УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр явууллаа.
Товлосон хугацаанаасаа нэг цаг 30 минут хоцорч эхэлсэн уг сонсголд УИХ-ын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, Ховд аймгийн Мянгад сумын иргэд зэрэг өргөн төлөөлөл оролцлоо.

“Халзан бүрэгтэй” бол Монголын баруун хязгаарт Ховд аймгийн Мянгад сумын нутагт ордог газрын ховор элемэнтийн орд юм. Тус ордын хайгуулын ажлыг социализмын үед буюу 1987 оноос эхэлсэн. Ордын тусгай зөвшөөрлийн одоогийн эзэмшигч нь “Монголиан Нэшнл Рий Ийрт Корп” ХХК юм. Анх 2000 онд иргэн Б.Зул 2400 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл авсан, 2001 онд иргэн Б.Зулаас “Монтем” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл 100 хувь шилжсэн. 2004 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөл бий болсон. 2009 онд “Монтем” ХХК-ийн 2 тусгай зөвшөөрөл “Бошго Уул” ХХК руу шилжсэн. 2011 онд Улсын Дээд шүүхийн шийдвэрээр 2 тусгай зөвшөөрөл “Монтем” ХХК руу буцаж шилжсэн. 2011 онд “Монтем” ХХК хоёр тусгай зөвшөөрлөө “Монголиан нэшнл Рий Ийрт Корп” ХХК-нд шилжүүлжээ.
Өдгөө “Халзан бүрэгтэй” ордод ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Монголиан нэшнл Рий Ийрт Корп”. Тус компанийн 90 хувийг нь Канадын “Супрем 17 Холдинг Лимитед” ХХК, 10 хувийг нь Сингапур Улсын “Билэг Индастриал Групп Пти Лтд” ХХК эзэмшдэг.
Ордын нөөцийн талаар зөрүүтэй тоо баримтууд яригддаг ч сонсголын үеэр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяагийн мэдээлснээр “Халзан бүрэгтэй” ордын нөөц 1,2 сая тонн.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани уг ордод өнгөрсөн 2024 оноос олборлолт эхлэхээр ажлаа эхэлсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулан гацаанд ороод байгаа билээ. Хэрэв ордын ашиглалтыг эхлүүлж чадвал энэ нь Монголын анхны газрын ховор элементийн уурхай болох юм.
“Халзан бүрэгтэй” ордын ашиглалтын асуудал ийнхүү өөх ч биш, булчирхай ч биш байдалд гацаад байгаа нь улстөрчдийн ам, ажлын зөрүү, популист хандлагаас үүдэлтэй. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийн өмнө Ховд аймагт ажиллах үеэрээ “Халзан бүрэгтэй” ордын “ашиглалтыг зогсооно” хэмээн попорч байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн автортай Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслийг дэмжинэ хэмээн тусгасан байдаг.
Том төслүүд, ялангуяа уул уурхайн төслүүд хэрэгжих болоход зөвшөөрөл өгсөн төр нь хойш суун үлдээд хувийн хэвшил, нутгийн иргэд хоёрыг хооронд зодолдуулаад, хэн ялсан нь цаашаа яваг гэсэн бэртэгчин байр сууринаас ханддаг байдал хавтгайрлаа. Уг нь зөвшөөрөөд, үр ашгийг нь хүртэе гэж байгаа бол хайнааг хагалж өгөх үүрэг төрд байгаа.
Технологийн хөгжлөө дагаад үйлдвэрлэлийн дараагийн шатны гол түүхий эд нь газрын ховор элемент болсон. Газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хэн давамгайлах вэ гэсэн өрсөлдөөн дэлхийд ид явагдаж байгаа энэ үед Монгол Улс энэ чиглэлд ямар бодлого, байр суурь барих вэ гэдэг тодорхой байх шаардлагатай байгаа юм. Бичиг цаасан дээр тодорхой байгаа ч хөгжлийн ирээдүйгээ харсан бодит алхмыг зоригтой хийх цаг болсон.

