Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6 жилийн хугацаагаар анх удаа сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 17-ны өдөр мэдэгдлээ. Өчигдөрхөн өөрийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан чацаргана боловсруулах үйлдвэрээр ороод явж байсан У.Хүрэлсүх ийнхүү огцом мэдэгдэл хийлээ.

Түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө 7 сар үлдээд байсан юм.

Улаанбаатар хотыгн Захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар Канад улсаас сүүлийн сар хагасын хугацаанд Бямба гариг бүр лайв хийж, Монголд У.Хүрэлсүхийн дэглэм тогтсон, энэ дэглэмийг нураах ёстой, У.Хүрэлсүх огцрох ёстой хэмээн мэдэгдсээр байгаа. Арваад хоногийн өмнө “Хүрэлсүх огцор” нэртэй FB-ийн пэйжийг нээснээ Х.Нямбаатар лайвынхаа үеэр зарласан бөгөөд өнөөдрийн байдлаар пэйжийг 13 мянган хүн дагажээ.

Анхны лайвуудаараа У.Хүрэлсүх Улаабнаатарын Бага тэнгэрт тансаг харш бариулсан, мөн тансаг амралтын газартай, эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлахыг Н.Нямбаатар шаардсан бол өнгөрсөн Бямба гаригийн сүүлийн лайваараа У.Хүрэлсүх Бодь группийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслөөс $25 сая авсан хэмээн Х.Нямбаатар мэдэгдсэн.

“Сүүлийн үед миний эсрэг худал гүтгэлэг, дайралт ихэслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмнээ төлөөлдөг. Тиймээс миний эсрэг гүтгэлэг, дайралт бол Монголын ард түмний эсрэг гүтгэлэг, дайралт. Намайг ажлаа өгч огцор гэсэн. Би албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн ердөө 6 минут үргэлжилсэн мэдэгдлийнхээ үеэр У.Хүрэлсүх хэллээ.

У.Хүрэлсүх Ерөнхийлөчгийн энэхүү мэдэгдлийн дараа Монголын улс төрийн байдал хаашаа эргэх нь эргэлзээтэй үлдэж байна. Монгол Улс 1993 оноос Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгож ирсэн. 1993 оноос хойш сонгогдон ажиллаж ирсэн Ерөнхийлөгч бүгд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж ирсэн. Харин хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгавар болгохоо мэдэгдсэн нь ийнхүү анх удаа болж байна.

Үндсэн хуулийн гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6-гийн 2-т “Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно” гээд:

1/биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;

2/Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;

3/нас нөгчсөн тохиолдолд гэж заасан.

Үндсэн хуулийн 35-ын 2 дахь заалтад “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан.

Харин Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох тохиолдолд яах тухай зохицуулалт байхгүй. Ерөнхийлөгчийн энэ хүсэлтийг УИХ шийдвэрлэнэ гэсэн хүлээлт үүслээ.

У.Хүрэлсүх нь 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2021 оны 1-р сард Ерөнхий сайдаасаа мөн өөрийн хүсэлтээр огцорч, төдөлгүй Ерөнхийлөгчид нэр дэвшин ялалт байгуулсан.

Монгол Улсын сонгогдсон Ерөнхийлөгчид:

1993 онд Пунсалмаагийн ОЧИРБАТ

1997 онд Нацагийн БАГАБАНДИ

2001 онд Нацагийн БАГАБАНДИ

2005 онд Намбарын ЭНХБАЯР

2009 онд Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2013 онд Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2017 онд Халтмаагийн БАТТУЛГА

2021 онд Ухнаагийн ХҮРЭЛСҮХ