Оюутолгойн үйл ажиллагаанд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн.

ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүх “Русал” компани Рио Тинтогоос $1,3 тэрбумыг нэхэмжлэх эрхтэй гэсэн шийдвэр өнгөрсөн 2025 оны 12-р сард гаргасан. Шүүхийн энэ шийдвэр нь бизнесийн хоёр компанийн хоорондох маргаанаас хавьгүй илүү агуулга, үр дагавартай байж болохоор кэйс боллоо хэмээн үзэж байна. Учир нь, энд зөвхөн мөнгө өгөлцөж, авах тухай биш Оросын компани хуулийн гаргалгааг ашиглан, маргаанд шууд хамааралгүй Монголын Оюутолгойгоос яаж хувь хүртэх бол гэдгийг ажиглаж байна.

Арбитрын шүүхийн шийдвэрийг Рио Тинто эсэргүүцэж энэ оны 1-р сард давж заалдсан боловч 2-р сарын 16-ны өдөр энэхүү давж заалдах нэхэмжлэлийг хаалттай хэлэлцээд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоогоос Рио Тинтогийн зүгээс ямар хариу үзүүлэх нь тодорхойгүй байгаа ч Монгол дахь Оюутолгой үйлдвэрийн үйл ажиллагаанд эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн уулзалтын үеэр илэрхийлсэн.

“Русал” компани нэхэмжилж буй үнийн дүндээ Рио Тинтогийн эзэмшлийн аль нэг активыг авах сонирхолтой, энэ нь Рио Тинтогийн 66%-ийг нь эзэмшдэг Монголын алт, зэсийн Оюутолгойн хувьцаа байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Учир нь, “Русал” Австралийн шүүхэд ялагдсаныхаа дараагаас ОХУ-ын Арбитрын шүүхэд зарга мэдүүлснээс хойш Оросын хэвлэлүүдээр Оюутолгойг сонирхож байгаа гэсэн мэдээллүүд гарч эхэлсэнийг санах хэрэгтэй. Мөн Австралийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, Оросын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга зөрөөтэй.

Харин монголчууд энэ тухай С.Баярцогтын амнаас анх сонсоцгоосон. Оросын “Русал” Монголын Оюутолгойг сонирхож байгаа хэмээн С.Баярцогт өнгөрсөн оны 12-р сарын эхээр УИХ-аас зохион байгуулсан Оюутолгой төслөөс Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх нийтийн сонсголын үеэр анх олон нийтэд зарласан. Сангийн сайд асан С.Баярцогт бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний авторуудын нэг билээ.

“Русал”-ын Рио Тинто-гийн эсрэг зарга хэрхэн үүссэн бэ?

Энэхүү маргааны нэхэмжлэгч тал нь “Русал” бөгөөд хариуцагчаар Рио Тинто болон Рио Тинто группийн хэд хэдэн охин компани, мөн гуравдагч этгээдээр Австралийн Queensland Alumina Limited (QAL)-ийг татсан юм. QAL нь жилдээ 3,95 сая тонн хөнгөн цагааны хүчил үйлдвэрлэдэг. QAL-ийн 80%-ийг Рио Тинто, 20%-ийг “Русал” эзэмшиж байсан ч ОХУ  Украины эсрэг дайн өдүүлсэний дараа барууны орнуудын Оросын эсрэг тавьсан хоригт Австрали нэгдэж улмаар Орос руу гаргах экспортын хэд хэдэн бүтээгдэхүүндээ хориг тавихад хөнгөн цагааны исэл багтсан. Ингэснээр “Русал”-ын QAL-д эзэмшиж байсан 20% эргэлзээтэй байдалд орсон бөгөөд хоригийн дараахан Рио Тинто барьцаа лавшруулж, хоригоос үүдсэн нөхцөл байдал нь хоёр талын гэрээнд заасан “давагдашгүй хүчин зүйл” гэдэгт заалтад нийцэж байгаа гэсэн үндэслэлээр оросуудын 20%-ийг авч QAL-г Рио Тинто 100% эзэмших болсон.

Рио Тинтогийн энэ үйлдэл бизнесийн гэрээг зөрчсөн гэж гэж үзэн “Русал” 2023 онд Австралийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Австралийн шүүх Рио Тинтогийн талд шийдвэрлэсэн. Харин “Русал” бууж өгсөнгүй, Калининградын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь одоо өрнөж байгаа процесс юм. Австралийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 20%-ийн эзэмшлээ сэргээж, QAL-ийн Гладстоне дахь хөнгөн цагааны үйлдвэрийг удирдах эрхийг хүсч байсан бол Оросын Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 20%-д тохирох 104,75 тэрбум рублийг нөхөн төлбөр болгож өгөхийг шаардсан бөгөөд энэ нөхөн төлбөртөө аль нэг активаа өгөхийг санал болгосон. “Русал” чухам Рио Тинтогийн аль активыг нэхэмжилсэн талаарх мэдээлэл задрахгүй хэвээр байгаа бөгөөд “Русал”-ийн хуульчдын зүгээс болон энэ нэхэмжлэлийг тайлбарласан бусад хуульч, шинжээчийн Оросын хэвлэлд өгсөн тайлбаруудад “Русал”-ийн нэхэмжлэх хамгийн өндөр магадлалтай Рио Тинтогийн актив бол Монгол дахь Оюутолгой гэсэн мэдээллүүд цацагдаж эхэлсэн.

