Газрын тосны бүтээгдэхүүний болон Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг оросууд хамтад зүтгүүлж, Монголыг аргагүй байдалд оруулж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Монголд айлчлах үеэр байгуулагдсан Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколын төслийг УИХ хэлэлцэж байна.

Энэхүү өөрчлөлтийг Оросын тал зөвшөөрч хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний яамандаа олгосон захирамжийг Ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн долоо хоногт буюу энэ 4-р сарын 2-ны өдөр гаргажээ.

Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр нийтдээ 5 баримт бичигт хоёр тал гарын үсэг зурсаны 3 нь эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой байсан. Тухайлбал,

Нэгд, Улаанбаатар хотын ДЦС-3-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,

Хоёрт, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,

Гуравт, Монгол Улсад агаарын түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр юм.

ДЦС-3-ын өргөтгөлийн ажил Оросоос Монголын нутгаар дайран Хятад руу хий дамжуулах хоолойн төслийн барьцаанд байгаа тухай УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн өвөл Улаанбаатар хот гал алдах үед ам алдаж байсан. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээр нь одоо хэлэлцэгдэж буй онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн барьцаанд байгаа юм. Оросын талаас Агаарын түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг баталсан цагт Газрын тос нийлүүлэх хэлэлцээр хэрэгжих болзлыг Оросын талаас тулгаж буй. Онгоцны түлшний хэлэлцээрийг УИХ өнгөрсөн 2025 оны 4-р сард Байнгын хорооны түвшинд хэлэлцсэн ч энэхүү хэлэлцээрт Монголын талын эрх ашгийг бодолцоогүй, Оросын тал хүч түрсэн байдалтай байна гэсэн шүүмжлэлд дагуулсан. Тухайн үед АҮЭБ-ийн сайд байсан Ц.Туваан хэлэлцээрийг дэмжүүлэх гээд чармайгаад бараагүй.

Түүнээс хойш энэхүү хэлэлцээрт өөрчлөлт оруулах 6 саналыг Монголын талаас тавьж, Оросын тал 5-ыг хүлээн зөвшөөрсөн хэмээн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны хуралд оролцохдоо хэлсэн.

Монголын эрх ашгийг хангах өөрчлөлтүүд:

 -4.1-д “Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудлын агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж байсныг “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна” нарийвчлан тодорхойлсон нь онгоцны буудлын менежмэнтээ оросуудад шилжүүлэх нь, ингэснээр Монголын агаарын оройн зайг хойд хөрш мэдэх нь гэсэн шүүмжлэлийг энэ өөрчлөлтөөр залруулсан. Ингэснээр түлш цэнэглэх байгууламжийг Монгол, Оросын хамтарсан компани удирдана. Энэ компани нь түлш нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх юм,

-5-р зүйлд “газрын тосны бүтээгдэхүүн” гэж байсан нь дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнээр монопол тогтоох гэлээ гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан, үүнийг “агаарын хөлгийн түлш” гэж тодотгосон,

-Хэлэлцээрийн үргэлжлэх хугацааны анхны хувилбараар 20 жил байсныг Монголын тал 5 жил болгох саналтай байсан ч харилцан зөвшилцсөний эцэст 15 жил болгосон,

-Маргаан гарсан тохиолдолд Монголын тал Казахстан байрлах Олон улсны Арбитрын шүүхээр шийдүүлэх саналтай байсан ч зөвшилцсөний эцэст Оросын талын тавьсан Беларусийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх Олон улсын Арбитрын шүүхээр шийдүүлэхээр өөрчилсөн,

-Татварын хатуу зохицуулалт байсныг Монголын нөхцөлд тохируулсан өөрчлүүлж чадсан байна.

Монголын талын өөрчлүүлж чадаагүй зүйл нь 7-р заалт юм. Хэлэлцээрийн 7-д “Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсад мөрдөгдөж хууль тогтоомжид Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон/эсхүл хамтарсан компанийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх цогцолборын үйл ажиллагаа болон бүх төрлийн хөрөнгө оруулалт, нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлыг лоройтоход хүргэсэн өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээр нь үйлчлэхгүй.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр нэмэгдэх, гадаадын ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах; эсхүл энэ хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр, гадаадын ажилчдын квот шинээр нэвтрүүлэх,, түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад болон/эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ”.

Хэлэлцээрийг хэлэлцэх хооронд олон улсын геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай хангамжийн асуудал дэлхийн улс бүрийн тулгамдсан асуудал боллоо. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүний импорт нь гадаад орноос бүрэн хамааралтай Монгол шиг орны хувьд нэн эгзэгтэй цаг үе тулж ирээд байна. Дорноговь аймагт баригдаж байгаа Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох болоогүй, Оросын импортоос бүрэн хамааралтай байгаа энэ цаг үед онгоцны түлшний хэлэлцээрийг ойрын хугацаанд баталж байж, Газрын тосны нийлүүлэлтийн хэлэлцээрээ явуулахаас өөр гарцгүй байдалд УИХ хүрээд байна.

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр нь Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувь заяатай шууд холбогдож байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлсэн нөхцөлд жилдээ 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх юм. АҮЭБЯ-ны мэдээллээр одоогийн байдлаар Газрын тосны үйлдвэрийн ашиглалтад орох хугацааг 2028 оны нэгдүгээр улирал хэмээн тооцож буй. Энэ нөхцөлд Газрын тосны үйлдвэрээс гарах онгоцны түлшний борлуулалт яах вэ гэсэн асуудал хөндөгдөж байна. АҮЭБЯ-ны мэргэжилтний хэлснээр дотоодын үйлдвэр ашиглалтад орж, онгоцны түлшээ үйлдвэрлээд эхлэхээр Монгол Улс дотоодын онгоцны түлшээ хэрэглэнэ гэсэн санамж бичгийг хэлэлцээрээс тусдаа Оросын талаас онгоцны түлш нийлүүлэгч “НК Роснефть” компанитай байгуулсан гэж мэдэгдэж байгаа нь тайвшрах үндэслэл биш юм. Учир нь, энэ санамж бичиг Оросын талын нөхцөлийг дордуулахгүй гэсэн 7-р зүйлд заагдсан давуу байдлыг өөрчилж чадахгүй. Хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж, “Чингис хаан” онгоцны буудалд цэнэглэх дэд бүтэц баригдана гэдэг хугацаа нь Алтанширээгийн үйлдвэр ашиглалтад орохтой бараг зэрэгцэх магадлалтай. Тэгэхээр хэлэлцээр хэрэгжих 15 жилийн хугацаанд онгоцны түлшээ дотооддоо борлуулж чадахгүй дүр зураг харагдаж байна.  

Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулан ашигтай ажиллаж, $1.6 тэрбумийн өртгөө нөхөх учиртай. Энэхүү үйлдвэр нь дотоодын түлш, шатахууны 55%-ийг хангана хэмээн тооцож байгаа. Гэхдээ үнэ өртгийн хувьд Оросын импортын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх шаардлагатай болж байгаа.

Монгол Улсын онгоцны түлшний хэрэглээ улам өсөн нэмэгдэж байна. 2022 онд 38492 тонн хэрэглэж байсан бол өнгөрсөн 2025 онд 84366 тонн болж хоёр дахин нэмэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх төлөвтэй.  

А.ҮЛЭМЖ

Leave a comment

Trending