Монгол Улсын газрын ховор элементийн нэг тэрбум гаруй хүдрийн, 3.1 сая гаруй ислийн нөөцтэй хэмээн одоогоор тогтоогоод байгаа. “Халзан бүрэгтэй”-г оруулаад нийт 6 тусгай зөвшөөрөл олгогдсон. Тухайлбал,
-Дорноговийн Хатанбулаг суманд “Лугийн гол”-ын орд 13 мянган тонн исэлтэй. “Экту” ХХК болон “Рео” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
-Өмнөговийн Цогт-Овоо суманд “Хотгор”-ын орд 486 мянган тонн исэлтэй. “Хотгор Минералс” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
-Өмнөговийн Мандал-Овоо суманд “Мушгиа худаг” орд 82 мянган тонн исэлтэй. “Ремет” ХХ болон “Жи Эс Би Майнинг” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
-Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сумдын нутгийг дамнан оршдог “Цагаан чулуут”-ын орд
-Увсын Завхан суманд “Улаан дэл”-ийн орд 5 мянган тонн исэлтэй. “Гео Инфо” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
Нутгийн иргэд “Халзан бүрэгтэй” ордын ашиглалтыг эсэргүүцэж байгаа гол үндэслэл нь цацрагийн хордлого гэдэг. Сонгсголын үеэр эрдэмтэд энэ ойлголт ташаа болохыг тайлбарласан. Зөвхөн энэ сонсголын үеэр ч биш өмнө нь ч гэсэн эрдэмтэд шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хангалттай хийсээр байгаа.
Физикийн ухааны доктор, судлаач Н.Тэгшбаяр “Газрын ховор элемент гэдэгт Лантаноидын бүлгийн 15 элемент багтдаг бөгөөд үүн дээр Сканди, Иттри нэмэгдээд нийт 17 элемент болдог. Эдгээрээс ганцхан нь цацраг идэвхт шинж чанартай байдаг ч уг бодисыг лабораторийн нөхцөлд гаргаж авдаг болохоор байгаль дээрээс шууд үүсэхгүй. Тиймээс “Халзан бүрэгтэй” орчмоос цацраг идэвхт бодис илэрнэ гэдэг нь үндэслэлгүй ойлголт” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга “Газрын ховор элемент бол маш нарийн, шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн сэдэв. Гэтэл иргэдийн бухимдлыг ашиглаж, асуудлыг улстөржүүлж байгаад харамсалтай байна. Ховд аймгийн ИТХ, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагууд иргэдийг урдаа суулгаж, хамтдаа асуудлыг сонсохын оронд дэвэргэж, үл ойлголцол бий болгож байна. Бид мэргэжилтнүүддээ итгэх ёстой. Тэдэнд орон зайг нь өгч, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Иргэд хардах эрхтэй ч, гүтгэх ёсгүй. Үнэн мэдээлэлд суурилж, шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргах нь чухал” гэв.
“Халзан бүрэгтэй” төслийн удирдагч А. Цолмонгийн хэлснээр ажлаа хоёр жилээр хойшлуулаад байгаа ажээ. “Өнгөрсөн хугацаанд зөвхөн хайгуул, судалгааны ажил л явагдсан. Ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй, экспортолж буй бүтээгдэхүүн ч байхгүй. Газрын ховор элемент бол Монголд өмнө нь олборлож байгаагүй, шинэ тутам ашигт малтмал. Энэ ч утгаараа иргэдэд бодит мэдээллийг хүргэхэд хэцүү байдаг. Өндөр технологийн түүхий эдийг хортой, цацраг идэвхитэй гэх зэрэг ташаа мэдээлэл иргэдийн дунд түгээмэл байна. Дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн нийлүүлэлт урьд өмнө Хятадаас 90 хувь хамаарч байсан бол өнөөдөр 10 гаруй орноос салбарлан нийлүүлж буй нь зах зээлийн уралдаан ширүүссэнийг харуулж байна. Монгол Улс энэ өрсөлдөөнд орохоор зэхэж буй ч нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах хурд удааширч байна. Газрын ховор элементийн олборлолт гэдэг нь зөвхөн нөөцтэй байх биш. Түрүүлж олборлосон нь олон улсын зах зээлд байр сууриа эзэлдэг. Манай төсөл хайгуулын ажлаа хоёр жилээр хойшлуулсан. Үүний үр дүнд төслийн ерөнхий хугацаа 2.5–3 жилээр ухарч байна. Энэ хугацаанд алдсан эдийн засгийн боломжийг хэмжих аргагүй” гэж тэрбээр хэллээ.
Алдагдаж байгаа эдийн засгийн боломж, цаг хугацаа даанч хайран байгаа нь бодит байдал. УИХ-ын зохион байгуулж байгаа Нийтийн сонсгол тал талын оролцогчийн байр суурийг олонд сонсгож байгаа нь зөв ч өмнө болсон нүүрсний, банкны, ногоон автобусны гэх зэрэг сонсголуудын үр дүн нүдэнд харагдаж, гарт баригдаагүй өнөөг хүрсэн. Энэ удаад ч мөн адил сошиалын нэг өдрийн топ сэдэв болоод өнгөрч байна.
Д.НАРАНТУЯА





Leave a comment