Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулсан тухай УИХ-ын 95 дугаар тогтоол 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр батлагдсан. УИХ энэхүү тогтоолыг батлахдаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хуулийн 43-ийн 1, 70-ын 1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндсэн хуулийн Цэцэд тогтоол батлагдсанаас хойш 4 цагийн дараа гомдол гаргасан.

Үндсэн хуулийн Цэц гомдлыг хүлээн авч, маргааныг хянан шийдвэрлэхээр болсноо мөн тэр өдөртөө мэдэгдсэн. Ингэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа” хэмээгээд их суудлын хуралдааныг аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт товлосон.

Их суудлын хуралдаан бүтэн өдөр үргэлжилж, оройн 22.30 цагт дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тухай УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.

Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.

Leave a comment

Trending