Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Туулын хурдны замын талаарх албан мэдээллийг няцаах баримтууд. Энэ замын өртөг 2.3 их наяд төгрөг.

Нэг.

Туул голын гольдрилд хурдны зам барьснаар Туул алга болохгүй ч гол экосистем байхгүй болно. Усны чанар муудна, амьдралыг тэтгэх ямар ч чадваргүй болно. Улаанбаатарчууд Туул голын хөндийгөөс ундны усаа авч ууж байгаа, Туулын гадарга дээр урсч байгаа ус доошоо шингээд тэндээс нь бид ундаалдаг. Гол гэдэг бол зөвхөн голдрилд харагдаж байгаа ус биш, 30% нь гольдрилоороо бидний нүдэнд харагдан урсч, голын татамын доор урсч байгаа. Татмын мод бургасыг устгаснаар усаа барьж тогтоож чадахгүй болноо л гэсэн үг.

Хоёр.

 Усны тухай хуульд  усны сан бүхий газрын эргээс 75 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэсэн заалтыг 2022 онд өөрчлөлт оруулж, 50 метр болгож өөрчилсөн. Мөн өнгөрсөн 2025 оны 7-р сарын 9-ний өдөр “ онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулсан.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8 гэдэг нь “”нийтийн зориулалттай дэд бүтэц” гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг;” гэсэн заалт бөгөөд ингэснээр Туулын хурдны замыг барих эрх зүйн хамгаалалтыг хийж өгсөн.

Гурав.

Туулын хурдны замын нийт урт 32 км, үүний 11 нь Туулын татамаар дайрч байгаа. Замын зураг төслөөр энэ 30 метр тутамд багана босгох бөгөөд Туулын 11 км-ийн татам дээр нийт 2200 (6 эгнээ бүрт 6 багана) босно. Баганийн өндөр 20 метр буюу 7 давхар байшинтай тэнцүү өндөртэй гэсэн үг.

Дөрөв.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад Туулын замаас илүүтэй одоо байгаа замын сүлжээг хооронд холбох илүү нөлөөтэй. Туулаа дагасан биш хөндлөн давсан зам, гүүр түгжрэлд илүү нөлөөтэй. Улаанбаатар хотын замын сүлжээний ачааллын тооцооллоос харахад төв хэсэгтээ, мөн босоо чиглэлийн (хойноос урагш) тэнхлэгүүд дээр илүү түгжирдэг. Энэ нь замын торлог сүлжээ муу, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам зэрэг хөндлөн замууд босоо тэнхлэгийн замуудтай хангалттай огтлолцож, холбогдож чадаагүйтэй холбоотой. Туулын зам түгжрэлийн цэгүүдтэй хол учраас түгжрэлийг бууруулж чадахгүй.

Тав.

Хурдны замыг гол төлөв хоёр хотыг холбох зориулалтаар барьдаг. Хурдны зам гэдэг нь дараах стандарттай:

  • доод хурд тогтоодог (ихэвчлэн 60 км/цаг+)
  • 80–100 км/цагийн жигд хурдтай хөдөлгөөн
  • уулзваргүй, тасралтгүй урсгал
  • ойр ойрхон эргэлт, гарцгүй
  • хот хооронд 15 км-ээс дээш
  • хот дотор дор хаяж 5 км-ээс дээш тасралтгүй урсгалтайгаар төлөвлөдөг.

Зургаа.

Туулын бургас бол улаанбаатарчуудын амьсгалж байгаа агаар үйлдвэрлэгч гол цэг. Улаанбаатар хотын энд тэнд тарьсан хэдэн мод нийслэлчүүдийн амьсгалах агаарыг бий болгож чадахгүй.

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending