Сэтгүүлчид, улстөрчдийн дунд “гүтгэх” гэдэг заалтыг хэрхэх талаарх хэрүүлийн алим дахин босч ирлээ.
Урьдын адил сэтгүүлчид нь энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулахыг эсэргүүцэж, улстөрчид нь Эрүүгийн хуульд суулгаж өгөх гэж зүтгэсэн хэвээр.
Гүтгэх, доромжлох гэсэн заалт нь социализмын үеэс Эрүүгийн хуульд байсан зохицуулалт бөгөөд Монгол Улсад хэвлэл нийтлэх эрх чөлөөг хуулиар тунхагласнаас хойш энэхүү зохицуулалт нь улстөрчдийн зүгээс хэвлэлийнхнийг намнах, амыг нь барих, залхаан цээрлүүлэх, айлгах, сүрдүүлэх зэрэг олон зорилгоор ашиглаж ирсэнийг сэтгүүлчид эсэргүүцсээр ирсэн түүхтэй.
Олон улсын холбогдох байгууллагын зүгээс ч Эрүүгийн хуулиас эдгээр зохицуулалтыг хасч, Иргэний хуулиар зохицуулахыг байнга зөвлөж ирсэн.
Гүтгэхтэй холбоотой заалтыг хэрхэн зохицуулж ирсэн өөрчлөлт нь Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийн урагшлах, эсвэл ухрахад нөлөөлж ирсэн байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулиас энэ заалтыг авч Зөрчлийн тухай хуульд оруулсан жилийн индекс урагшлахад шууд нөлөөлсөн байдаг.
Зөрчлийн хуулиас авч буцаан Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэсэн нэрээр буцаан оруулахад индекс ухарсан. Эрүүгийн хуулийн 13.14-д суусан энэ заалт Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг энэ 2026 оны эхээр гаргасан нь энэ онд Монголын индекс 17 байраар урагшлахад мөн нөлөөллөө.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн дагуу 13.14-ийг одоо хааш нь нь аваачиж шургуулах, ямар байдлаар шургуулах талаар яриа ид өрнөж, УИХ-д үүнийг зохицуулах Ажлыг хэсэг ажиллаж байна.
Байдлыг харахад улстөрчид гүтгэх заалтын талаарх “унаган араншин”-аа гээх хүсэлгүй байна. Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу, Зөрчлийн хуулиасаа зүсээ хувилган буцаад Эрүүгийн хуульд орж ирсэн байсныг зүс хувилгасан томъёоллыг шууд утгаар нь хэрэглэхээр яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд “Гүтгэх” гэсэн заалт буцан амилна гэсэн үг.
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр хориг тавиулаад байгаа Эрүүгийн хуулийн 13.14 нь “Худал мэдээлэл тараах” гэсэн заалт нь хэн ч уншсан хэт ерөнхий зохицуулалт болох нь ойлгомжтой байсан. Энэ томёоллын дор хүний гэм бурууг нарийвчлан тогтоох боломжгүй, хүсвэл болгоомжгүй алдаа гаргасан иргэдийг ч яллах эрсдэлтэй байсан.
Энэ удаад гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд “14.10 дугаар зүйл. Гүтгэх” гэсэн шинэ заалт болгон нэмэхээр УИХ төлөвлөж, зохицуулалтыг илүү нарийвчлах гэжээ. Тухайлбал, худал мэдээллийг “мэдсээр байж”, эсхүл “зориуд бэлтгэж” тараасан байх нөхцөл тавьжээ. Мөн зөвхөн “нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой” байхыг шаардаж, түүнийгээ тухайн зүйл дэх тайлбар хэсэгтээ тодорхойлж өгчээ. Тухайлбал, нийтийн ашиг сонирхолтой холбоотой, улстөрчийг шүүмжлэх, эх сурвалждаа тулгуурлах, үнэн гэж итгэх бодит үндэслэл байсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэх чухал заалтууд оржээ.
Ажлын хэсэгт орсон сэтгүүлчдийн төлөөллийн зүгээс урьдын адил энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуудиар биш Иргэний хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууриа баримталсаар байгаа гэж ойлгож байгаа.
“Эрүүгийн хуулиар тухайн асуудлыг зохицуулах нь нийгэмд “айдас төрүүлэх үр дагавар”-ыг бий болгодог нь хамгийн хортой. Иргэний хэрэг дээр хэн нэгнийг цагдан хорих, гэр оронд нь нэгжлэг хийх ёсгүй бол Эрүүгийн хэрэгт эдгээр албадлагын арга хэмжээг авдаг. Энэ нь гэм буруутай эсэхээс үл хамааран зөвхөн шалгах, шалгуулах процесс нь өөрөө шийтгэлийн шинжтэй болгодог. Иргэний хэргийн шүүхэд талууд тэгш эрхтэй мэтгэлцдэг бол Эрүүгийн хэрэгт төрийн асар том машин (цагдаа, прокурор) иргэний эсрэг ажилладаг. Бид нэр төр сэргээх маргааныг эдийн засгийн хариуцлагаар буюу иргэний шүүхээр шийддэг соёл руу шилжих ёстой. Гэвч улстөрчид өөрсдийгөө шүүмжлэлээс хамгаалуулах үүднээс төрийн хүчийг ашиглах сонирхолтой хэвээр байна” хэмээн хуульч Л.Галбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Нөгөө талаас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ хуулийн хугацаанд нь хариу үйлдэл үзүүлээгүй байснаа гэнэт шуурхайлан богино хугацаанд хуульд нэмэлт оруулахаар шахамдуулж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 84.3-т “Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ 2025 оны 12-р сарын 30-ны өдөр хүлээн зөвшөөрчээ. Түүнээс хойш гурван сар гаруй хугацаанд 13.14-ийг хүчингүй болгох хуулиа батлалгүй өнөөдрийг хүрчээ.
“Эрүүгийн хуульд шинээр “14.10 дугаар зүйл. Гүтгэх” гэж нэмэх гэж байгаа бол Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн төслийн холбогдох судалгаануудыг хийх, олон нийтээр хэлэлцүүлэх, УИХ-д үзэл баримтлалын хувьд хэлэлцүүлэх гэх мэт шинээр бүх процессыг эхлүүлж, үргэлжлүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотой хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хялбаршуулсан процессыг ашиглаж байгаа нь хардлага дагуулж байна” гэж хуульч Л.Галбаатар хэлжээ.




Leave a comment