Энэ долоо хоногт Хүнс, ХАА-н салбарын сонсгол хийгдэж байгаа бол ирэх долоо хоногт Эпштейний сонсгол болно.

УИХ-ын намрын чуулган 9-р сарын 15-ны өдөр нээгдсэнээс хойш хоёр долоо хоноход 2 удаа л ирц нь бүрдэж хуралдлаа. Эхнийх нь 9-р сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүйн шинэ сайдаар томилох гэж, хоёр дахь удаа 9-р сарын 25-ны Баасан гаригийн үдээс хойшоос шөнө дөл болтол хуралдаж 2027 оны төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Харин энэ 7 хоногт нэгдсэн чуулган хуралдах эсэх нь эргэлзээтэй, учир нь, чамгүй олон гишүүн Ерөнхий сайд Н.Учралын хамт Японд айлчилж яваа.

Гэхдээ хууль тогтоох байгууллага маань бас зүгээр суусангүй. 9-р сарын 28-ны Даваа гаригт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ. Сонсгол хоёр өдөр болох товтой байсан ч Мягмар гаригийн сонсгол ирц хүрээгүй учир хойшиллоо. Уг нь өнөөдөр 2024 оны парламентын сонгуулийн өмнө гаргасан “Шинэ хоршоо” хөнгөлөлттэй зээлийн баримтуудыг сонсох байсан. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь 2029 он хүртэл 5 их наяд төгрөгийг малчдад олгох юм.

Ирэх долоо хоногт мөн өөр нэг сонсгол товлогджээ. “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвтэй ерөнхий хяналтын сонсголыг 10-р сарын 7-ны Лхагва гаригт хийхээр товложээ. УИХ-ын гишүүн Б.Баяртбаатарын санаачилсан энэхүү сонсголоор АНУ-ын иргэн Жеффри Эпштейний гэмт хэрэгтэй холбоотой ил болсон баримтууд дотор дурдагдсан Монголын улстөрчидтэй холбоотой баримтуудыг хэлэлцэх юм. Сонсголыг санаачлагч Б.Баярбаатар өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх байсан Л.Пүрэвсүрэн Эпштейн рүү цахим шуудан илгээхдээ “Нью-Йорк хотод сюрпризтэй очно” гэж бичсэн баримт ил болсон, Эпштейн нь байгалийн баялаг ихтэй улс орнуудын өндөр албан тушаалтнуудад нөлөөлж, лобби хийдэг байсан нь тогтоогдсон, тиймээс Эпштейний файлд дурдагдсан баримтууд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүний эрх, хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын ноцтой асуудал” хэмээн мэдэгдэж байсан.

УИХ-аас удаа дараа зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах болон ерөнхий хяналтын сонсголуудын үеэр өндөр үнийн дүнтэй гэрээ хэлцлүүдийг хууль тогтоомжийг зөрчин хийсэн, албан тушаалтнууд эрх мэдлээ ашигласан, авлига, хээл хахууль авсан байх үндэслэлтэй зэрэг олон ноцтой баримт дэлгэгдэж байсан ч хууль зөрчсөн албан тушаалтнууд ял авсан эсэх, улсад учруулсан хохирол эргэн төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, гишүүдийн попрох сайхан шалтаг болж, үүнийг нь сошиалд дуулиан болгоод өнгөрдөг нь зуршил болжээ.

ХАА-н салбарын сонсголын эхний өдөр ч бас чамгүй өндөр дүнтэй төсвийн хөрөнгийн асуудал яригдаж байна.

Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулал нэрээр 538 тэрбум, дэмжлэг нэрээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдсан. 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон. Ийм хөнгөлөлт, дэмжлэг, урамшуулал байгаа хэр нь хүнс, ХАА-ын салбарын бүтээмж улсын дунджаас 2 дахин бага, 2010 онд 346 мянга байсан салбарын ажилчдын тоо эдүгээ 31 мянгаар буурсан, импортын хамаарал нь 5.6 дахин нэмэгдсэн. 2008 оноос хойш энэ салбарт 30 гаруй үндэсний хөтөлбөр, аян хэрэгжсэн.

Энэ мэтчилэн сонсгол бүрээр чих дэлдийж, нүд бүлтийлгэсэн тоо, зөрчлүүд яригддаг, түүнийг сошиалаас харж, халаглаад өнгөрдөг байдалд дасах нь.

Өмнө нь сүр дуулиантай болж байсан Нүүрсний, Оюутолгойн, хөгжлийн банкны, Нийслэлийн төсвийн, Ногоон автобусны, Агаарын чанарын, Эмийн санарын гээд сонсголуудын үр дүн хаа байна вэ?

Өмнөх сонсголуудаар юу яригдсаныг эргэн санацгаая.

Нүүрсний сонсгол

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар, нийт 9 өдрийн турш зохион байгуулсан.

Сонсголын эхний үе шат 2023 оны 12-р сарын 4-8-ны өдрүүдэд дөрвөн өдөр, хоёр дахь үе шат 12-р сарын 18-22 өдрүүдэд таван өдөр үргэлжилсэн.

Хоёр үе шатны сонсголд нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалж, 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 (72.6 хувь) гэрч ирсэн.

