Нэгдүгээр улирлын ажлаа “Ерөнхийдөө онцсайн” хэмээн дүгнэж байна.
Өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад Рио Тинто группийн олборлосон зэс 9%-иар өссөн нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт төлөвлөгөөний дагуу эрчимжсэнтэй холбоотой хэмээн Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт өнгөрсөн долоо хоногт хэвлэлд мэдэгдсэн.
2025 оны сүүлээр үйлдвэрийн суурь дэд бүтцүүдийн бүтээн байгуулалт дууссан, хүдрийн агуулга өндөр байгаа, шинээр тээрэм ашиглалтад оруулснаар метал авалт шинэ түвшинд хүрсэн зэрэг нь энэхүү 9%-ийн өсөлтийг бий болгожээ. Ажлаа аваад гурван сар болж буй “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх өчигдөр (2026.04.29) Нэгдүгээр улирлын тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Ингэснээр үйлдвэрлэлийг тогтвортой явуулахад шаардлагатай дэд бүтэц бүрдэж, бүрэн хүчин чадлаар олборлолт хийх нөхцөл бүрдэж байгаа юм.
Нэгдүгээр улирлын ажлаа “Ерөнхийдөө онцсайн” хэмээн С.Мөнхсүх захирал дүгнэж байна.
“Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10%-иар давуулан биелүүлсэн. Дэлхийн зах зээл дээр зэс болон алтны үнэ өссөн таатай нөхцөл байдлаас шалтгаалж Оюутолгойн орлого төлөвлөснөөс 20%-иар өссөн сайн үр дүнтэй ажиллалаа” хэмээн тэрбээр хэлсэн.
Зэс болон алтны үйлдвэрлэл төлөвлөсөн хэмжээнээс даван биелжээ. Тухайлбал, 91 мянган тонн зэс олборлох төлөвлөгөө 101 мянган тоннд, 113 мянган унц олборлохоор төлөвлөсөн алтн 123 мянган унцад хүрчээ.
Нэгдүгээр улиралд төлөвлөсөн орлогын хэмжээ мөн давжээ. $1.3 тэрбумын орлого олно гэж төлөвлөсөн ч орлого $2.55 тэрбумд хүрч, чөлөөт мөнгөн урсгал $596 сая давсан байна.
Сэтгүүлчдийн асуултад С.Мөнхсүх захирлын өгсөн зарим хариулт:
-“Оюутолгой” компани ус бохирдуулсны төлбөр төлөхгүй байгаа талаар Усны газраас удаа дараа мэдэгдэж байгаа. Үүнд тайлбар өгөх үү?
-“Оюутолгой” компани ус ашигласны төлбөрөө тогтмол төлж ирсэн. Нийт ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашиглаж байгаа. Тиймээс “Оюутолгой” ус бохирдуулаагүй, хаягдал ус бараг гаргадаггүй гэж үздэг. Ус дахин, дахин ашиглах хамгийн сайн технологийг ашиглаж байгаа. Гэхдээ ус бохирдуулсны төлбөр авах зарчим, аргачлалын асуудлаа маш тодорхой болгох ёстой. Хаягдал гэж яг юуг хэлээд байгаа гэх мэт. Энэ асуудлаар Усны газартай манай компани уулзалтууд хийхээр болсон, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
-“Оюутолгой”-н үйлдвэрлэл энэ жил “Онтре”-гийн эзэмшиж байгаа талбай руу орох уу. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тэр хэсэг багтсан уу?
-“Онтре”-гийн талбай бол Оюутолгойн ордын Панел 1 хэсэгт хамаардаг. Хамгийн хойд хэсэг буюу Панел 1-ийн тал нь “Оюутолгой”-н лицензэд, тал нь “Онтре”-гийн лицензэд хамаардаг. Төлөвлөгөөний дагуу бол Панел 0-ээсээ Панел 1 рүү шууд орох ёстой байсан. Гэвч бид Панел 0 дэх өөрийн талбай дахь ажлаа зогсоогоод Панел 2 руу орох гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Товчхондоо, энэ жил “Онтре”-гийн эзэмшилтэй талбай руу орохгүй, ажил хийгдээгүй. “Онтре”-гийн лицензтэй холбоотой асуудал 2027 ондоо шийдэгдлээ гэхэд төлөвлөсөн байгаа төсөөллөөр 2028 оноос Панел 1 рүү орно. Хэрвээ ойрын хугацаанд “Онтре”-гийн хэлэлцээр нааштай шийдэгдэж, манай хамт олон Панел 1-ийг хөгжүүлэх боломж бүрдвэл бүх талын үр өгөөжид эерэг нөлөөтэй, эдийн засгийн өгөөжтэй шийдэл юм. Одоо бол тодорхойгүй нөхцөлд байгаа учраас энэ жил ажил хийхээр төлөвлөгөөгүй байгаа.
-2026 онд хэчнээн ам.долларын чөлөөт мөнгөн урсгалтай ажиллана гэж төлөвлөсөн бэ, чөлөөт мөнгөн урсгалыг юунд зарцуулах вэ?
-Чөлөөт мөнгөн урсгал оны эцэст $2.6 тэрбум; хүрнэ гэж төлөвлөж байна. Энэ чөлөөт мөнгөн урсгалаар бид зээлүүдээ эхнээс нь төлнө. Эхлээд 15 банкнаас авсан $4.5 тэрбумын зээлийг аль болох хурдан төлж дуусгана.
Усны газрын дарга З.Батбаяртай уулзсан тухайгаа С.Мөнхсүх FB хуудсандаа өчигдөр орой мэдээлсэн байсан. “Оюутолгой болон Усны газрын аль аль нь усны нөөцийг хамгаалах, уул уурхайн нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, инженерийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүсээс бүрдсэн гэдгийг өнөөдрийн ярианаас тодорхой мэдэрлээ.
Бидэнд санал нийлж, нэгдмэл ойлголттой байгаа цөөнгүй асуудал бий. Харин зарим асуудлын хувьд шинжлэх ухаанд суурилж, харилцан хүндэтгэлтэй, хамтын ажиллагааны зарчим дээр тулгуурлан цаашид илүү үр дүнтэй ажиллах шаардлагатай байгаа.
Цаашдаа бид илүү ойр, нягт хамтран ажиллаж, нийтлэг зорилгодоо хүрэхийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэнэ. Бие биенээ анхааралтай сонсох, асуудлыг шийдэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр яриа хэлэлцээг тууштай өрнүүлж байж бидний ажил урагшилна гэдэгт санал нэгтэй байлаа” хэмээн бичжээ.
Тайлангийн онцлох тоонууд:
2.2 их наяд төгрөгийг татвар, хураамж бусад татварт төлжээ
Дотоодын эдийн засагт 4 их наяд төгрөгийн бодит урсгалыг бий болгожээ
1.5 их наядыг дотоодын худалдан авалтад зарцуулжээ
303.8 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн хэмжээнд худалдан авалтад зарцуулсан
Оюутолгой чиглэлд 80,523 зорчигч зорчсон нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2%-ийг бүрдүүлж байна. Энэ нь орон нутгийн агаарын тээврээр зорчсон 10 хүний 8 нь гэсэн үг
Нэг тонн хүдэр боловсруулахдаа 2026 оны нэгдүгээр улиралд нөхөн сэлбэлтээр 0.45м3 буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байна.




Leave a comment