“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. С.Мөнхсүх нь 2026 оны 2-р сарын 1-ний  өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ.   

Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм. С.Мөнхсүх нь 2012 оноос “Оюутолгой” компани дахь ажлын замналаа эхлүүлж стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд гар бие оролцож байв. 2015 онд Рио Тинто групп рүү шилжин, оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг удирдан хариуцаж байсан туршлагатай. 

С.Мөнхсүх нь “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө Рио Тинтогийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ хугацаандаа Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайлбал, тэрээр Австрали дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулан эрчимжүүлсэн.   

“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Хинтон хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 15 жилийн турш бүтээн байгуулалт өрнүүлж, амжилт бүтээлээ тогтвортой үйлдвэрлэлээр баталгаажуулсан Оюутолгой хөгжлийнхөө дараагийн шатанд ирээд байна. Түүхэн ач холбогдолтой энэ мөчид хувь нийлүүлэгчдийн итгэлцэл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ Оюутолгойн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг С.Мөнхсүхэд ирж байна. Түүний уул уурхайн салбарын өргөн мэдлэг, Оюутолгой болон Рио Тинто группт ажилласан арвин туршлага нь Оюутолгойн амжилтын буухиаг үргэлжлүүлж, компанийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй С.Мөнхсүх: “Надад итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу Оюутолгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд гар бие оролцон зүтгэж, өнөөгийн амжилтад хөтөлсөн хамт олноороо бахархаж байна. Оюутолгойн амжилт бүтээлийг шат ахиулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, Оюутолгойтой холбогдсон тал бүрд үнэ цэнийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно” гэв.

Эх сурвалж: ot.mn

Leave a comment

Trending