ 10 хувийн цоорхой үүсгэсэн бөгөөд энэ нь өмнө нь доогуур өгөөжтэй байсан төрийн бондын зах зээлд илэрч байна. Хятад улс эдгээр бондын арилжааг эхлүүлсэн бөгөөд хэрвээ тэн хагасыг нь 500 тэрбум ам.долларын үнэ бүхий хүргэж чадах юм бол эдийн засагчдын таамаглаж байгаагаар бондын өгөөж 6-7%-д хүрч, үүнтэй холбоотойгоор өрийн төлбөрийн хэмжээ өсөх юм. Ийм байдлаар мухардмал тойрог үүсч, аливаа радикал өөрчлөлт улам илүү радикал арга хэмжээг шаардаж сүйрлийг зохицуулах боломжгүй болдог. Одоогоор Америкийг жинхэнэ хувьсгалт үймээн самуунгүйгээр ерөнхий эмх замбараагүй байдлаас галт шувуу шиг сэргэн босч чадна гэдэгт итгэх ямар ч үндэслэл хараахан гараагүй бөгөөд Трампт ч байхгүй бололтой.
Дэлхийн санхүүгийн 2008 оны хямралын дараа бий болсон АНУ-ын мега сангууд (BlackRock, Vanguard гэх мэт) нь гадаад эдийн засгийг тэлэх экспансийн хэрэгсэл болж байна. Эдгээр сан их хэмжээний санхүүгийн нөөцийг төвлөрүүлэн, төрийнхөө дэмжлэгтэйгээр (торгууль, дуулиан шуугиан зэрэг нь холбогдох банк, компанийн үнэлгээг бууруулж) Европын холбооны орнуудын, тэр дундаа Германы системийн гол банк болон тэргүүлэгч компаниудын хувьцааг хянаж, хяналтын буюу блоклох хувьцааны багцыг худалдан авсан байна. Тэд макро зохицуулалтын квази- төрийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд, (жишээ нь, газрын тос олборлолтын секторыг дэмжих зэргээр) удирдлагын капитализмын шинэ дэвшилтэт хувилбар болж байна.
АНУ-ын эдийн засаг, технологийн хүч нөлөөг дахин сэргээхэд чиглэсэн стратеги нь угтаа холбоотны харилцааг үгүйсгэж байгаа бөгөөд үүнд НАТО ч хамаарна. НАТО нь Трампын хэрэгжүүлж буй “гүйлгээний дипломат” бодлогын хүрээнд илт бизнес төслийн шинжтэй болон хувирч байна. Дайны дараах үеийн “Pax Americana”-ийн хүрээнд АНУ нь Британи зэрэг өрнөдийн орнуудын колоничлол дахь улсуудыг өөртөө нэгтгэж, өрнөдийн глобал давамгайлалд ноёрхох болсон. Өрнөдийн нийгэмлэгийн бусад оролцогчид “Барууны ертөнц дэх Америкийн манлайлал”-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байв. Энэ нь АНУ болон Европын холбооны харилцаанд хурцадмал байдал үүсгэж байна. Тухайлбал, Украины хямралыг зохицуулах тал дээр илэрч байгаа юм. Трамп энэхүү асуудалд зуучлагчийн байр сууринаас хандан Байдены засаг захиргааг уг мөргөлдөөнийг эхлүүлсэн хэмээн буруутгаж байгаа бол Европын холбоо дайн үргэлжлэх шаардлагатай гэж үзэж, ойрын таван жилд Орос Европ руу дахин довтолж болзошгүй хэмээн тооцоолж байна. Харин Трамп “Европын эсрэг Оросын түрэмгийлэл” гэх энэ таамагт итгэдэггүй.
Трампын стратеги нь нэгэн зэрэг геополитикаас гео эдийн засаг руу шилжихийг илэрхийлдэг бөгөөд үүнд Хятадыг “саармагжуулах” бодлого ч багтдаг. Энэ стратегиас цэргийн хүчний үүрэг буурах нь тодорхой байна. Украины мөргөлдөөний жишээгээр Баруун, АНУ стратегийн болон энгийн зэвсгийн уралдаанд ялагдсан бол Орос цэргийн хүчээ нэмэгдүүлж, өргөн цар хүрээтэй чадавхиа харууллаа. Яагаад Трамп шинэ дайны эсрэг, цөмийн зэвсэг бууруулахын төлөө байна вэ? Энэ нь түүний батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлж, цэрэг дайны үйлдвэрлэлийн (ВПК) хүчин чадлыг аж үйлдвэрийн чадавхийн нэг хэсэг болгон (түүний дотор хөлөг онгоцны үйлдвэрлэл ч багтана) сэргээхэд нь саад болохгүй. Зарчмын хувьд стратегийн зэвсэглэл болон стратегийн тогтвортой байдлын асуудлууд ирээдүйд АНУ, Орос, Хятадын гурван талт хэлбэрээр шийдэгдэх боломжтой бөгөөд энэхүү “гурвалжин”-гийн харилцааны нөхцөл байдлаас хамаарах юм. Харин АНУ болон Оросын хоёр талт ийм харилцаа (АНУ-ын санаачлагаар тасарсан) сэргэх нь магадлал багатай.
