Хятад руу байгалийн хий нийлүүлэх шинэ шугам болох Алс Дорнодын хоолойн дэд бүтцийн ажлыг ирэх оны 1-р сард гэхэд дуусгаж байгааг “Газпром” мэдээллээ. “Газпром”-ын Захирлуудын зөвлөлийн хурал 2026 оны 11-р сарын 24-ны өдөр болсон бөгөөд хурлын талаарх албан мэдээнд энэ тухай дурджээ.

Энэ маршрут нь компанийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд “Газпром”-ын олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Компанийн хувьд Ямалийн, Эрхүүгийн болон Якутын гэсэн чиглэлүүдэд олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа.

Ямалийн чиглэлд Харасавэйн ордыг ашиглах бэлтгэл ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд олборлолтод шаардлагатай дэд бүтцийг барьж дуусгасны дотор Бованенковийн ордтой холбох 100 км хоолойн ажил багтжээ. Харасавэйн орд нь Ямалийн хойг болон Карын тэнгисийн арлуудыг хамарсан байрлалтай бөгөөд Бованенковын ордтой ойр юм. Жилдээ 32 тэрбум куб.м хий олборлох хүчин чадалтай ордын дэд бүтцийн ажил энэ онд дуусч байна. Бованенковын ордын хүчин чадал жилийн 100 тэрбум куб.м юм.

Үүнээс гадна Зүүн Сибирьт Ковыктийн болон Чаяндийн ордуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энэ хоёр ордын хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр Хятад руу хий нийлүүлэх гол шугам болсон “Сила Сибири-1” хоолойн хүчин чадал нэмэгдэх юм.

Өнгөрсөн 2025 оны 9-р сард “Газпром” болон Хятадын CNPC компанийн хооронд “Сила Сибири-1” хоолойн хүчин чадлыг жилийн 38 тэрбумаас 44 тэрбум куб.м болгон нэмэгдүүлэхээр тохиролцсоны дагуу эдгээр ажил хийгдэж байгаа юм.

Эхэнд өгүүлсэн Алс Дорнодын хоолойн, “Сила Сибири-3” ч гэж бас нэрлэдэг, хүчин чадлыг анх жилдээ 10 тэрбум куб.м гэж төлөвлөсөн ч өнгөрсөн жилийн хэлэлцээрээр энэ маршрутын хүчин чадлыг мөн нэмж 12 тэрбум болгосон. Энэ хоолойн хий татах орд нь Сахалин юм.

“Газпром”-ын хийн олборлолтын эдгээр төсөл нь Оросын экспортын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна Сибирь, Алс Дорнодын бүс нутгийг хийгээр хангах том бодлогын хүрээнд хийгдэж байгаа. ОХУ-ын Засгийн газар 2026-2030 оны хооронд энэ бүс нутгийн 136 сууринг хийн дэд бүтцэд холбох зорилт тавьсан.

Алс Дорнодын хоолойн төсөл Монголын нутгаар дайрах “Сила Сибири-2” төслөөс хожуу яригдсан төсөл ч ийнхүү ирэх онд ашиглалтад орох гэж байна.

“Газпром”-ын “Сила Сибири-1, 2, 3” төслүүд нь өөр ордуудаас хийгээ татахаар төлөвлөгдсөн. 2019 онд ашиглалтад орсон 3000 гаруй км урт “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжуулж байгаа хийг Эрхүү, Якутын ордоос татдаг. Монголоор дамжуулах хоолой нь Ямалын ордоос хийгээ авна, харин “Сибирийн хүч-3”-ын хийн эх үүсвэр нь Сахалин байх юм.

Алс Дорнодын маршрут Оросын талд ч, Хятадын талд ч анхнаасаа ашигтай, зардал бага шаардах төсөл байсан. Хий татах үндсэн дэд бүтцийн нэлээдгүй хэсэг бэлэн байсан, мөн маршрутын хувьд дөт, нөгөө талаар Сахалин арлын хавьд “Газпром”-ын эзэмшиж байгалийн хийн ордуудад хөрөнгө оруулах сэдлийг энэ төсөл өдөөх учраас хөрөнгө санхүүгийн хувьд саад багатай гэж үзэж байсан. "Газпром" нь Сахалинд Киринский болон Южно-Киринский гэсэн хоёр ордыг эзэмшдэг.