Энэхүү сонсголоор ил болсон гэрээнүүд:

 -Барилга, дэд бүтэцтэй холбоотой 4 том төслийн оффтейк гэрээ болон түүнийг дагасан 47 дагалдах гэрээ, гэрээний дүн 34,155,829 тонн нүүрс,

-Сонсголын үеэр ил болсон нийт гүйцэтгэлийн мөнгөн дүн 1.32 тэрбум гаруй ам.доллар ($1,329,974,162)

-Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл: БНХАУ-ын “Норинко интернэйшнл кооперэйшн” компанитай байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээний дүн 955.8 тэрбум гаруй төгрөг ($955,854,439,574)

-Нийт 5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар гарсан,

-Нүүрс гаргах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд тусгагдсан хэмжээнээсээ 1 сая тонн нүүрс илүү экспортолсон,

-Нийт 12 аж ахуйн нэгж ямар нэгэн гэрээгүйгээр, эх үүсвэр нь тодорхойгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон.

9,177 хуудас бүхий нотлох баримт, 28.96 GB хэмжээтэй материалыг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, АТГ, ЦЕГ-т хүргүүлсэн.

Хөгжлийн банкны сонсгол

Хөгжлийн банънаас олгосон олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол гурван үе шаттай болсон. 2023 оны 1-р сарын 16-20-нд эхний шат, 2-р сарын 6-10-нд хоёр дахв шат, 3-р сарын 13-17-нд гурав дахь шатны сонсгол явагдсан.

Эхний шатны сонсголоор шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөгийн зээл, хоёр шатны сонсголоор 355 зээлийн 2.9 их наяд төгрөгийн зээл, гурав дахь шатны сонсголоор 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Мөн  Хөгжлийн банкны сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн хөрөнгийн удирдлагатай холбоотой 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийсэн.

Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан гэрчүүдийн нэрс

Оюутолгойн сонсгол

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12-р сарын 08, 10, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Сонсголд 300 орчим гэрч дуудагдсанаас 207 буюу 70 хувь нь хүрэлцэн ирж оролцсон. Нийт 35 орчим цаг үргэлжилж, 12 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалсан сонсголд холбогдох төрийн байгууллагууд, төрийн өмчит хуулийн этгээд, Rio Tinto, Оюутолгой, Онтрэ компаниуд, иргэн, төрийн бус байгууллагын 92 төлөөлөл оролцлоо.

2009 онд анх тохирсон Монголын тал 53%, хөрөнгө оруулагч тал 47%-ийн үр өгөөжтэй байна гэсэн тооцоолол алдагдаж, гэрээ бүхэлдээ урт хугацаанд харилцан ашигтай байх тэгш зарчимд нийцэхгүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу боломж олгож, баялгийг эзэмшигч Монголын ард түмэнд хүртэх өгөөж, үр ашиг алдагдаж байгаа учир цаг алдалгүй нөхцөл байдлыг эргэн харж, нийгмийн хүлээлтэд нийцүүлсэн өөрчлөлт хийх цаг болсон хэмээн Хянан шалгах түр хороо дүгнэсэн.

Оюутолгойн бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх дөрвөн санал дэвшүүлсэн. Үүнд:

1.Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

2.Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;

3.Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

4.Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53%-иас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюутолгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг 5 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Ногоон автобусны сонсгол

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 5-р сарын 21-22-нд хоёр өдөр зохион байгуулсан.

Ногоон автобусуудыг худалдан авахдаа анхнаасаа хууль зөрчиж, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулсан бөгөөд нийлүүлсэн автобусууд нь техникийн шаардлага хангаагүй хуучин, засаж будсан тээврийн хэрэгслүүд байсныг нотолсон.

Шинжээчийн дүгнэлтээр автобусны зарим эд анги, цонхыг угсарсны дараа их биеийг бүхэлд нь дахин будаж шинэ мэт харагдуулсан, хуучин тээврийн хэрэгсэл байсныг тогтоосон, Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн худалдан авалтыг хууль бусаар төрийн нууцад хамааруулан хаалттай гэрээ байгуулсан, “Тэнүүн-Огоо” ХХК болон холбогдох албан тушаалтнуудын санхүүгийн гүйлгээ, хөрөнгө мөнгө угаасан байж болзошгүй схемүүдийг нотлох баримтуудаар шинжлэн судалсан.

Ногоон автобусны асуудлаас үүдэн Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нар ажлаа өгсөн. Тус хэрэгт холбогдох сайд асан, нийтийн албан тушаалтан болон БНСУ-ын иргэд зэрэг нийт 24 хүнд холбогдох 93 хавтаст хэргийг Улсын Дээд шүүх 2026 оны 4-р сард эцэслэн хэлэлцэж, анхан шатны шүүхийн гэм буруутайг тогтоосон шийдвэрүүдийг хэвээр үлдээж, ял оноосон. Хэргийн улмаас учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах явцад 58.0 тэрбум төгрөгийг бэлнээр нөхөн төлүүлж, үлдсэн хэсэгт холбогдох хөрөнгүүдийг битүүмжилсэн.

Leave a comment

Trending