Хятадын компаниудтай хийж буй 1.1 тэрбум австрали долларын дүнтэй хамтын ажиллагааны хэлцэл амжилттай болбол ирэх 2027 онд үйлдвэрлэлийн өрөмдлөгөө эхлүүлнэ хэмээн Jade Gas Holdings компани мэдэгдлээ. Ирэх 9-р сард багтаан санхүүжилтийн эцсийн гэрээ байгуулбал Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлэх ажээ.
Хятадын “PT Beijing Energy Linking”, “PetroChina”, “Hunan Geology & Mining Technology” компаниудаас бүрдсэн консорциум өнгөрсөн 7-р сард Jade Gas-тай хамтын ажиллагааны хэлцэл хийж, төслийн эхний шатны хөгжүүлэлтэд шаардагдах 762.5 сая ам.доллар буюу 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийг бүрэн хариуцах санал тавьсан.
Хэлцэл амжилттай болж гэрээгээ эцэслэвэл инженерчлэл, ложистик, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 2026 онд багтаахаар төлөвлөжээ. Өрөмдлөгийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд 175 олборлолтын цооног өрөмдөхөөр тооцоолж, 2027 оны 2-3-р сард төслийн талбайд 10 хүртэлх тооны өрөмдлөгийн машин байршуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна төслийн “Улаан нуур” талбайгаас эхний ээлжид 40 гаруй цооногийн хийг боловсруулах шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр байгуулахаар судалж байгааг мөн мэдээллээ.
Гэрээнд санал болгож буй бүтцээр төслийн эзэмшил Jade Gas-д хадгалагдах бол PTBEL-ийн консорциум метан хийн борлуулалтын орлогоос хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тусгажээ. Тодруулбал хөгжүүлэлтийн зардал бүрэн нөхөгдөх хүртэл PTBEL татвар, роялтигийн дараах борлуулалтын орлогын 80 хувийг хүлээн авах юм байна. Харин цооногуудын олборлолтын үлдсэн хугацаанд Jade Gas-д орлогын 70 хувь нь, “PT Beijing Energy Linking”-д 30 хувь нь ногдохоор хуваарилжээ.
175 цооногоос бүрдсэн эхэн шатны хөтөлбөр нь Jade Gas-ийн урт хугацааны төлөвлөгөөний ердөө багахан хэсэг нь юм.





Leave a Reply