Оюутолгойн бүлэг ордод Канадын Entrée Resources компани хоёр лиценз эзэмшиж буй. Тэдний эзэмшиж буй лицензэт талбайд Оюутолгойн ордын нөөцийн 30% бий гэж яригддаг. Оюутолгойн гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил Панель 1 буюу Entree компанийн эзэмшлийн талбайд тулаад зогсоод жил илүү болж байна.

Entree компани хоёр лицензээ “Оюутолгой”-д шилжүүлэхээр аль хэдийнэ тохиролцон баталгаажуулсан байсан боловч Монголын Засгийн газар Entree-гийн хоёр лицензийн эзэмшлийг тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулах шаардлагыг тавиад хэлцэл үргэлжилж байгаа.

Entree компанийн хоёр лицензэд хамаарах ордуудын талбай Монголын Засгийн газрын Оюутолгойтой 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдчихсан. Энэ асуудлыг тухайн үед салбарын ганц нэг мэргэжилтэн хэлж анхааруулж байсан ч тэдний дуу хоолойг хэн ч сонсоогүй явсаар өнөөг хүрч, гүний уурхайн олборлолт Entree-гийн лицензийн талбайд тулж ирсэн цагаас хойш энэ асуудал олны анхааралд орж ирсэн.

Хоёр долоо хоногийн өмнө буюу 9-р сарын 28-нд Entree компанийн шинэ гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигчдэдээ захидал илгээж, компанийн үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөний талаар мэдээлжээ. Тэрхүү захидалд тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Монголын Засгийн газрын баримталж байгаа байгаа байр суурийн талаар огт дурдагдаагүй төдийгүй хоёр лицензийг Оюутолгой руу шилжүүлэх процесс явагдаж байгааг мэдээлсэн нь анхаарал татаж байна.

Жич дурдахад өнгөрсөн жил Entree-гийн лицензтэй холбоотой асуудал ид өрнөж байх үед тус компанийн гүйцэтгэх захирал Стивен Скотт Монголд ирэх үеэрээ цөөн хэдэн хэвлэлд компанийн байр сууриа илэрхийлсэн ярилцлага өгч байсан. Түүнээс хойш тэрбээр тэтгэвэртээ гарч, түүний ажлыг Крис Адамс авчээ. Стивен Скотт ажлаа өгсөний дараахан нь таалал төгссөн ажээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд зөвхөн гүйцэтгэх захирал солигдоогүй, тус компанийн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүн мөн шинэчлэгдсэн ажээ.

Ноён Крис Адамс захидалдаа лиценз шилжүүлэх ажлыг Монголын хууль тогтоомжийн дагуу хийхийн зэрэгцээ үүнд оролцогч талууд болох Монголын Засгийн газрын томилсон Ажлын хэсэг, мөн Оюутолгойн холбогдох хүмүүстэй яриа хэлцлийг үргэлжлүүлж, лицензийн шилжүүлгийг элдэв саадгүй хийхийг чармайж байгаагаа онцолжээ.

Ойрын өдрүүдэд Монголын хэвлэлд гарсан мэдээллээр Entrée компани 24.3 тэрбум төгрөгийг лицензийн шилжүүлгийн төлбөр хэмээн Монголын татварын албанд өнгөрсөн 6-р сард төлсөн ажээ. Ингэхдээ лиценз шилжүүлгийн тооцооллыг өөрсдийн санаачилгаар, Монголын хууль тогтоомжид заасан үндэслэлүүдэд суурилан хийж төлжээ. Харин Монголын татварын алба энэхүү шилжүүлгийг хүлээн авсан ч гэлээ “татвар төлөгдсөн” гэх батламжийг одоо болтол гаргаж өгөөгүй, лицензийн асуудал тодорхой болоогүй, Засгийн газрын Ажлын хэсгийн үйл явцтай уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Монголын татварын алба хариу өгөөгүй гэдгийг Крис Адамс захидалдаа мөн дурджээ. Татварын алба лиценз шилжүүлгийн төлбөр хийгдсэнийг нь албан ёсоор баталгаажуулсаны дараа Ашигт малтмалын газар лицензийн шилжүүлгийг хийх процедуртай.