Хэрэв Трампын төлөвлөгөө хэрэгжвэл, АНУ, ОХУ хоёр нөөц баялгийн хувьд бүрэн өөртөө хангалттай жинхэнэ бие даасан, мөн Арктикийн бүсэд тэргүүлэх байр суурьтай гүрнүүдийн хувиар олон улсын тогтолцоонд тусгай “лиг”-ийг бүрдүүлэх магадлалтай. Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн дараагийн түвшнийг Хятад, Энэтхэг, магадгүй Бразил бүрдүүлнэ. Энэ “тэргүүлэх тав” гэгдэх орнуудын өрсөлдөөний гол салбарууд нь шинэ технологи, эрчим хүчний хэмнэлт болон их эрчим хүч шаардсан хиймэл оюун ухааны хөгжүүлэлт байх болно.
Ерөнхийдөө ойрын үеийн олон улсын харилцаа нь хэд хэдэн зэрэгцээ хөгжиж буй чиг хандлагын тэмцэл, харилцан үйлчлэлээр тодорхойлогдоно. Тодорхой бус байдлын гол хүчин зүйл нь Трампын хувьсгалын ирээдүй байх бөгөөд түүний гадаад төсөөлөл нь Америкийг бусад орнууд неоколониалист нөөц нийлүүлэгч болох “дэлхийн үйлдвэр”-т хувиргах эрсдэлтэй.
Ардчилагчдын хэт туйлширсан либерал туршилтуудын дараа Америк улс болон хоёр талд хуваагдсан Америкийн нийгэм хэрхэн хэвийн байдалд шилжих нь одоогоор тодорхойгүй байна. АНУ нь XIX зууны хоёрдугаар хагасын загвартай төстэй ч бай, эзэнт гүрнээс өөр хэлбэрээр ч юм уу орших боломжтой юу? Консерватив хандлагатай Америкийн нөхцөлд глобалист элитүүдийн биополитикийн зөн совин, тэр дундаа неомальтузизм илэрч өөрсдийгөө мэдрүүлж болзошгүй бөгөөд цорын ганц ялгаа нь нийт хүн амыг эдгээр төлөвлөгөөнд хамруулж, тэднийг зүгээр нэг “зарцуулж болох нөөц” гэж үзэхгүй байж болох талтай. Ийм нөхцөлд Европ тив нь АНУ-ын хувьд нөөц баялгийн хэрэглээний өрсөлдөгч болох байдлаараа тодорхой аюул үүсгэж болзошгүй юм.
Өөр нэг хандлага бол дэлхийн олонх /глобал өмнөдийн талаас эдгээр төлөвлөгөөнд эсэргүүцэл үзүүлэх явдал бөгөөд энэ нь юуны түрүүнд БРИКС+ форматаар, мөн Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд эерэг хөтөлбөрийг дэмжих замаар явагдах болно. Тэд олон туйлт дэлхийн дэг журмын үндсийг бий болгох, олон улсын харилцааг ардчилах, үзэл суртлаас ангид болгох эерэг мөрийн хөтөлбөрийг дэмжихийг зорьж байна. Энд Барууны хяналтад байдаг худалдаа, эдийн засаг, валют санхүүгийн тогтолцоо (Бреттон-Вудсын байгууллагууд, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, ДХБ, Олон улсын төлбөр тооцооны Базелийн банк)-г орлох өөр бүтэц бий болох юм. Дэлхийн тэргүүлэгч соёл иргэншлийн үнэт зүйлсийг илэрхийлсэн өөрийн онцлог ялгаатай байдалд тулгуурласан голлох чиг хандлага болж эхэлнэ. Хүн төрөлхтөний хуримтлуулсан эерэг түүхэн туршлагыг харгалзан үзэж, тэднийг олон улсын харилцааны талбарт нийтлэг хэмжүүрт хүргэх зорилт тавигдах болно.
Гуравдугаарт, зэвсэглэлээр хөөцөлдөхийн оронд хөгжлийн уралдаан гэж болох зүйлээр солигдож, хүний нөөцийг хөгжүүлэх, үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл зэрэг нийгмийн салбарыг хөгжүүлэх, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой болно. Орос Украинд барууныхныг ялсан нь дэлхийн улс төр дэх хүч хэрэглэдэг хүчин зүйлийг бүх нийтээр бууруулахад шийдвэрлэх зүйл болж магадгүй. Тайвань болон Ойрхи Дорнод, Палестины асуудал, Израиль, Арабын орнууд болон Ираны харилцаа зэрэг шударга ёсны үндсэн дээр зохицуулагдаагүй нөхцөл байдалд энэ хүчин зүйл нөлөөлж болох юм.
Дөрөвдүгээрт, түүхэн Барууны сүйрэл ба түүний “бүтээгдэхүүнүүд”, түүний дотор Европын холбооны задрал, эсвэл томоохон түвшний татан буулгалт (ялангуяа Германы сулралтай холбоотой), Европын газар нутаг-улс төрийн дахин зохион байгуулалт, мөн үндэсний чиг баримжаатай элитүүд эрх мэдэлд хүрснээр Европ нь Их Евразийн үйл явцад нэгдэх магадлал зэргийг дурдаж болно. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын оролцоотойгоор хүч хэрэглэсэн мөргөлдөөнүүд гарч болзошгүй, тэр дундаа Барууны орнуудын дунд ийм “тэсрэлт” үүсэх боломжтой.
Тавдугаарт, дэлхийн засаглалын шинэчлэгдсэн буюу шинэ тогтолцооны хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт зэргийг шийдвэрлэх нь бүс нутаг бүрийн оролцоо, тэдний харилцан хамтын ажиллагаа болон “сонирхсон эвсэл”-ийн хүрээнд явагдаж, цаашдаа жинхэнэ утгаараа дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт болж хөгжих төлөвтэй байна.
Москва, 2025 оны 5-р сар





Leave a comment