Өнгөрсөн Баасан гаригт Бээжингийн хамгийн өндөр цамхаг CITIC-ийг жижиг оврын онгоцоор мөргөсөн хэрэг гарсан. Бээжингийн зүгээс энэ ослын талаарх мэдээлэл, дүрс, бичлэгийг түгээхийг тэр даруй хязгаарласан ч дэлхий даяар хангалттай цацагдсан. Өнгөрсөн хоногуудад ч Хятадын дотоодын олон нийтийн сүлжээнд тавигдсан осолтой холбоотой мэдээлэл тэр даруй устгагдсаар байгаа.

Мэдээллийг хязгаарласан ч онгоц жолоодож явсан нисгэгч нас барж, 13 хүн гэмтэж бэртжээ. Энэ хэрэг 2001 оны 9-р сарын 11-ний хэрэг явдлыг дэлхий нийтэд санууллаа.

Осол 2026 оны 6-р сарын 26-ны Баасан гаригийн орой ажил тарах үеэр гарсан. “B-12PP” бүртгэлийн дугаартай, хоёр хүний суудалтай, спорт зориулалтын бага оврын нисэх онгоц цамхгийн зүүн талыг мөргөж, цамхгийн гаднах шилэн фасадын 2 ч хавтанг хагалсан.

Бээжингийн төвийн өндөр хамгаалалт бүхий орон зайд энэхүү онгоц яаж нэвтэрч чадав гэдэг асуулт хамгийн сонирхолтой. Зөвхөн Бээжин төдийгүй Хятадын агаарын орон зай маш өндөр хамгаалалттай, агаарын орон зайн 70%-ийг цэргийнхэн хянадаг.

CITIC цамхгийг анх баригдаж эхлэх үеэс л энэ цамхгаас Хятадын Коммунист намын Жуннаньхай дахь төв байрыг хянах боломжтой юм биш үү гэсэн яриа гарч байжээ. Төв байр цамхгаас ердөө хэдэн км-ийн зайд оршдог бөгөөд цамхгийн хотыг тольдох зориулалтын талбайгаас намын байр тодхон харагддаг.

Ослын талаарх олон янзын таамаг дэвшүүлж байна. Тухайлбал, Хятадын коммунист намын дэглэмийг эсэргүүцэгч зориудаар амиа хорлосон гэсэн таамаг. Хятадын бүх өнцөг булан бүрт Коммунист намын дэглэмийг эсэргүүцсэн үйлдэл бүрийг цаг алдалгүй таслан зогсоодог ч ийм тохиолдол гарсаар байгаа. Бээжинд ч мөн адил. Хамгийн сүүлд гэхэд Бээжингийн хүн ихтэй зах руу бульдозераар дайрч орсон хэрэг энэ онд гарчээ. Ийм үйлдлийг таслан зогсоосны дараа олон нийт энэхүү үйл явдлын дараа мэдэх хүсэл нь улам оргилж, энэ төрлийн мэдээллийг идэвхтэй хайж эхэлдэг нь хятадуудын хувьд зуршил болжээ.

1994 онд Ардын чөлөөлөх армийн нэгэн офицер 20 гаруй хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсан. Хохирогчийн дунд Ираны дипломат ажилтан хүртэл байсан. Доод тушаалын цэргүүдийнхээ зодооны хэрэгт буруутгагдан сахилгын шийтгэл хүртсэндээ хорсч ийм хэрэг хийсэн хэмээн албан мэдээ цацагдсан ч үнэндээ Коммунист намын “Нэг хүүхэд” бодлогын дагуу 7 сартай жирэмсэн эхнэрийг нь хүчээр үр хөндүүлсэний дараа офицер ийм хэрэг өдөөсөн байдаг.

Хятадын Коммунис нам 1999 онд Фалунгун хөдөлгөөнийг хориглосныг тус хөдөлгөөний 5 хүн эсэргүүцэн 2001 онд Тяньаньмин талбайд өөрсдийгөө шатаасан хэрэг гарсан. Хятадын эрх баригчдын зүгээс энэ хэргийг харин эсрэгээр өргөн сурталчилж, Фалунгун хөдөлгөөнийхнийг нийгэмд буруушаах, хөдөлгөөний гишүүн болон дэмжигчдийг баривчлах шалтаг болгон ашигласан.

Баасан гаригийн ослын талаарх өөр нэг таамаг нь эсэргүүцэл биш харин ч Хятадын нийгмийн даабль стандарт байх гэсэн таамаг. Авторитар дэглэмийн нэг онцлог нь хууль, журмыг зөрчиж болдог, үүнийхээ хариуд ямар нэг шийтгэл, хариуцлага хүлээдэггүй хэсгийг бий болгосон байдаг.

Коммунист намын шийдвэрээр 2006 оноос хойш Бээжингийн зарим нэг дүүрэгт том нохойг тэжээхийг хориглосон. Гэсэн ч том нохойнд тооцогддог төвөд банхар тэжээх нь саяхныг хүртэл баячуудын нэг ялгарах онцлог хэвээр байсан. Хэрвээ чи баян бол төвөд банхар дагуулаад явж байхад чамайг цагдаа зогсоохгүй. Ши Жиньпин баячуудын тансаг хэрэглээтэй хүчтэй тэмцэж эхэлснээс хойш харин энэ зуршил үгүй болжээ.

Хятадын баячуудын сүүлийн үеийн нэг трэнд нь хувийн онгоц хөлөглөх явдал болсон. Хятадад хувийн онгоцтой байхын тулд өндөр түвшний хэлхээ холбоотой байх хэрэгтэй. Хятадын цэрэг армийнхны авлига, хээл хахуультай тэмцэж эхэлснээс хойш ил болсон баримтаар агаарын орон зайд хувийн онгоцоороо чөлөөтэй зорчдог баячууд бий болсныг хятадууд мэдсэн.

Гэхдээ олонх хятад иргэд энэ хэргийг санаандгүй осол байсан гэж таамаглаж байна. Хэн нэгэн боломжийн баян хүн Бээжин хотын дээгүүр нисэх зөвшөөрөл аваад, магадгүй хотын дурсгалт газруудыг үзэх зорилгоор нисч яваад гэнэтийн техникийн саатал гарч осолдсон гэж таамаглаж байна.

Хэдий тийм байлаа ч зөвшөөрлийг тойрсон мөрдөн шалгалт ид хийгдэж байна. Бээжин хотын захиргааны хэн нэгэн энэ ослын улс төрийн хариуцлагыг хүлээнэ гэж таамаглаж байна.

Баасан гаригийн энэ ослоос хойш хувийн онгоцны нислэгийг Хятад даяар түр хориглох шийдвэр гарсан бөгөөд цаашид хувийн онгоцтой холбоотой дүрэм, журам чангарна гэж таамаглаж байна.

Leave a comment

Trending