Монголын зах зээл дэх түлш, шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026.03.23-нд мэдээллээ.
АНУ, Израил хамтран Ираны дайныг эхлүүлээд бараг нэг сар болох гэж байна. Дайн эхэлсэн 2-р сарын 28-ны өдөр энэ дайн 4 өдрийн дараа дуусна гэж байсан бол ийнхүү 4 дэх долоо хоног руугаа орж, энэ дайнаас үүдсэн гинжин урвал дэлхийн бараг бүх зах зээлд нөлөөлж эхэллээ.
Дэлхий дахинд бий болсон нөхцөл байдлалтай холбоотойгоор Монголын зах зээл дэх түлш, шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо хэмээн өчигдөр (2026.03.23) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.
Тус яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайн мэдээлснээр “сар бүрийн 4 болон 25-ны өдөр гол нийлүүлэгчдээс үнийн санал ирдэг. Уг үнийн санал ирсний дараа Үнийн зөвлөлийг хуралдуулахаар төлөвлөж байна. Бид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр худалдан авдаг. АИ-92 шатахууныг тодорхой хэмжээнд тогтворжуулах гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байна. Харин бусад бүтээгдэхүүний хувьд олон улсын зах зээлийн үнээр худалдан авч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор үнэд тодорхой хэмжээний өөрчлөлт орох нь ойлгомжтой болсон” гэлээ. Импортлогч ААН-үүд үнийг дунджаар 1000 төгрөгөөр нэмэх саналыг яаманд ирүүлсэн юм байна. Засгийн газрын тогтоолоор нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 5% хүртэл зохицуулдаг ч гэлээ дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 60-70% өсөөд байгаа учраас нэмэхээс өөр гарцгүй болжээ.
ТРАМПЫН ХАР ХУН
Ираны дайн дэлхийн эдийн засаг, санхүүгийн урсгалыг тасалдуулж, хөрөнгө оруулагчдын хамгийн их болгоомжилж байсан зүйлийг бодит болголоо.
Таамаглах аргагүй, үр дагавар нь эдийн засаг, зах зээлд сөргөөр нөлөөлөх үйл явдлыг “хар хун” хэмээдэг. Ираны дайн нь чухамхүү Трампын “хар хун” болоод байна.
Ираны эсрэг ажиллагаа явуулна гэдгээ Трамп он гараад мэдэгдэж байсан. Өнгөрсөн оны сүүлээр Ираны дотоодод байдал тогтворгүй, олныг хамарсан жагсаал өргөжиж, Ираны эрх баригчид энэ бол гаднаас зориуд өдөөн турхирч буй үйлдэл хэмээн мэдэгдэж байсан. Трамп он гарангуут онгоц тээвэрлэгч хоёр хөлөг онгоц болон цэргийн өр бусад техникийг Ойрхи Дорнодын бүс нутаг руу илгээсэн. Энэ үеэс Brent нефтийн үнэ нэмэгдэж эхлээд 2-р сарын 28-нд Иран руу цохилт өгөх үед 20% өсч $73 болсон. Энэ нь 2025 оны 6-р сараас хойших хамгийн өндөр өссөн үнэ байсан юм. Нефтьтэй зэрэгцэн алтны бас өсч, Ираны цохилтын дараа 2025 оны эцэстэй харьцуулахад 22% нэмэгдэж, унц нь $5277,9 болсон.
Цохилт эхэлснээс хойших 12 цагт АНУ болон Израиль Иран цэргийн объектууд руу 900 удаагийн пуужин харвасан. Ираны хууль ёсны тэргүүн аятолла Алт Хаменей эхний өдөр пуужингийн цохилтод өртөн алагдсан. Ираны дээд удирдлага устгагдсан учраас Иран удахгүй энхийн хэлэлцээрийг эхлүүлнэ хэмээн 3-р сарын 1-нд Трамп мэдэгдэж, зах зээлийн савалгааг намжаахыг түүний хүссэнээр болоогүй. 3-р сарын 2 гэхэд нэг баррель Brent нефтийн үнэ $80, 3-р сарын 3-нд $84 хүрсэн. Харин байгалийн хийн 4-р сарын фьючерсийн үнэ 1000 куб.м-ийн үнэ $800 хүрсэн нь 2023 оноос хойших хамгийн өндөр үнэ байлаа. Улмаар Ираны цохилт эхэлснээс хойш 7 хоногийн дараа гэхэд нефть 24,5% өсч $91, байгалийн 63% өсч $650 хүрсэн.
