Энэ оны 3-р сарын 1-нээс хэрэгжиж байгаа шинэ хууль Байгаль нуурын хувьд эргэн сэргэх аргагүй сүйрэл дагуулна хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна.

Монгол Улсын эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой хангахад чухал үүрэг гүйцэтгэх Эгийн голын УЦС-ыг барих монголчуудын хүсэл олон жилийн турш оросуудын зүгээс хал мөргөсөөр байгаа. Оросуудын хэлдэг тайлбар нь Эгийн гол дээр УЦС барьчихвал ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Байгаль нуурын экосистемд нөлөөлнө гэдэг.

Эгийн голын УЦС нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-рт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Сүүлийн мэдээгээр Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедиц хил дамнасан Сэлэнгэ мөрний усны дэглэм болон Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох судалгааг энэ 2026 онд хийж, оны сүүлээр хоёр орны Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

Хэдийгээр Оросын талаас ийнхүү Байгаль нуурыг хамгаалж байгаа гэдэг ч бодит амьдрал дээр нуурыг тойрон байгуулсан жуулчны олон баазууд, үйлдвэрийн газрууд илүүтэй хор хохирол болж байгаа нь үнэн юм. Нуурын хөлдүү мөсөн дээр жуулчдын бие засах газар суурилуулсаныг буруутгасан нэвтрүүлгийг саяхан Оросын телевизээр нэвтрүүлжээ.

Үүнээс гадна энэ оны 3-р сарын 1-нээс Байгаль нуурын экологийн бүсэд тодорхой нөхцөлтэйгөөр модыг бүрэн огтлохыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэлсэн нь Байгаль нуурын хувьд эргэн сэргэх аргагүй сүйрэл дагуулна хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна. Өнгөрсөн 2025 оны 12-р сард Төрийн Думаар баталсан энэхүү хуулийн төслийг байгаль хамгаалагчид эсэргүүцэн тэмцсэн ч хүчин мөхөсджээ.

Өнөөг хүртэл ой цэвэрлэх нэрээр мод бэлтгэл нуурын эрэг дагуу хийгдсээр байсан бөгөөд холбогдох зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд олгосоор байжээ. Одоо харин бүрэх эрх олгосон ийм хууль хэрэгжиж эхлэхээр мод бэлтгэлийн ажил улам өргөн далайцтай болно гэдгийг байгаль хамгаалагчид хэлсээр, бичсээр байгаа ч тэдний дуу хоолой хаа ч хүрэхгүй байгаа ажээ.

Байгаль нуурын экологийн бүсээс мод бэлтгэх ажлыг 1999 онд хуулиар хориглосон бөгөөд шинэ хууль хэрэгжиж эхэлснээр өмнөх хууль хүчингүй болж байгаа ажээ.

Шинэ хуулийг санаачлан батлуулсан хүмүүс нуурын эрэг орчмоор өвчилсөн мод ихэсч энэ нь нуурын усны цэвэр тунгалаг байдалд нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг гол үндэслэл болгосон байна. Тиймээс өмнө байсан шиг багахан талбайг хамарсан цэвэрлээний арга тохирохгүй учраас бүрэн хэмжээний устгал явуулах зөвшөөрлийг шинэ хуулиар олгожээ.

Мод огтлох зөвшөөрлийг Тусгай зөвлөл өгөх бөгөөд энэ зөвлөлд Төрийн Дум болоод Холбооны зөвлөлийн гишүүд, мөн Эрхүү болон Буриадын тэргүүн нар багтах юм. Зөвлөл зөвшөөрлийг Шинжлэх ухааны академийн болон төрийн шинжээчийг дүгнэлтэд үндэслэн гаргахаар хуульд тусгасан ч хуулийн энэ заалт бодит хамгаалалт болж чадахад байгаль хамгаалагчид ихээхэн эргэлзэж байгаа юм.

Өнгөрсөн 2025 оны 9-р сард 90 гаруй академик, эрдэмтэд Ерөнхийлөгч Путинд хандан энэ хуулийг гаргахгүй байж, Байгаль нуурыг хамгаалахыг хүссэн ч үр дүнд хүрээгүй байна.

Leave a comment

Trending