Крис Адамс, Оюутолгойн гүний уурхай, 2026 оны 9-р сар

Крис Адамс өнгөрсөн 9-р сард Монголд ирж, Монголын талын болон Оюутолгойнхонтой уулзсан тухайгаа дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тухайлбал, Хойд Хюго ордын олборлолтын техникийн шинэчилсэн тайланг 2027 оны нэгдүгээр улиралд бэлэн болгохоор ажиллаж байгаа гэжээ. Хойд Хюго гэдэг нь Entree-гийн эзэмшиж буй хоёр лицензийн нэг буюу монгол нэршлээр Шивээ толгой орд юм. Энэ тайланд Хойд Хюго ордын үнэлгээг дэлхийн зэсийн зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчилнэ гэдгээ хэлсэн байна. Зэсийн зах зээлийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа төдийгүй ойрын жилүүдэд улам өсөх төлөвтэй байгаа. Тиймээс ордын эдийн засгийн үнэлгээ улам нэмэгдэж гарна гэсэн үг. Компанийнхаа ирээдүйг Оюутолгойн ордтой холбож, ихээхэн өөдрөгөөр төсөөлж байгаагаа хувьцаа эзэмшигчдэдээ илэрхийлжээ.

Тэгэхээр Entree Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ хийх хүсэлгүй, лицензээ Оюутолгой руу шилжүүлээд явах бодолтой байгааг Крис Адамсын захидлаас төвөггүй харж болох нь.

Entrée Resources бол Оюутолгойн бүлэг ордны ашиглалтын хил хязгаарт орсон Жавхлант (одоо Херуга орд гэж нэрлэж буй) болон Шивээ толгой (одоо Хойд Хюго орд гэж нэрлэж буй) гэсэн хоёр ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч. Монголд 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Канадад бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани. Гол оффис нь Ванкувер хотод байрладаг, Улаанбаатар хотод төлөөлөгчийн газартай.

Өмнөх гүйцэтгэх захирал өнгөрсөн жил Монголын хэвлэлд өгсөн ярилцлагадаа лицензит талбай нь Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбогдож байгаа учраас 2004 онд Оюутолгой орд дээр хайгуул хийж байсан “Айвенхоу Майнз” компанитай албан ёсны хууль эрх зүйн хэлцэл хийж, өөр өөрсдийн хязгаарыг тогтоосон, үүнийгээ 2008 онд албажуулсан. “Ингэхдээ Шивээ толгой, Жавхлантын талбайн хамтарсан үйл ажиллагаанд оролцох эрхийн 80%-ийг Оюутолгойд, үлдсэн 20%-ийг Entrée-д хуваарилж өгсөн. Энэ хоёр талбайд байгаа нийт эрдэс баялгийн 80% нь Оюутолгой ХХК-ийнх, 20% нь Онтрэ ХХК-ийн гэж ойлгох хэрэгтэй” хэмээн ярьсан байдаг.

Entrée Resources болон “Оюутолгой” ХХК-ийн энэ хэлцлийг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчлөх, шилжих бүрт УИХ-ын бүрэн эрхийн дагуу асуудлыг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу шийдэгдэх учиртай, ингэхдээ Хөрөнгө оруулалтын тусдаа гэрээ хийх замаар л шилжих боломжтой юм.

“Рио Тинто Монгол” компанийн захирал Х.Амаржаргал өнгөрсөн 2025 онд Entrée-гийн эзэмшиж буй 20%-ийн эзэмшилтэй холбоотойгоор дахин гэрээ байгуулна гэж бодохгүй байна хэвлэлд ярьсан. “Харин “Эрдэнэс Оюутолгой”-н эзэмшлийн 34%-ийг яаж хангах вэ гэдгийг шийдэх шаардлагатай. Эдгээр компани хоорондоо хувь нийлүүлэх асуудлаа ярилцан тохирно. Ямар гэрээ байгуулахаас хамаарна. Энэ гэрээгээр талууд Entrée-гийн эзэмшиж буй 20%-иас “Эрдэнэс Оюутолгой” яаж хувь хүртэх үү гэдгээ шийднэ. Хөрөнгө оруулалтын гэрээ дахин байгуулахгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Лицензийн асуудал шийдэгдээгүй учраас “Оюутолгой” компани энэ 2026 оны уурхайн ажлын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж Entrée-гийн талбайг олборлолтод багтаалгүй орхисон. Ирэх 2027 оны уурхайн ажлын төлөвлөгөө хараахан ил болоогүй байна.

Leave a Reply

Trending