Хоёр гартаа түлшний канистер барьж, үс нь арзайж сэгсийн халтардсан зургаа Г.Дамдинням сайд сошиал сүлжээнд “Амралтын өдрийн мэндээ! Хөгжилтэй зураг ирүүлжээ. Өрвийж зүтгээд бензин, дизель олоод барьцан. Бас яахав кофе бариулчихсан байгаа юм” гэсэн тайлбартайгаар шэйрлэсэн нь cool байлаа. Монголчуудыгаа гал алдуулчихгүйн төлөө сайдын албаа авснаас хойш Москва руу гүйдэлтэй болсон Г.Дамдинням сайдын зүтгэлийг Ормузын хоолойн асуудал талаар болгож магадгүй нөхцөл үүсээд буй билээ.
Бүх юмны суурь үнэ болсон стратегийн түүхий эдийн нийлүүлэлтээ 100% гаднаас авдаг улсын зовлон энэ юм хойно одоогоор яах ч аргагүй. Дотооддоо нефть нэрэх үйлдвэр барих гээд бараг 10 жил болж байна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгавраар үйлдвэрийг товлосон хугацаанд буюу ирэх 2027 эцэс гэхэд ашиглалтад оруулах найдварыг олон хүн тээж байгаа. Харамсалтай нь энэ хугацаа дахин хойшлох магадлалтай боллоо.
Энэ нь УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбоотой. Энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгээс эхлээд АН-ын бүлэг, өнгөрсөн Баасан гаригт МАН-ын бүлэг ээлжлэн завсарлага авснаар санал хураалт ийнхүү хоёр долоо хоногоор хойшиллоо. Энэ хуулийн төслийн зорилго нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, “Сэлбэ” дэд төв гэсэн гурван төслийн зээлийн санхүүжилтийг улсын төсвөөс тусад нь гаргах юм. Гэвч Байнгын хороодын хэлэлцүүлгээр “Сэлбэ” дэд төвийг төслөөс хасах саналыг дэмжиж, нөгөө хоёр төслийг үлдээхээр болсон ч 4-р сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганы үеэр Байнгын хороодын дэмжээгүй саналыг буцаан шургуулсан нь ийнхүү асуудал дагуулаад байна. Санал хураалт ирэх долоо хоногт явагдах байх гэсэн хүлээлт байна. Хэрвээ энэ хуулийн төслийг зарим гишүүдийн шаардаж байгаа шиг буцаан татах нөхцөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагаар зээлийн ашиглалт үргэлжилвэл Газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа 2030 оноос цаашлах эрсдэлтэй юм.
Ийм маягаар ойрд дандаа муу мэдээ сонсч буй Г.Дамдинням сайдад дуулгах сайн мэдээ бас байна. Юу гэвэл ойрын 3-4 жилдээ дэлхий даяар өнгөт металлын эрэлт нэмэгдэж, үүнийгээ дагаад үнэ өсөхөөр байгааг шинжээчид хэлж байна. Өнгөт металл дундаа, зэс, хөнгөн цагааныг илүүтэй онцолж байгаа нь Монголын хувьд сайн мэдээ юм. Өнгөт металлын эрэлтийг нэмэгдүүлж байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаа бөгөөд мэдээж нэг нь Ормузын хоолойн ложистикийн асуудал юм.
Зэсийн хувьд Монголд тун таатай нөхцөл байдал зах зээлд үүсээд байна. Тухайлбал, Чилийн EI Teniente, Ардчилсан Конгын Kakula, Инденезийн Grasberg зэрэг дэлхийн тэргүүлэх уурхайнуудад 2025-2026 онд дараалан гэнэтийн осол гарч бүрэн хүчин чадлаа 2027 оноос нааш сэргээж чадахааргүй болжээ. Үүнээс гадна ойрын жилүүдэд ашиглаж эхлэх шинэ уурхай байхгүй байгаа нь хэтийн төлвийг ийн бүдэгрүүлж байгаа юм.
Өнгөрсөн 2025 оны 9-р сард Индонезийн их хэмжээний борооны дараа Grasberg уурхайн хаягдал сан сэтэрч, дэлхийд хоёрт ордог уурхай үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Харин 8-р сард нь Чилийн El Teniente уурхайд осол гарч үйлдвэрлэлийн процесс 25% буураад байна. Энэ уурхай нь Codelco-гийн өмчлөлд байдаг. Харин Конгын Kakula уурхайн үйлдвэрлэлийн процесс алдагдаж, тогтвортой олборлолт явуулж чадахгүй байна.
Технологийн салбарын хөгжил, тэр дундаа хиймэл оюуны хэрэглээний огцом өсөлт, сэргээгдэх эрчим хүчний суурилуулалт дэлхий даяар өргөн цар хүрээтэй явагдаж байгаа зэрэг нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлсээр байгаа. Ийнхүү эрэлт нэмэгдэхийн хэрээр 1-2 жилийн нөөц бий болгохоор компаниуд уралдаж байгаа нь үнийг улам нэмэгдүүлж байна.
Нөхцөл байдал ийм байхад Ормузын хоолой хаагдсан нь давхар эрсдэл болж байна. Учир нь, тээвэр ложистик гацсанаас дэлхий даяар хүхрийн хүчлийн үнэ нэмэгдэж байгаа нь уул уурхайн компаниудад нэмэлт дарамт үүсгэж эхэлжээ. Ирэх 5-р сарын 1-нээс Хятад хүхрийн хүчлийн экспортоо хориглосон бөгөөд Чили, Конгын уурхайнууд Хятадаас их хэмжээгээр худалдан авдаг байсан юм.
Энэ боломжийг ашиглан Эрдэнэт, Оюутолгойгоос бусад зэсийн төслүүдээ эргэлтэд оруулах шаардлагатай. Зэсэд ногдуулж буй АМНАТ-ийн өндөр хувь хэмжээ Монголын зэсийн төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулаад байгааг хаа хаанаа мэдсээр, ярьсаар байгаа ч бодит өөрчлөлт хийгдэхгүй 4-5 жил боллоо. Засгийн газрын боловсруулж буй Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийн шинэ бодлого барина гэдгээ салбарын сайдууд нэг биш удаа мэдэгдэж байгаа ч ярианаас хэтрэхгүй л байна.




Leave a comment