Төлбөр тооцоог онлайнаар хийх боломжтой болсноор хүмүүс бэлэн мөнгө авч явахаа бараг больжээ. 2020 онд Монгол Улсад хийгдэж байсан нийт төлбөр тооцооны тоо хэмжээний 20%, үнийн дүнгийн 50%-ийг бэлэн мөнгө эзэлж байсан бол 2025 онд тоо хэмжээний 7%, үнийн дүнгийн 23% болж буурчээ.
Монголчуудын бэлэн мөнгөний хэрэглээний түүвэр судалгааг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Судалгааны хэлтсийн ахлах эдийн засагч Ц.Цэрэндаваа, тус хэлтсийн эдийн засаг Д.Золбоо нар өнгөрсөн 2025 оны 10-11-р сард хийжээ.
Энэ судалгаагаар бэлэн мөнгөний хэрэглээг урсгал (flow) үзүүлэлтээр буюу тухайн өдөр бэлэн мөнгөөр хийгдсэн төлбөр тооцооны нийт дүн, тоо, нөөц (stock) үзүүлэлт буюу өдрийн эхэн болон эцэст биедээ авч явж буй бэлэн мөнгөний хэмжээ зэргээр тодорхойлж, иргэдийн бэлэн мөнгө ашиглах болон хадгалах зан төлөвийг цогцоор нь үнэлжээ.
Судалгаанд 2,131 иргэн болон 540 бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
Судалгааны голлох үр дүнгүүдээс тоймловол:
-Иргэдийн бэлэн мөнгөөр хийж буй төлбөр тооцоо нь ихэвчлэн бага дүнтэй, өдөр тутмын хэрэглээнд илүү төвлөрч байгаа нь бэлэн мөнгөний өдөр тутмын хэрэглээнд гүйцэтгэж буй үүрэг хэвээр байгааг харуулж байна.Судалгаанд хамрагдсан иргэдийн 72% нь бэлэн мөнгө биедээ авч явдаг, харин 28% нь огт бэлэн мөнгө авч явдаггүй байна. Иргэд дунджаар (медиан утгаар) өдрийн эхэнд 10,000 төгрөгийн бэлэн мөнгөтэй гарч, 20,000 мянган төгрөгийн бэлэн мөнгө АТМ, КИОСК зэрэг төхөөрөмжөөс татан авч, өдөр тутамдаа 16,000 мянган төгрөгийг бэлнээр зарцуулан, өдрийн эцэст ойролцоогоор 14,000 төгрөгийн бэлэн мөнгө үлддэг байна.
-Иргэд өдөр тутмын нийт төлбөр тооцооны тоо хэмжээний дунджаар 27%, үнийн дүнгийн 18%-ийг бэлэн мөнгөөр гүйцэтгэж байна. Ялангуяа тэтгэврийн ахмад настан болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд бэлэн мөнгөний хэрэглээ бусад бүлгүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байна. Үүний зэрэгцээ судалгаанд оролцсон иргэдийн 15% нь бэлэн мөнгө огт ашигладаггүй, 43% нь сард цөөн удаа ашигладаг нь нийт хүн амын дунд бэлэн мөнгөний хэрэглээ өргөн хүрээнд бус, тодорхой хэрэглээний нөхцөлд төвлөрч байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгө нь жижиг дүнтэй, ойр зуурын гүйлгээнд ашиглагддаг бол бэлэн бус төлбөрүүд нь дунд, их дүнтэй гүйлгээнд зонхилон ашиглагдах төлөвшил бий болжээ.
-Нөгөө талаас бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн дийлэнх буюу 84% нь бэлэн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрдөг, бэлэн бус төлбөрийн хэрэгслийг худалдаа үйлчилгээндээ өргөнөөр нэвтрүүлсэн байна. Ялангуяа худалдаа эрхлэгчид бэлэн мөнгөөр төлбөр хүлээн авах давтамж харьцангуй өндөр байгаа нь тэдний сонголтоос илүүтэйгээр хэрэглэгчдийн төлбөр тооцооны зан төлөвийг илүү тусгаж байна.
-Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 32% нь кассандаа бэлэн мөнгө байршуулдаггүй, эсвэл хариулахаас татгалзсан бол кассандаа бэлэн мөнгө байршуулдаг бизнес эрхлэгчдийн кассын дундаж үлдэгдэл ойролцоогоор 500,000 төгрөг байна. Тэд шаардлагатай үедээ бэлэн мөнгө татан авах, эсвэл байршуулахдаа ихэвчлэн АТМ, КИОСК зэрэг өөртөө үйлчлэх төхөөрөмжийг ашигладаг бөгөөд борлуулалтын орлогынхоо 25 хүртэл хувийг бэлэн мөнгөөр хүлээн авдаг байна.