“Русал” Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хариуцагчаар Rio Tinto Plc. (Их Британ), Oyu Tolgoi Netherlands B. V. (Нидерланд), THR Oyu Tolgoi Ltd (Британийн Виржини арал), Rio Tinto Aluminium Ltd, Rio Tinto Aluminium (Holdings) Ltd, Rio Tinto Ltd, RTA Holdco Australia 5 Pty Ltd (Австрал) гэсэн компаниудыг татсан нь санамсаргүй хэрэг биш, чухамхүү Оюутолгойг онилж буй хэрэг гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

Гэхдээ эрх зүйн хувьд “Русал-ын энэ хүсэл биелэгдэх магадлал бараг байхгүй ч Оюутолгой төслийн тээвэр, ложистик, ханган нийлүүлэлтэд Оросын 50 хувийн эзэмшилтэй “УБТЗ” онцгой үүрэгтэй, үүгээрээ дамжуулан төслийг гацаах алхам хийх боломжтой хэмээн Оросын хэвлэлд бичсэн.

Оросын шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Австрали “Русал”-ын эзэмшиж байсан 20%-ийг бизнесийн агуулгаар биш улс төрийн агуулгаар булаан авсан гэж үзэн, “Русал” зөрчигдсөн эрхээ нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа явдал. Рио Тинто “Русал”-ын хувьцаа эзэмшигчийн эрхэд халдсан учраас учирсан эдийн засгийн хохирлыг төлөх ёстой гэсэн байр суурийг шүүх үндэслэл болгож байгаа. Ингэхдээ энэ зөрчил ганцхан Рио Тинтогийн удирдлагад хамаатай биш группийн бүтцэд хамаатай гэж үзэж байгаа. Тиймээс ч хариуцагчаар Рио-гийн бүтцийн компаниудыг татсан.

“Русал” ба Оюутолгой

Өмнө өгүүлсэнчлэн энэ зарга Орост үүсэхтэй зэрэгцэн “Русал” Риод эзэмшиж байсан 20%-ийнхаа оронд Оюутолгойн тодорхой хувийг нэхэмжилнэ гэсэн мэдээллүүд бизнес, санхүүгийн мэдээллээр дагнасан хэвлэлүүдээр гарч эхэлсэн нь анхаарал татдаг.

Оюутолгой бол алт, зэсийн орд, “Русал”-ын эрхэлдэг бизнестэй технологийн хувьд ч , санхүүгийн загварын хувьд ч хавьтахгүй. Тиймээс “Русал” Оюутолгойг Риод шахалт үзүүлэх зэвсэг болгон ашиглаж байх талтай. Учир нь, Оюутолгой бол Риогийн хувьд ашигтай төслийнх нь нэг.

Үүнээс гадна Монгол, Оросын хооронд хууль эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх гэрээ үйлчилдэг. Энэ гэрээгээр нэг улсын шүүхийн шийдвэрийг нөгөө улсад шууд хэрэгжүүлэхгүй ч гэлээ эрх зүйн яриа хэлцэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Зарга Орост ямар давуу байдал үүсгэж байна вэ?

Нэгд, санхүүгийн хувьд нэхэмжилж буй үнийн дүнг бүтнээр, эсвэл тодорхой хэсгийг эрх зүй, яриа хэлцлийн замаар төлүүлэх нөхцөл бий болж байна. Хоёрт, эрх зүйн хувьд Оросын шүүх дэлхийн үндэстэн дамнасан том группийг хариуцлагад татсан, энэ нь цаашдаа Оросын бусад компанид жишиг болж, байр суурийг нь бататгаж өгнө. Гуравт, бизнесийн харилцааны хувьд “Русал” шахалт үзүүлэх зэвсэгтэй болж, Рио Тинтогийн байр суурийг ганхуулах өндөр магадлалтай.

Арбитрын шүүхийн шийдвэр бол процессийн дөнгөж эхлэл юм. Ямар ч гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Дараагийн алхам нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр талын хууль эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээг ашиглан, гэрээтэй улсын эрх зүйн процессийг эхлүүлэх магадлалтай. Шүүхээр шийдэгдсэн нэхэмжлэлийг төлүүлж шийдвэрлэхээс илүүтэй ийм төлбөр төлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь “Русал”-ын хувьд том алхам. Үүнийг дараа Рио Тинтотой жинхэнэ хэлэлцээнд орох алхам хийхээр төлөвлөж байх магадлалтай.

Рио Тинто Оросын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэсэн ч шүүхийн шийдвэр гэдэг бол харилцан яриа хэлцэлд түлхэх үндсэн суурь болж өгнө. Үүнд Оюутолгойн 34%-ийг эзэмшигчийн хувьд Монгол татагдан орох магадлалтай. “Русал”-ын энэ заргыг Оросын бусад компани анхааралтай ажиглаж байгааг мартах учиргүй. Үндэстэн дамнасан компанитай хэрхэн заргалдах, эрх зүйн ямар боломж байгаа эсэх, компанийнхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах загвар болон үлдэх магадлалтай. Орос бол дэлхийн уул уурхайн түүхий эдийн зах зээлд том тоглогчийн нэг. Украиныг түрэмгийлсэний эсрэг тавьсан хориг Оросыг ихээхэн сулруулж, буланд шахсан байдалтай байсан бол АНУ-Израилийн Ираны эсрэг халдлага нь Оросын уул уурхайн түүхий эдийн нийлүүлэлтэд эргэн байр сууриа сэргээх боломжийг олгож эхлээд байна.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending