Энэ 2026 онд шинээр хоёр эх үүсвэр ажиллаж эхлэх ч гэлээ өвлийн ид оргил ачааллыг давахад 150 МВ-ын эрчим хүч сох дутна, тиймээс үүнийг цахилгаан хязгаарлаж байж л давахаас өөр арга байхгүйг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлж байна.

“Бодит үнэнийг эртхэн хэлэх ёстой. Монгол Улсын хувьд хамгийн хэцүү гэж хэлж болохоор өвөл болно. Өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ энгийн үеийнхээс 7-8%-иар өсдөг. 2026 онд хоёр эх үүсвэр шинээр ашиглалтад орохоор байна. Тухайлбал, Сэлэнгэ аймагт хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 70 МВт-ын станц баригдаж байгаа, ирэх 7-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хоёр дахь нь БНХАУ-аас 80 МВт цахилгаан эрчим хүч импортлох дэд бүтцийг барьжбайна” хэмээн Б.Найдалаа хэллээ.

2024 оноос хойш 560 МВт-ын шинэ эх үүсвэр ашиглалтад орсон ч улам өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангаж чадахгүй байгаа юм. Мөн хэд хэдэн шинэ эх үүсвэр барих ажил эхэлж байгаа ч ашиглалтад орох болоогүй учраас ирэх өвлийг хэрэглээг хязгаарлаж давахаас өөр гарцгүй байдалд бид байна.

Өнгөрсөн долоо хоногт таван байршилд сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцыг өвлөөс өмнө ашиглалтад оруулахаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргасан. Энэ шийдвэрийг хугацаанд нь хэрэгжүүлж чадвал 240 МВт сэргээгдэх эрчим хүчний чадлыг бий болгох юм.

2025 оны өвлийн оргил ачаалал 1803 МВт-д хүрч, нийт хэрэглээ 12.6 тэрбум кВт.цаг болжээ.

Ажил нь эхэлсэн шинэ эх үүсвэрүүд:

-“Дулааны V цахилгаан станц”,

-Баян сумын 660 МВт,

-Сэлэнгэ аймагт 70 МВт,

-Тосонцэнгэлд 30 МВт-ын станцуудын ажил хийгдэж байна. Эдгээр эх үүсвэрүүд товлосон хугацаандаа ашиглалт орвол 2027 оноос эрчим хүчний хэрэглээгээ хангах боломж бүрдэх юм.

Эрчим хүчний салбарт тарифын шинэчлэл хйих, салбарын засаглалыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих гэсэн бодлогыг баримталж байгаагаа сайд хэлсэн. Үүнээс гадна төрийн өмчит эрчим хүчний компаниудын хувьцааг 2026-2028 онд биржээр нээлттэй худалдах, хувьчлах, өөрчлөн байгуулах бодлого хэлэлцэгдэж байгаа ажээ.

Өнгөрсөн 2025 онд цахилгаан, дулааны тарифыг нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч цахилгааныг л нэмэгдүүлж, дулааны нэмэгдлийг хойшлуулснаар эдүгээ эрчим хүчний салбарт 225 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Цахилгааны тарифын нэмэгдлээр борлуулалтын орлого 560 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч импортын цахилгааны үнэ, түлш, тээвэр, цалин, засварын зэрэг зардлынг хааж чадахгүй байна. “Иймээс эрчим хүч, дулааны тарифыг бодит өртөгт суурилан тогтмол индексжүүлэн, нэмэгдүүлнэ” хэмээн сайд хэллээ.

Дотоодын ийм хүндрэл дээр гадаад хүчин зүйлийн нөлөө ч бас салбарт нэмэлт дарамт болох нь тодорхой болоод байна. “Биднээс шалтгаалахгүй хүчин зүйл нөлөөлж байна. Олон улсын дайны нөхцөл байдалтай холбоотойгоор шатахуун, бензиний үнийн хэлбэлзэл эрчим хүчний салбарт нөлөөлнө. Өрөнд дарамт учруулж байгаа. Салбарын алдагдал, өр нэлээд хуримтлагдсан том дүн байгаа. Шийдэхийн тулд хоёр аргаар ажиллана. Иргэдэд, ААН-д дарамтгүйгээр үнэ тарифыг зохистой түвшинд хүргэнэ, үүнийг шууд үнэ нэмнэ гэж гуйвуулж болохгүй. Нөгөө талаас эрчим хүчний салбарын хариуцаж хийх ажил бол өртөг бууруулах. Хулгай, үр ашиггүй зардлуудыг бууруулж байж өртөг буурна. Урт хугацаандаа, гурван жилдээ багтан эрчим хүчний салбарын үнэ тариф болон худалдаж, худалдан авч байгаа аль аль талдаа дарамтгүй хэвийн түвшинд оруулах бодлого бий” гэлээ.

2026 онд ашиглалтад орох болон цаашид хэрэгжүүлэх эх үүсвэрийн томоохон төслүүд

Н.ЗАМБАГА

Leave a comment

Trending