Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийн хангамж, нийлүүлэлтийн асуудал хурцадсан. Энэ үүссэн нөхцөл байдал зарим нэг улс оронд таатайгаар тусч байгаагийн нэг ОХУ билээ. Ормузын хоолой хаагдсаны улмаас хоригт ороод байсан Оросын нефтийг нэг сар хугацаанд худалдан авахыг Трамп зөвшөөрсөн.
Нефть, байгалийн хийн том олборлогчийн хувьд Орос энэ боломжийг алдалгүй, бүхий л талаар ашиглахыг хичээж байна.
Bloomberg-ийн мэдээлснээр хоригт ороод байгаа шингэрүүлсэн хий боловсруулах үйлдвэрүүдээ бодит өртгөөс нь 40% хямдаар худалдан авахыг Азийн зарим оронд санал тавьжээ. Мэдээлэл өгсөн эрхэм нэрээ нууцалсаныг Bloomberg онцолсон байна.
Нууц эх сурвалжийн хэлснээр саналыг Оросын болон Хятадын хуулийн этгээдүүд зуучилж байгаа бөгөөд наймаа хийгдсэн нөхцөлд шаардагдах бүхий л бичиг баримтыг бүрдүүлэхийн зэрэгцээ, түүхийн эдийн гарал үүслийг Орос гэхгүйгээр Оман, эсвэл Нигер байхаар зохицуулж болно гэсэн нөхцөлийг санал болгож байгаа ажээ.
Энэхүү мэдээллийг Bloomberg өөр эх сурвалжаар баталгаажуулж чадаагүй байна.
Катар Рас-Лаффане дахь шингэрүүлсэн хийн том үйлдвэр 3-р сарын 2-нд, мөн 18-19-ны өдрүүдэд Ираны бөмбөгдөлтөд өртөн үйл ажиллагаа нь зогсоод байгаа. Катарын энэ үйлдвэр дэлхийн шингэрүүлсэн хийн экспортын 20%-ийг хангадаг байсан юм. Катараас хий экспортдог байсан Энэтхэг, Бангладеш зэрэг улс өөр эх үүсвэр хайх шаардлагатай болоод байгаа.
Катар үйлдвэрээ сэргээх ажлыг эхэлсэн ч үйл ажиллагаа нь бүрэн сэргэхэд багадаа хагас жил хэрэгтэй юм.
А.ҮЛЭМЖ




Leave a comment