Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн нэг жилийн хугацаанд ажиглагдаагүй их хэмжээний огцом уналт 4-р сарын арилжааны эхний өдөр буюу 2026.04.01-д бүртгэгдлээ.
ТОП-20 индекс -2.58%-иар буурч 50,779.76 нэгжид хаагдсан нь 2025 оны 3-р сараас хойших хамгийн өндөр нэг өдрийн уналт төдийгүй 2025 оны 11-р сараас хойших хамгийн доод түвшин боллоо.
Энэхүү уналтын гол шалтгаан нь зах зээлд үүссэн ногдол ашигт суурилсан заралтын дарамт, өөрөөр хэлбэл, “бүртгэлийн өдрийн заралт”-тай шууд холбоотой байлаа. Компанийн ногдол ашиг авах эрхийг тодорхойлох бүртгэлийн өдөр ойртож, уг өдрөөр хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тохиолдолд ногдол ашиг авах эрх үүсдэг онцлог нь богино хугацааны хөрөнгө оруулагчдыг тодорхой арилжааны тоглолт хийхэд хүргэдэг. Тэд бүртгэлийн өдөрт багтсан бол дараагийн арилжааны өдрөөс эхлэн их хэмжээгээр зарах хандлага гаргаснаар зах зээлд нийлүүлэлтийн огцом өсөлт бий болдог.
4-р сарын 1-ний өдрийн арилжаанд энэ үзэгдэл тод илэрч, тэр дундаа “Хаан банк” ХК-ийн хувьцаан дээр хүчтэй ажиглагдлаа. Тус компанийн хувьцааны ханш -14.34%-иар огцом буурч, зах зээлийн үнэлгээ нь 401.5 тэрбум төгрөгөөр агшсан нь нийт зах зээлийн уналтад шийдвэрлэх нөлөө үзүүллээ.
Санхүүгийн гүйцэтгэлийн хувьд тус банк 2025 онд 694.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 58.9% буюу 409.2 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн нь зах зээлд өндөр хүлээлт үүсгээд байсан. Харин ногдол ашиг авах эрхийн бүртгэлийн өдрийг 2026 оны 4-р сарын 2-ноор тогтоосон тул 4-р сарын 1-ний өдрийн байдлаар хувьцаагаа зарсан ч ногдол ашиг авах боломж хэвээр үлдсэн нь богино хугацааны хөрөнгө оруулагчдыг зах зээлээс гарахад түлхэц болсон байна.
Үүнээс шалтгаалан тухайн хувьцаанд нийлүүлэлтийн огцом өсөлт бий болж, нийлүүлэлтийн шок үүссэнээр ханшийн уналт гүнзгийрэв. Энэ нь зөвхөн нэг компанийн асуудал бус, зах зээлийн бүтцийн онцлог болон хөрөнгө оруулагчдын зан төлөвийн нөлөөлөл хэр хүчтэй байгааг харуулсан үзэгдэл боллоо.
-[MSE:KHAN] “Хаан банк” ХК
Хаалтын үнэ: 1,254.0₮ (-14.34%)
Зах зээлийн үнэлгээ: -401.5 тэрбум төгрөгөөр буурч 2.39 их наяд төгрөгт
-[MSE:INV] “Инвескор” ХК
Хаалтын үнэ: 8,315.0₮ (-7.92%)
Зах зээлийн үнэлгээ: -51.2 тэрбум төгрөгөөр буурч 596.4 тэрбум төгрөгт
-[MSE:TTL] “Тавантолгой” ХК
Хаалтын үнэ: 28,080₮ (-3.17%)
Зах зээлийн үнэлгээ: -48.4 тэрбум төгрөгөөр бууран 1.47 их наяд төгрөгт
-[MSE:APU] АПУ ХК
Хаалтын үнэ: 921.97₮ (-1.92%)
Зах зээлийн үнэлгээ: -19.2 тэрбум төгрөгөөр буурч 981.1 тэрбум төгрөгт хүрээд байна.
Индексүүдийн хөдөлгөөнийг авч үзвэл I ангиллын MSE A индекс -4.81%-иар огцом унасан бөгөөд уг ангилалд багтсан 20 компанийн 14-ийнх нь ханш буурсан нь индекс унахад хүргэсэн. Харин II ангиллын MSE B индекс эсрэг чиглэлд хөдөлж +1.09% өслөө.
Арилжааны идэвх: Тохиролцсон буюу багцын арилжааны давамгайлал
Арилжааны идэвхийн хувьд мөн онцлох өдөр байлаа. Нийт 41.3 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 13.07 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь 2026 он гарснаас хойшхи хамгийн өндөр дүнтэй арилжаанд тооцогдож байна.
Гол шалтгаан нь гурван компани дээр явагдсан багцын арилжаа байлаа. Тухайлбал,
-“Мандал даатгал” ХК-ийн 6.6 сая ширхэг хувьцаа 495.4 сая ₮-өөр
-“Тэнгэр даатгал” ХК-ийн 625,000 ширхэг хувьцаа 500.0 сая ₮-өөр
-“Инновэйшн инвестмент” ХК-ийн 33.1 сая ширхэг буюу тус компанийн 17.9%-тэй тэнцэх хувьцаа 8.9 тэрбум ₮-өөр зарагдсан юм.
Өдрийн нийт арилжааны бүтэц:
-I ангилал: 22 компанийн 833,483 ширхэг хувьцаа – 710.4 сая ₮
-II ангилал: 19 компанийн 124,733 ширхэг хувьцаа – 44.7 сая ₮
-III ангилал: 9 компанийн 14,686 ширхэг хувьцаа – 2.2 сая ₮
-Бонд: 2 компанийн 23,457 ширхэг бонд – 2.34 тэр ₮
-Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх: 2 ХОС-ийн 16,604 ширхэг – 14.9 сая ₮
-ХБҮЦаас: 1 компанийн 48 ширхэг үнэт цаас – 4.8 сая ₮
Эх сурвалж: marketinfo.mn




Leave a comment