Иран хариуд нь Ойрхи Дорнодын орнуудад байрладаг АНУ-ын цэргийн баазууд руу цохилт өгөхийн зэрэгцээ Катар дахь байгалийн хийн томоохон ордыг бөмбөгдөж, нефтийн тээвэрлэлтийн гол суваг Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаасан нь Булангийн орнуудаас эрчим хүчний эх үүсвэрээ татдаг бүх улсад эдийн засгийн хямрал дагуулах нь гэсэн дохиог өгч эхэлсэн.
Энэ удаагийн дайн нь 2025 оны “12 өдрийн дайн” биш, хамаагүй гүнзгий үр дагавартай байх нь одоо бараг тодорхой болж байна. Өнөөдрийн байдлаар Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас эрчим хүчний эх үүсвэрийн нөлөөллийг дэлхийн бараг бүх улс мэдэрч эхлээд байна.
Эрчим хүчний эх үүсвэрийн үнийн сүүлийн 30 жилийн графикийг харахад их бага хэмжээгээр өсч буурч байсан ч хоёр удаагийн том савалгаа тохиожээ. Эхнийх нь 2008-2010 оны санхүүгийн хямралын үед, хоёр дахь нь ковид19-ийн дараахан Орос Украин руу довтолсон 2022 онд тохиожээ. Хоёр дахь савалгаа ялангуяа Европын орнуудад илүүтэй мэдрэгдсэн.
Харин энэ удаа Ойрхи Дорнодын эх үүсвэрээс хамааралтай Азийн орнуудад шоок илүүтэй мэдрэгдэж байна. Ираны дайн эхэлснээс 5 хоногийн дараа Хятад улс түүхий нефть экспортлохыг хориглосон нь “хар хун”-гийн эффектийг тооцоолсон хэрэг. Хятадаас гадна Тайланд, Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнууд булангийн орны эх үүсвэрээс их бага хэмжээгээр хамааралтай байгаа. Тайланд, Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн индекс дайн эхэлсэний дараах өдрүүдэд хамгийн их унасан. Харин Японы хөрөнгийн биржийн уналт Тайланд, өмнөд Солонгостой харьцуулахад тийм өндөр байгаагүй нь Япон 230 гаруй хоногийн нөөцтэй байсантай холбоотой.
ПУТИНЫ ЦАГААН ХУН
Ираны дайны нөлөөг бүх улс сөргөөр мэдрээгүй. Ираны дайнаас ашиг хүртэх цөөн улсын нэг нь Орос. Оросын нефтийг худалдан авахгүй байхыг Энэтхэгээс шаардаж өндөр тариф тогтооно хэмээн айлгаж байсан Трамп дайн эхэлснээс хэд хоногийн дараа Энэтхэгийг Оросоос нефть авахыг зөвшөөрсөн. Энэ зөвшөөрөл гэхдээ түр хугацааных хэмээн Трамп тайлбарласан.
Ормузын хоолойгоор дайн эхлэхээс өмнө өдөртөө 20 сая баррель нефть тээвэрлэгдэн өнгөрдөг байсан. Энэ нь нефтийн далайн тээврийн 25% юм. Энэ хоолойгоор нэвтэрч байгаа нефтийн 80% Азийн орнууд руу хүргэгддэг гээд бодохоор Ираны дайн Азийн орнуудын эдийн засагт хэрхэн тусах нь ойлгомжтой. Ойрхи Дорнодоос Ази руу чиглэсэн энэ урсгал хаагдсанаар эрчим хүчний эх үүсвэрийн ложистикт өөрчлөлт гарах нь тодорхой болж байгаа бөгөөд энэ өөрчлөлт хамгийн ашигтай тусах нь Орос юм. Энэ нөхцөл байдалд Оросын нефтийн экспортын уламжлалт маршрут хамгийн аюулгүй бөгөөд найдвартайд тооцогдож байна. Оросын нефтийн тээврийн уламжлалт маршрут нь Ойрхи Дорнодын чиглэлтэй огтлолцохгүй, Балтийн тэнгисийн маршрут нь Европын орнууд, Алс Дорнод дахь Номхон далайн боомтын маршрут нь Азийн орнуудад төвөггүй хүрнэ.
Хэдийгээр Орос хоригт байгааг дэлхий даяараа мэдэж байгаа ч эрчим хүчний эх үүсвэрийн хомсдол гэдэг хориг зэрэгт торох зүйл биш, ард нь улс орны амь амьдрал явж байдаг асуудал. Кремль ч энэ боломжийг алдахгүй. Хоригоос болж унаад байсан нефть, байгалийн хийн экспортын орлого нь энэ жил сэргэхээр байна. Ираныг хүчгүйдүүлэх гэсэн зорилт нь биеллээ ч хүчгүйдүүлсэн гэж бодож байсан Орос сэргэх боломжтой боллоо.
А.ҮЛЭМЖ




Leave a comment