-Иргэд болон худалдаа эрхлэгчдийн дунд 20,000, 10,000, 5,000 төгрөгийн дэвсгэртүүд хамгийн өргөн хэрэглэгддэг бол 1 болон 5 төгрөгийн дэвсгэртүүдийг судалгаанд хамрагдсан иргэд, ААН-үүдийн 93-96% нь огт ашигладаггүй байна.
Судалгааны үр дүнгээс харахад бэлэн мөнгө нь бага дүнтэй, өдөр тутмын төлбөр тооцоонд чухал үүрэгтэй хэвээр байна. Ялангуяа тэтгэврийн насныхан болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд бэлэн мөнгөний хэрэглээ харьцангуй өндөр байна. Гэхдээ бэлэн мөнгө нь үндсэндээ жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрч байна.
Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 84% нь бэлэн төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь тэдний сонголтоос илүүтэй хэрэглэгчдийн төлбөрийн зан төлөвтэй холбоотой байна. Кассандаа бэлэн мөнгө байршуулдаг бизнесүүдийн медиан үлдэгдэл ойролцоогоор 500,000 төгрөг бөгөөд борлуулалтын орлогынхоо 25%-иас бага хэсгийг бэлэн мөнгөөр хүлээн авдаг ажээ. Мөн орон нутагт бэлэн мөнгөний хамаарал илүү байна.
Нийт төлбөр тооцооны тоонд эзлэх хувиар авч үзвэл, бэлэн бус төлбөрүүд (карт, гар утас гэх мэт) нийтдээ давамгайлж байгаа боловч нас, орлого, ажил эрхлэлтийн бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаж байна. Төлбөр тооцооны тоонд эзлэх хувиар харахад иргэдийн 73% нь бэлэн бус, 27% нь бэлэн мөнгөөр төлбөрөө гүйцэтгэж байна. Үүнээс 37% нь онлайн шилжүүлэг, цахим хэтэвч, мобайл банк зэргээр гар утас ашиглан төлбөрөө хийдэг бол 34% нь биет карт ашиглаж байна. Ялангуяа залуу, өндөр орлоготой иргэдийн дунд дижитал бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээ өндөр хэвээр байгаа бол ахмад болон тэтгэвэрийн иргэдийн хувьд бэлэн мөнгөний хэрэглээ харьцангуй өндөр байна
Цахим хэтэвч болон мобайл банкны хэрэглээг авч үзвэл өдөр тутмын хэрэглээ харьцангуй бага, харин огт ашигладаггүй иргэдийн эзлэх хувь өндөр бөгөөд цахим хэтэвчийг 49%, мобайл банкийг 65% нь огт ашигладаггүй байна. Түүнчлэн одоо аваад дараа төлөх үйлчилгээ болон Apple pay зэрэг ухаалаг төхөөрөмж нь хамгийн бага хэрэглээтэй төлбөрийн хэрэгслүүдэд тооцогдож байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 67% нь одоо аваад дараа төлөх үйлчилгээг огт ашигладаггүй байна. Үүнээс дүгнэхэд уламжлалт төлбөрийн хэрэгслүүд болох биет карт, банкны аппликейшн нь иргэдийн өдөр тутмын хэрэглээнд давамгай хэвээр байгаа бол харьцангуй шинэ дижитал төлбөрийн хэрэгслүүдийн хэрэглээ одоогоор хязгаарлагдмал хүрээнд байна
Тус судалгаагаар бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх нь бусад төлбөрийн хэрэгслээс ямар давуу тал байдаг талаар иргэдийн саналыг тодруулахад бэлэн мөнгийг төлбөр тооцоонд ашигладаг иргэдийн хувьд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхэд бусад төлбөрийн хэрэгслээс илүү хурдан (21%), төлбөр шууд хийгддэг (16%), илүү хялбар (14%) гэсэн үндсэн шалтгаанаар бэлэн мөнгийг ашигладаг байна. Мөн хувийн нууцыг илүү сайн хамгаалдаг (13%) болон бэлэн мөнгийг илүү олон газарт хүлээн авдаг (13%) нь удаах шалтгаан болжээ.
А.ҮЛЭМЖ




Leave a comment